Эрүүл мэндийн даатгалын сангийн болон бусад хууль, тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсгийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулав. Байнгын хорооны дарга М.Оюунчимэг төсвийн тодотгол болон цаг үеийн байдалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, чуулганы завсарлагын хугацаанд зайлшгүй ажиллах шаардлага үүсэж буйг онцолсон.
Ажлын хэсгийн ахлагчаар гишүүн Д.Батлут
Бүрэлдэхүүнд нь гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, Ц.Туваан, Ц.Сандаг-Очир, П.Анужин, Б.Бейсен, Ж.Чинбүрэн нарыг томилов.
Мөн С.Бямбацогт нарын 15 гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулав. Анх гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах төсөл танилцуулсан ч гишүүн Н.Энхболд “Энэ нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрх зүйн шинэ зохицуулалтыг бий болгоход чиглэсэн чухал ач холбогдолтой, том хууль болох учраас ажлын хэсгийн гишүүдийн тоог нэмэх, болж өгвөл ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулах нь зохимжтой” хэмээн тодотгосон. Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулах, эсэх талаар парламентын удирдлагатай зөвлөлдсөний үндсэн дээр ийн шийджээ.
Мөн гишүүн Д.Тогтохсүрэн уг хуулийн төсөл нь төрийн институц хоорондын харилцаа, хяналт-тэнцлийг хангах, эрх зүйн цоо шинэ харилцааг зохицуулахад чиглэж байгаа чухал хууль учраас ажлын хэсгийн гишүүдийн тоог нэмэх саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улмаар МАН-ын бүлгээс гишүүн Ц.Мөнх-Оргилыг ажлын хэсэгт нэмж оруулах саналаа хэллээ. Түүнчлэн ажлын хэсгийн ахлагч нь парламентад олон удаа сонгогдож ажилласны зэрэгцээ Засгийн газрын үйл ажиллагааг сайн мэддэг, парламент дахь олонх, цөөнхийн харилцаа, харилцан тэнцлийг зохицуулах мэдрэмж, чадвартай гишүүн байх шаардлагатай гэж үзсэний дээр энэ бүх шалгуурыг хангаж ажиллаж чадах гишүүний хувьд Н.Энхболдоор ахлуулах саналтай байгаагаа уламжилсан юм. Гэсэн ч гишүүдийн олонх нь түүний саналыг дэмжээгүй бөгөөд ажлын хэсэгт гишүүн А.Адъяасүрэн, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарыг нэмж, найман хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.