Цар тахлын халдвар хавтгайрсан энэ үед уяачид яагаад наадам зохион байгуулахыг шаардаж, морьтойгоо жагсав. Бөхчүүд бас яагаад холбоогоороо дамжуулан барилдах хүсэлтэй байгаагаа байн байн илэрхийлэв гэдгийг ойлгож ядах юмгүй. Тэд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийг хичээн, улмаар давшлаад байсан хэрэг. Зарим нь морьдоо бүтэн жил арчилж бэлтгэсэн. Хөдөлмөр мөн үү, мөн. Уралдуулахад айргийн тавд ирдэггүй юм гэхэд дээгүүр давхисан хүлэг нэлээд гайгүй үнэд хүрнэ. Ашиг шүү дээ. Бөхчүүд улсын наадмаар яаж мөнгө олохоо сайн мэддэг. Товчхондоо, тэд чаддаг чаддагаараа ашиг олж, амьдралаа өөд нь татах гэж зүтгээд байсан нь тэр.
Манай улсад хөдөлмөр эрхлэх талбар, суваг жил ирэх тусам хумигдсаар. Ажилгүйчүүдийн тоо өссөөр. Ажилгүйчүүдийн тоо албан ёсны бүртгэлээр бол 2019 оны IV улирлын байдлаар 127.7 мянгад хүрсэн байв. Энэ нь цар тахлаас өмнөх үзүүлэлт. Үүнээс хойш бараг хоёр жил өнгөрсөн бөгөөд нөхцөл байдалтай холбоотойгоор хаалгаа барьсан аж ахуйн нэгжийн тоо хэдэн арван мянгад хүрсэн. Тэр хэрээр ажлын байргүй, орлого, цалингүй болсон иргэн олон. Одоо судалбал ажилгүйчүүдийн тоо хэд болсон бол.
Олон нийтийн дунд “Өдгөө хүнсний үйлдвэрлэл, эм импортлогчид, буяны байгууллагууд л ажилтай, ашигтай байх шив дээ” гэсэн яриа гарсан нь оргүй ч биш. Мэдээж төрийн байгууллагынхан, томоохон компаниуд цалингаа тавьсаар байгаа. Харин жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, тэр дундаа олон хүнийг ажилтай, орлоготой байлгадаг аялал жуулчлалын салбарынхан яахаа мэдэхгүй байдалтай хэвээр. Долдугаар сар гарахтай уралдан аймгууд дор бүрнээ “хил”-ээ хаан, гаднаас хүн оруулахгүй хэмээн мэдэгдсэнээр дотоодын аялагчдын хөлийг хэсэгтээ тушсан нь орон нутгийнхны орлогыг хаах шалтгаан болж байлаа. Харин гурав хоногийн өмнөөс Засгийн газар аймгуудын удирдлагуудад дахин “хил”-ээ хааж болохгүй гэдэг сануулга өгснөөр хүмүүс замд гарч эхлэв.
…БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэд хоногийн өмнө “Сургууль, цэцэрлэгийн удирдлагаар тохиолдлын, эсвэл “цүнх баригчид” томилогдох ёсгүй” хэмээн мэдэгдсэн…
Монгол дахь олон улсын байгууллагуудаас ажлын байр зарлах бүрийд өмнөх жилүүдийнхээс хэд дахин олон хүн хүсэлтээ ирүүлж байгаа гэнэ. Боловсролын зэрэг өндөр, ажлын сайн туршлагатай хүмүүс англи хэлтэй л бол хэний ч хийхээр шахам ажлын байрны төлөө ч өрсөлдөж байгаа тухай нэгэн ажилтан нь ярилаа. Энэ нь манай улсад ажлын байр ховор байгаагийн л шинж.
Эргэн тойронд ээжүүд үглэж байна. Гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудыг ховор мэргэжлээр сайн дүнтэй төгсөөд ирсэн охид, хөвгүүд нь гэртээ утсаа “маажиж” өдөр, хоног өнгөрөөж суухыг харах хэцүү байгаа биз ээ. “Хурдан хилээ нээгээсэй. Хүүхдүүд гадаад руу явж ажиллахаас өөр арга алга. “Ир, эх орондоо ажилла” гээд дуудчихсан байдаг. Гэтэл ажил олддоггүй. Хэдий болтол гиюүрэх вэ. Явахыг нь хориглож чадахгүй нь” хэмээцгээж байна.
Ажлын байр ховроос гадна чухал мэргэжлийнхний ч цалин, хөлс маш бага хэвээр. Монголчуудын дундаж цалин PCR шинжилгээ таван удаа өгөөд дуусах төдий. Тухайлбал, эмч, эмнэлгийн ажилтнууд, бүх шатны боловсролын байгууллагад ажилладаг багш нарынхыг дурдаж болно. Өмнө бичиж байсанчлан цар тахал намжиж, улс орны амьдрал хэвийн болох л юм бол гэр бүлээрээ гадаадад гарч амьдарна гэсэн бодолтой болсон залуу эмчийг буруутгах үндэслэл алга. Ийм санаатай, хил нээхийг хүлээж буй хэдэн арван мянган иргэн, мэргэжилтэй, мэргэшсэн боловсон хүчин бий гэдэгт эргэлзэхгүй байна.
Саяхан шог зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Цогтбаяр ажилгүйдлийн сэдвийг хөндөж нэгэн бүтээл туурвисныг харж байна. Тэрбээр зургаа “Хүзүүн дээр нь өвдөглөснөө бага, багаар сулруулахгүй бол хөөрхий жижиг, дунд бизнесийн салбарынхан чинь амьсгалж чадахгүй, эхнээсээ амь тавих нь байна шүү. Хамгийн их ажилтай, амьдралдаа арчаатай, татвар төлөгч хэсгийнхний ажил, амьдрал сүйрч, баларч байна шүү дээ. Халамж, тэтгэврийн хэдтэйгээ л үлдчихвэл хаанаасаа татвараа авах юм бэ” гэж тайлбарласан байлаа. Энэ ч үнэн.
Дээр дурдсанаас өөр талбарт хэн өнөөдөр ажилтай, эс бөгөөс тогтмол ажлын байртай мэт орлоготой байна вэ. Сүүлийн үед албан тушаал болох шахталаа дэлгэрч буй “цүнх баригч” хэмээх нэр томьёогоор тодорхойлох, дарга нарт үйлчлэгчид л өдгөө ажилтай, орлоготой байна. Төрийн байгууллагад ч тэр аль нэг гишүүний сонгуульд нь нэмэр болсон, эсвэл ямар нэг ажил бүтээж өгсөн гэсэн үзүүлэлтээр “гавьяа” байгуулсан нэгэн суудал эзлэн лаглайх болсон. Тэдний олонх нь гараасаа үр дүн гаргахгүй, тухайн ажлын талаар бүрэн дүүрэн ойлголттой, эсэх нь ч тодорхойгүй. Гэтэл энэ “албан тушаал”-ын талаар төрийн албаны өндөр дээд түвшинд ч хээвнэг ярьцгаах болов.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хэд хоногийн өмнө “Сургууль, цэцэрлэгийн удирдлагаар тохиолдлын, эсвэл “цүнх баригчид” томилогдох ёсгүй” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр “Цэцэрлэг, сургуулийг улстөрчдөөр удирдуулахгүй. Хор хохирлыг бид олон жил амсаж мэдэрлээ. Эдгээр нь цэвэр мэргэжлийн удирдлагатай байх ёстой. Судалгаанаас үзэхэд 2012-2019 онд нийт 783 цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирал солигдсон. Манай улс 800 гаруй сургуультай. Тэгэхээр бараг бүх сургуулийн захирал солигдсон гэж харахаар байна. Сургууль төгсөж ирмэгцээ сумдаа эрхлэгч, захирал болдог. Ер нь сум, аймгийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлууд бол орон нутагтаа хамгийн том ажил олгогч байдаг. Тийм учраас худалдан авалт, томилгоо зөвхөн захирал, эрхлэгчийн үзэмжээр шийдэгддэг. Энэ бол шударга бус. Улстөрчдийн савраас боловсролын байгууллагуудыг салгах цаг нь ирсэн. Бүр сүүлдээ олон жил болсон эрхлэгч, захирлууд тэтгэвэртээ гаралгүй хүлээж байгаад үр хүүхдэдээ ажлаа шилжүүлдэг нөхцөл байдал олон аймаг, сумд гарч байгаа. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс хамаарч эрхлэгч, захирлыг сольдгийг болиулна” гэсэн. Сайд хэлснээ амьдралд хэрэгжүүлбэл ядаж боловсролын салбарт “цүнх баригчид” дураараа дургих нь татрах сан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн сард БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэхэд тухайн улсаас квот болгосон 667 ажлын байранд өрсөлдөхөөр 4000 гаруй хүн бүртгүүлжээ. Мөн Япон Улсад ажиллахаар тэмүүлэн япон хэлний шалгалтад бэлтгэж буй нь хэдэн мянга. Монголд ажлын байр байдаг бол, түүнд шалгаруулалтаар ур чадвартайг нь шударгаар сонгож аваад, цалин хөлс хангалттай өгдөг бол иргэд гэр бүл, үр хүүхдээ орхиод гадаад орнуудыг зорьё гэхгүй.
Ажлын байр болгоныг уг ажлыг сайн хийж чадах, эсэх нь эргэлзээтэй “цүнх баригчид” эзлэх хандлага давамгайлсан цөвүүн цаг иржээ.