Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Оюутолгойн уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс хангах гэрээний төслийг эцэслэн боловсруулснаа мэдээлсэн. Улмаар “Оюутолгой” компанийг эрчим хүчээр урт хугацаанд хангах хэлэлцээг баталгаажуулж, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” болон холбогдох байгууллагууд, “Оюутолгой” компанийн төлөөлөл гарын үсэг зурав. Ингэснээр уурхайн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос ханган, жилд 120 сая ам.долларыг Монголын эрчим хүчний салбарт төвлөрүүлэх боломж бүрдэх аж. Мөн 450 мВт хүчин чадалтай “Тавантолгой” цахилгаан станцыг байгуулах бөгөөд эхний ээлжийг нь 2024 онд ашиглалтад оруулахаар тооцжээ. Ташрамд дурдахад, өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах зорилгоор 670 км урт, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, өндөр хүчин чадлын 220 кВ-ын гурван дэд станцыг 2021 онд ашиглалтад оруулсан билээ.