Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, "Засгийн газрын хуралдаанаар сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг хоёрдугаар сарын 14-нөөс 5/9 зарчмаар хичээллүүлж, хоёрдугаар сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлнэ. Хөдөө орон нутагт ногоон бүсэд байгаа үед сургалтыг 100 хувь танхимаар зохион байгуулна. ЕБС-ийн сурагчдад хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа ба ялангуяа 1-3 дугаар ангийнханд байна гэсэн дүгнэлт гарсан.
Омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас хичээл эхлэх хугацааг нэг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй. Цаашдаа халдварын тохиолдол буурах болов уу гэсэн таамаг байгаа юм. Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг 14-нд нээхийг хүсэж байгаа бол цагаан сарын баярыг хөл хязгаартай, зөвхөн гэр бүлийнхээ орчинд цөмхөн тэмдэглэхийг уриалж байна.
Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиудын хичээл хоёрдугаар сарын 7-ноос цахимаар 14 хоног үргэлжилж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэнэ. Сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэг дагаж амардаг байсан. Сүүлийн хоёр жил хөл хориотой байсан ч хүүхдүүдээ аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан. Өнөөдөр ч гэсэн цэцэрлэгт хүүхдүүдээ хамруулж буй. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3-5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулна" гэлээ.