Европийн сэргээн босголт хөгжлийн банкнаас “Төв Ази дахь Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсыг хамруулахаар шийдвэрлэсэн. Иймд Монгол Улсын Жендэрийн Үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдаас Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг бэхжүүлэх, хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажиллагааны хүрээнд уг хөтөлбөрийн төслийн Монгол дахь Удирдах зөвлөлийг 27 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяаг томилсон. Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдааныг зургадугаар сарын 28-нд зохион байгуулж тус хурлаар Удирдах зөвлөлийн ажиллах журам, төлөвлөгөөг баталсан юм. Энэхүү төсөл нь Монгол Улсын жендэрийн бодлогын үр нөлөөг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, жендэрийн мэдрэмжтэй эдийн засгийн бодлого ба хууль эрх зүй, зохицуулалтын шинэчлэл хийх, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих бодлого боловсруулах, санхүүгийн оролцоо, эдийн засгийн чадавхыг бэхжүүлэхэд төр, хувийн хэвшлийн бодлогын яриа хэлэлцээний механизмыг бий болгох зэргээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоог дээшлүүлэхэд чиглэж байна. Удирдах зөвлөл нь Монгол Улс дахь Жендэрийн мэдрэмжтэй хөрөнгө оруулалтын орчин сэдэвт бодлогын хэлэлцүүлгийг төр болон ТББ, түншлэгч олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулав. Энэ үеэр эмэгтэй бизнес эрхлэлтийг хууль зүйн талаас нь тодорхойлох, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ковид цар тахлын үед эмэгтэйчүүдийн бизнест учирч буй бэрхшээлийг даван туулахад туслах, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааг илүү нарийвчлан төлөвлөхөөр тохиролцов.
Монголын нийт жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 68 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй. Хэлэлцүүлгийн үр дүнд эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тус төлөвлөгөөнд Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Эмэгтэй бизнес эрхлэгчдийн зөвлөл, Монголын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг Удирдах зөвлөлийн гишүүн байгууллагуудын саналыг тусгасан байна. Цаашид Удирдах зөвлөл нь хувийн хэвшил, иргэний нийгэм, бусад олон улсын хөгжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж, тодорхой үүрэг хариуцлага, хугацаатай арга хэмжээ бүхий зөвлөмжийг төрийн байгууллагуудад хүргүүлэх юм.