Монгол Улсад коронавируст халдвар эрчимтэй нэмэгдэж, халдварын тоо буурахгүй байгаа нь иргэд олноороо гэрийн тусгаарлалт, ажиглалтад байх нөхцөлийг бүрдүүлж байна. Үүнтэй холбогдуулан гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар гомдол ХЭҮК-т ирж байна. Иргэдийг гэрт нь тусгаарлан ажиглахдаа гэр, хашааны хаалга, цонхонд тусгай наалт байршуулах, хаалгыг лацдах зэрэг арга хэмжээ авчээ. Иргэд гэрийн тусгаарлалтад орж, хаалганд наалт нааснаар хүнсээ авах боломжгүй болсон, мөн тусгаарлах байрны ойр орчимд зорчихгүй байх тухай анхааруулга, мэдээллийг олон нийтэд түгээж хүний нэр төрийг гутаан доромжилсон, ялгаварлан гадуурхсан зэрэг гомдол, мэдээлэл байна.
Гэрийн тусгаарлалт, ажиглалтын хүрээнд авч буй арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хөнддөг болохыг аймгийн засаг дарга нарт анхааруулж, Комиссын гишүүний зөвлөмжийг хүргүүллээ.