Монгол Улсын Консерватори буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг НМХГ-аас гараад 20 орчим жил болсон. Үүний дагуу 2013 онд өргөтгөлийн шинэ байрыг 4.5 тэрбум төгрөгөөр барьж ашиглалтад оруулсан ч стандартын шаардлага хангаагүйн улмаас барилга хэдийн суулт өгч, хана нь цуураад эхэлжээ. Үүнээс гадна Монгол Улсын Консерваторийн ард байрлах Хөгжим бүжгийн дунд сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн 6-7 давхар үндсэн барилга барьж, харин дэргэд нь сургуулийн өргөтгөл барихаар болсон нь нийт багш, ажилтнуудын бухимдлыг төрүүлсэн. Улмаар багш, ажилтнууд өчигдөр сургуулийнхаа хашаанд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Багш, удирдлагын зүгээс анх сургууль өргөтгөх, цаашлаад цогцолбор барих, хажууд нь багахан зайд Боловсролын үнэлгээний төв барих гэрээнд анх гарын үсэг зурсан аж. Харамсалтай нь, байгуулсан гэрээнээс нь зөрүүтэй ажил хийж, эхэлсэн тул багш, ажилтнууд эсэргүүцлээ илэрхийлэн, суулт зарлаад байна.