Цагаан хад болон Гашуунсухайт боомтоос ачаа тээвэрлэдэг жолооч нарын ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Тэд "Хилийн боомтод тээвэрт явахын тулд тээвэрчид 11-24 хоногийн хугацаанд тусгаарлагдаж байна. Ингэхдээ тээвэрчдийг 10-30 хүний бүрэлдэхүүнтэй тусгаарладаг. Үүнийгээ бөмбөлөг гэж нэрлэдэг. Хэрэв бөмбөлөгт нэг хүн Ковид19-өөр өвдсөн бол бусад жолоочийг ар гэр лүү нь явуулдаг байв. Тэдгээр жолоочийг сүүлийн үед долоо хоногийн хугацаанд тусгаарладаг болсон. Өнөөдрийн байдлаар Цагаан хад хилийн боомтод 150 бөмбөлөг байна. Нийт таван мянга хоёр зуун хүн гэсэн үг. Тусгаарлаж буй нэг хүн 120 мянган төгрөг төлдөг. Үүнээс харахад нийт тээвэрчид өдөрт 640 сая төгрөгийг бүрдүүлж байна. Харин нэг сард 18 тэрбум төгрөг болж байна.
Мөн тээвэрчдийн хил нэвтрэх хуваарийг боомтын зөвлөл гаргадаг. Энэхүү хуваариар танил, хамаатан садны жолоочоо гаргадаг болоод удаж байна. Гэтэл нөгөө талд нь хил нэвтэрч чадахгүй үргүй зардал гаргаад, тээвэрт яваагүй багадаа 30 хоносон, хамгийн ихдээ зургаан сар урд гацсан жолооч нар байна. Иймээс бид тус боомтын зөвлөлд тээвэрчдийн энэ асуудлыг хурдан шийдэж өгөхийг шаардаж байгаа юм" гэлээ.
Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайханыг Цагаан хад хилийн боомтод очиж, нөхцөл байдалтай өөрийн биеэр очиж танилцахыг шаардав. Өдөрт 100 орчим тээвэрчин хилээр нэвтэрч байна. Хилээр нэвтэрч буй тээвэрчдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрэв энэхүү асуудлыг шийдэж өгөхгүй бол тээвэрчдийн ар гэрийнхэн Сангийн яамны гадаа ганц ул боовоор идээ засаад суулт хийнэ гэдгээ илэрхийлэв.