Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсад үүсээд байгаа үймээн самуунтай холбогдуулан Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудаас тусламж хүссэний үндсэн дээр ХАБГБ-ын Зөвлөл Энхийг сахиулах хамтын хүчийг Казахстанд хязгаарлагдмал хугацаагаар илгээх шийдвэр гаргажээ. Энэ тухай тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Владимир Зайнединов мэдэгдсэнийг “ТACC” уламжлав.
"Казахстан улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас тусламж хүссэн өргөдлийг тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар хүлээн авлаа. Бий болоод буй нөхцөл байдлыг гадаадаас бэлтгэгдсэн террорист бүлэглэлүүдийн халдлага гэж үзэж Казахстаны тал үзэж байна. ХАБГБ-ын Зөвлөлийн гишүүд зөвлөлдсөний үндсэн дээр Казахстан улсад нөхцөл байдлыг тогтворжуулах, хэвийн болгох зорилгоор тус байгууллагын Энхийг сахиулах хамтын хүчийг хязгаарлагдмал хугацаагаар илгээх шийдвэр гаргалаа” гэж Зайнединов хэлсэн байна.
ХАБГБ-д Армен,Казахстан, Киргиз, ОХУ, Тажикстан, Узбекистан гэсэн зургаан улс ордог юм.
Казахстан улсад ахуйн шингэрүүлсэн хийн үнийг чөлөөлж бараг хоёр дахин өссөний улмаас энэ сарын 2-ноос эхлэн үймээн самуун дэгдээд байна. Казахстан нь газрын тосны олборлолтоор дэлхийн тэргүүлдэг улсуудын нэг бөгөөд байгалийн хийн олборлолтоор эхний 20-д багтдаг юм.
Тус улсын төрийн тэргүүн Кассым-Жомарт Токаев үүссэн нөхцөл байдалд Засгийн газрыг буруутган бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй юм.
Газар аваад буй эмх замбараагүй байдалтай холбогдуулан тус улсад онц байдал тогтоосон ч эсэргүүцэгчид хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн үргэлжилсээр байна.
Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн хүний тоо 500 гарч, хэдэн арван хүн нас баржээ.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар эсэргүүцэгчид Үндэсний Аюулгүй Хорооны байр руу дайран орж эзлээд байгаагаас гадна Алматы хотын нисэх буудал тэдний гарт оржээ. Үүний улмаас олон улсын нислэгүүд цуцлагдсан байна.
Мөн Алматы хотын захиргааны ордон руу шатамхай шингэн шидэж шатаажээ.
Олон арван дэлгүүр худалдааны байгууллагуудыг тонон дээрэмдэж, энд тэндгүй машинуудыг шатааж байна.
Алматы хотын гудамжаар идэвхтэй буудалцаан болж байгаа учираас зарим гадаадын орны төлөөлөгчдийн газрууд хаагджээ.
Харилцаа холбоо, интернет ажиллахгүй байна