Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний музейд “ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музейнхэн хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд 1911 оны үндэсний эрх чөлөөний, 1921 оны үндэсний ардчилсан, 1990 оны ардчилсан хувьсгалтай холбоотой архивын 60 гаруй баримт, гэрэл зураг, баримтат кино, 130 эд өлгийн зүйл, үзмэр дэлгэжээ. Тухайлбал, шашин, төрийг хослуулсан өдрийг жил бүрийн өвлийн дунд сарын шинийн 9-нд тэмдэглэх тухай Богд хааны 1912 оны нэгдүгээр сарын 11-нд гаргасан зарлигийг олон нийтэд толилуулж байна. Мөн баргил чулуун дээр үлдээсэн Богд хааны мутрын тэмдгийг дэлгэжээ. Үүнээс гадна Орос улсаас тусламж хүсэж очсон Монголын хувьсгалчдын гүйцэтгэх ажлыг хуваарилсан бичиг, хойд хөршөөс тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог зэрэг түүхэн баримтыг “ХХ зууны Монгол ба гурван хувьсгал”-аас үзэх боломжтой. Уг үзэсгэлэн ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ.