“Монгол Улсын хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Хүнсний салбарын голлох төлөөлөгчид тогтолцоогоо хэрхэн хөгжүүлэх арга зам, гарц, шийдлээ ийн ярилцаж, гаргасан санал, үр дүнгээ ирэх есдүгээр сард болох НҮБ-ын Хүнсний тогтолцооны дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм байна. Үүнээс өмнө хэд хэдэн цуврал хэлэлцүүлэг хийгээд буй бол энэ удаагийнхыг Засгийн газар, НҮБ хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон. Тэрбээр хүнс, эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай хэмээн байр сууриа илэрхийлэв. Ерөнхий сайд “Уул уурхайгаас гадна хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, тээвэр, ложистикийн салбарыг тэргүүлэх салбар гэж үзнэ. Импортоос 90 хувийн хамааралтай байдлаа халж, хэрэгцээгээ дотоодоос бүрэн ханган, хүнс экспортлогч орон болох зорилтоо биелүүлнэ. Хүнсний тогтвортой тогтолцоо бүрдүүлэх нь хүний хөгжил, амьдралын чанарыг сайжруулаад зогсохгүй нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил бий болгоход ихээхэн хувь нэмэртэй. Үүнд хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага гээд олон талын оролцоо чухал. Засгийн газар бүх талаар дэмжинэ” гэлээ. Мөн нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд дээгүүрт ордог ч малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний экспорт хангалтгүй байгаа нь цогцоор нь шийдээгүйтэй холбоотойг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр “Төр, засаг бодлогын зохицуулалт хийх ёстой. Иргэд, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын урдуур орж бүгдийг хийх боломжгүй. Чадахгүй зүйлийг нь шийдвэрлэхэд оролцоно. Бизнес эрхлэхэд нь макро болон эдийн засгийн бусад нөлөөллөөс харьцангуй бага байлгах нь л төрийн гол зорилго. Бодлогоор дэмжих, хамтран ажиллах, хувийн хэвшилтэйгээ түншлэх байр суурьтай байна” хэмээсэн юм. Мөн хүнсний “тусгаар тогтнолоо” хангаж, жингийн илүүдэлгүй, элдэв өвчингүй, эрүүл, идэвхтэй иргэдтэй Монгол байхын төлөө энэ салбарын тулгамдсан асуудлыг хамтдаа өөрчилж, шинэ түвшинд гаргахыг уриалав.
Харин “Тогтвортой хүнсний тогтолцоонд шилжих асар их боломж нөөц Монгол Улсад байна. Тэр үйл явц хэдийн эхэлсэн. Энэ салбарын шинэчлэлийн үр дүнд хүн амыг шим тэжээлтэй, эрүүл хүнсээр хангаж, иргэдийн амьжиргаа, амьдралын чанар сайжирна” гэж НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хэллээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа цар тахлын үеийн хямралыг хүнсний тогтолцоогоо илүү хүртээмжтэй, тогтвортой, тэсвэртэй болгож тэнцвэржүүлэх, өөрчлөн сайжруулах боломж бүрдүүлэх хэрэгтэй гэж үздэгээ хэлэв.
Бэлтгэсэн У.Наран