Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргалтай ярилцлаа.
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг бай гуулан ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг УИХ баталсан. Түүнд Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай заалт бий. ЗГХЭГ-ын дэд даргаар ахлуулаад бусад яам, агентлагийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа.
Цар тахлын нөхцөл байдлын сөрөг нөлөөллийг саармагжуулах, эдийн засгаа тэлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх эрх зүйн орчноо илүү сайжруулах замаар хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бодит хэрэгцээ шаардлага юу вэ, ингэснээр ямар үр дүн, давуу талтай талаарх суурь судалгааг нэг жил гаруйн хугацаанд хийсэн. Ингэхдээ хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаатай олон улсын байгууллагууд, судлаачид, Элчин сайдын яамд, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам), Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран ажиллалаа. Гадаадын хөрөнгө оруулалттай 300 гаруй аж ахуйн нэгжээс авсан судалгаанд тулгуурлаж тэдэнд тулгамддаг асуудлыг гаргаж ирсэн.
2013 онд баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль тийм ч муу хууль биш. Гагцхүү хэрэгжилтэд нь анхаарах шаардлагатай заалтууд бий. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг татварын болон татварын бус дэмжлэгүүдийг энд дурдаж болно. Мөн тэдгээр дэмжлэгийг бодитой үзүүлэхэд Татварын ерөнхий болон бусад хуультай уялдааг нь сайн хангах шаардлагатай. Түүнчлэн хэд хэдэн хуульд давхцал байгаа нь харагдсан. Хөрөнгө оруулагчдад тулгамдаж буй асуудлыг аль болох хялбар шийдвэрлэх шаардлага ч бий. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулагчдын зан төлөв, бизнесийн хурд асар их өөрчлөгдсөн. Манай улсад оруулж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайн салбарт ногддог. 17 хувь нь нийтийн хоол, үйлчилгээ (аялал жуулчлал багтаад), үлдэх 12 орчим хувь нь л бусад салбарт ногдож буй нь чамлалттай дүн. Тиймээс хөдөө аж ахуй, аялал жуулчлал, бүтээлч болон соёлын үйлдвэрлэл, мэдээллийн технологи зэрэг салбарт хөрөнгө оруулбал дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэж үзэж буй. Бизнесийн соёл, туршлага, ноу-хау, хүний нөөц зэрэг мөнгөөр хэмжигдэхгүй өгөөж дагаж орж ирдэг учраас хөрөнгө оруулалт татаж, төрөлжүүлэхэд анхаарч байна.
-Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын дунд, урт хугацааны бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг тодорхойлж ажилладаг. Ер нь хөрөнгө оруулагчдын итгэлийг эргэн олж авахын тулд манай улс цаашид ямар бодлого баримтлах бол. Хууль, эрх зүйн орчноо шинэчлэхээс гадна өөр ямар арга хэмжээ авах талаар дурдана уу.
-Дэлхий нийт цар тахал дэгдсэн онцгой үед ажиллаж, амьдарч байна. Бүх улс гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд анхаарч, уламжлалт бус, төрөл бүрийн арга хэмжээ авч байна л даа. Хууль, эрх зүйн орчноо шинэчлэн хөрөнгө оруулагчдад аль болох нээлттэй, ээлтэй байхаас гадна төрийн үйлчилгээг цахимжуулах цогц асуудлыг шийдэж байгаа.
Эрх зүйн орчныг таатай болгох хүрээнд бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгад зарчмын томоохон асуудлуудыг тусгаад байна. Тухайлбал, хөрөнгө оруулагчийн баталгаа, хамгаалалтыг шинэ түвшинд гаргах, орж ирэх нөхцөлийг либералчилж босго хөрөнгө оруулалтын хэмжээг өөрчлөх, тэргүүлэх болон шинэ салбарыг тодорхойлж, тэдгээрт хөрөнгө оруулбал татварын, татварын бус бодит ямар дэмжлэг олгохыг тусгалаа. Хяналт шалгалт, тусгай зөвшөөрөл, Монгол Улсаас гадаад оронд суугаа дипломатын эрх, үүрэг зэрэг нэлээд өргөн хүрээг хамарч байна.
Төрийн үйлчилгээг цахимжуулж, илүү шуурхай, нээлттэй, хүнд сурталгүй болгох хүрээнд 2021 онд багтаан “Цахим нэг цонхны төв” байгуулахаар системийг нь хөгжүүлж байна. Ингэснээр таван агентлагийн үйлчилгээ болон Монголбанк, Гаалийн ерөнхий газраас хөрөнгө оруулагчдад хамааралтай статистик мэдээллүүдийг нэг дороос авах нөхцөл бүрдэх юм.
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх нэг чухал хөшүүрэг бол гаргасан алдаагаа зүй ёсоор хүлээн зөвшөөрч, алдаа гаргаж буй хүчин зүйлээ өөрчлөн, илүү таатай нөхцөл санал болгох. Үүний хүрээнд бид 2020 оноос эхлэн хөрөнгө оруулагчийн гомдлыг барагдуулах цахим систем ажиллуулж байгаа. Хөрөнгө оруулагчийн гомдлыг маргаан болохоос өмнө барагдуулж, бодитоор дэмжлэг үзүүлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хөрөнгө оруулагч, бизнесийн зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулна.
-Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавьж байсан шаардлага буюу 100 мянган ам.долларын хөрөнгийн хэмжээг байхгүй болгохоор хуулийн төсөлд тусгасан гэсэн үү?
-Одоогийн мөрдөж буй хуульд хөрөнгө оруулагч тус бүрийн хөрөнгө оруулалтын хэмжээ 100 мянган ам.доллар байхаар заасан нь нэлээд өндөр босго. Ялангуяа хөрөнгө оруулалт татах онцгой чухал байгаа одоогийн нөхцөлд ихээхэн саад болж байна гэж үзсэн. Иймд хөрөнгө оруулалтын босгыг “арилгах”, эсвэл хэмжээг нь бууруулах болов уу. Монгол, гадаадын хөрөнгө оруулагч хамтраад компани байгуулахаар боллоо гэхэд урьдчилаад түр данс нээж, гадаадын хөрөнгө оруулагч 100 мянган ам.доллар байршуулдаг. Компанийн 50, 50 хувийг нь эзэмшье гэхэд дотоодын хөрөнгө оруулагч бас 100 мянган долларыг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр байршуулах хэрэгтэй болдог. Нөгөөтээгүүр, байгуулагдаагүй компанийн нэр дээр түр данс нээж, мөнгө байршуулна гэдэг нь олон улсын санхүүгийн дүрэм журамтай харшилдаг. Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын (ФАТФ) сануулгыг анхаарахаас өөр аргагүй. Түр дансанд байршуулсан мөнгө хэсэг хугацааны дараа буцаад гараад явчихдаг. Уг мөнгийг яг төсөлдөө зарцуулсан уу, үгүй юү гэдгийг хянаж чаддаггүй. Хянах үүрэг, зохицуулалтгүй байгааг өөрчилнө. Энэ нь мөнгө угаах гэмт хэргээс сэргийлэх ач холбогдолтой. Ер нь хөрөнгө оруулахыг нь дэмжээд, ашигтай ажилласных нь дараа татвар авах нь чухал.
-Оюуны өмчийн хөрөнгө оруулалттай холбоотой заалт оруулсан байсан?
-Тийм ээ. Оюуны өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулах боломж олгохоор байгаа. Хөрөнгө оруулагч өөрийн оюуны өмч болох программ хангамж ч юм уу, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Монголд бизнес хөгжүүлэхэд чухал хэмээн үзвэл хоёр тал гэрээндээ хөрөнгө оруулалт гэж үзэх зохицуулалт тусгасан.
-Визтэй холбоотой өөрчлөлт ч оруулсан гэж сонссон.
-Хөрөнгө оруулагчийн визтэй хүн бүр хөрөнгө оруулагч мөн үү гэдэг асуудал бий. Хөрөнгө оруулагчийн виз нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, виз олгох журмаар дипломат албан тушаалтны дараа орох хэмжээний визийн төрөл бөгөөд хөнгөлөлт эдэлдэг, олон боломж “шингээсэн” байдаг. Тухайн хүн хөрөнгө оруулсан, эсэх талаар үнэлгээ хийх, нягтлах нарийвчилсан зохицуулалтыг хөрөнгө оруулалт хариуцсан төрийн захиргааны байгууллагад ногдуулахаар тусгаад байна.
-Хөрөнгө оруулагчид ямар гомдлыг түлхүү ирүүлж буй бол?
-Бид сүүлийн хоёр сарын хугацаанд Монгол Улсад суугаа 11 Элчин сайдын яам, томоохон хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөлтэй биечлэн болон цахимаар уулзаж, тэдэнд тулгарч буй бэрхшээл, асуудлыг сонслоо. Гомдол, хүсэлтэд дүн шинжилгээ хийж үзэхэд гэрээний биелэлт, хууль, эрх зүй, бодлогын тогтвортой, нэг утгатай зохицуулалт, олон нийтийн зөв хандлага, татвартай холбоотой асуудлыг голчлон хөндсөн.
-Тэдний зүгээс аль салбарыг илүүтэй сонирхож байгаа бол?
-Бид өнгөрсөн тавдугаар сард 330 орчим төлөөлөл оролцсон, Монгол, Японы бизнес форум, өмнөх сард “Invest in Mongolia-Seoul 2021” (200 гаруй оролцогч) форумыг цахимаар зохион байгууллаа. Уул уурхайн бус салбарын төслүүдийг сонгон шалгаруулж, бэлтгэн энэхүү хоёр форумын үеэр хөрөнгө оруулагчдад танилцуулсан нь онцлог. Үндэсний төсөл хэрэгжүүлэгч компаниудыг дэмжих зорилгоор бид Сингапурт төвтэй “Ирбис венчурс”, “Жи Эм Жи консалтинг” компанитай хамтран Төсөл чадавхжуулах хөтөлбөр зохион байгуулсан. Уг хөтөлбөрөөс шалгарсан, мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, технологийн салбарын төслүүдийг Монгол, Солонгосын бизнес форумын үеэр тус улсын хөрөнгө оруулагчдад танилцууллаа. Эдгээр форумыг Япон, Өмнөд Солонгосын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын агентлагтай хамтран зохион байгуулсан нь учиртай. Тэд дээрх форумуудад оролцоогүй компаниуддаа ч манай төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулж байгаа. Ер нь хөрөнгө оруулагчид өнөөгийн бодит ашиг гэхээс илүүтэй аль төсөлд хөрөнгө оруулах вэ, хууль, эрх зүйн орчин нь хэрхэх бол гэж судалж буй хандлага ажиглагдсан. Уул уурхайгаас бусад салбарт хөрөнгө оруулах боломжийг дэмжин өргөжүүлээд, тухайн зах зээлийг онилсон сурталчилгааг сайн хийж, хамтран ажиллах, салбар салбарт асар их нөөц боломжтой гэдгээ харуулах нь зүйтэй.
-Төсөл чадавхжуулах хөтөлбөр хэр үр дүнтэй байна вэ?
-Үр дүнтэй байгаа. Технологийн салбарт бизнес эрхэлж буй компани байлаа гэхэд дан инженерүүдээс бүрдсэн тохиолдол бий. Гэтэл тэд хөрөнгө оруулагчдад давуу талаа илэрхийлэх, төслөө бэлдэх, хөгжүүлэхэд дутагдалтай тал ажиглагддаг. Тиймээс ч Дэлхийн банк группийн Олон улсын санхүүгийн корпорацтай хамтарч Төсөл чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн.
Манай улсын хувьд аливаа төслийн ТЭЗҮ-ийг хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын сан, олон улсын хөгжлийн санхүүжилт татах хэмжээнд бэлтгэх, бэлэн байдлаа хангах тал дээр дутагдалтай. ТЭЗҮ-ийг банкны шаардлага хангах хэмжээнд өөрчилж бэлтгэхэд асар их хугацаа алдаж, хөрөнгө зарцуулах болдог. Хөрөнгө оруулагч өөрөө ТЭЗҮ-ийг бэлэн болгоно гэхэд бэрхшээлтэй шүү дээ. Ганц манайд ч биш бусад оронд ийм асуудал тулгардаг. Үүнийг шийдвэрлэх төслийг Азийн хөгжлийн банкнаас Казахстан, Киргиз, Узбекистан, Пакистан улсад хэрэгжүүлсэн нь амжилттай болсон. Төслийн бэлэн байдлыг хангах механизм бий болгохоор судалгаа хийж байна. Энэ чиглэлээр Азийн хөгжлийн банк зөвлөхүүдээр дамжуулан техникийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа.
-Засгийн газраас 100 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Тэдгээрийн ТЭЗҮ-ийг боловсруулахад багагүй хугацаа шаардлагатай байх.
-ЗГХЭГ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар хамтран үндэсний хэмжээний, дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулж, цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, хөгжилд нөлөө үзүүлэхүйц “Тэргүүлэх салбаруудад хэрэгжүүлэх 100 төсөл, арга хэмжээ”-г эрэмбэлснийг Ерөнхий сайд олон нийтэд танилцуулсан. Тодруулбал, эдийн засгийг тэлэх, төсвийн орлого нэмэгдүүлэх, төсөвт дарамт учруулахгүй, гадаад валютын нөөцийг өсгөх 50, амьдралын чанарыг дээшлүүлэх, чинээлэг дундаж давхарга бий болгох 25, бүтэц, засаглалыг сайжруулах, реформын шинжтэй 25 төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын зэрэг цаг хугацаа, ихээхэн хөрөнгө шаардагдах эдгээр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Тэдгээрийн ТЭЗҮ-ийг боловсруулаад, түүнийг нь хөрөнгө оруулагч өөрчлөх шаардлагатай гэсэн байдлаар явахгүйгээр анхнаасаа төгс хувилбар гаргаж ажиллахад анхаарах хэрэгтэй болсон. Иймээс ч ТЭЗҮ-ийг нь хангалттай сайн бэлтгэсэн төслийн тоог нэмэхийн тулд дээр дурдсанчлан чанартай боловсруулах, олон улсад туршсан, Монголд тохирох, төсөл хөгжүүлэх институц бий болгохоор ажиллаж байна.
100 төсөл, арга хэмжээг танилцуулснаар хувийн хэвшлийнхэн алийг нь хэрэгжүүлэхээ төлөвлөх, төр, компаниуд юу хийх нь тодорхой болсон. Үүний эхлэл болгон манай байгууллага саяхан Ай Си Ти групптэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр “Үүлэн технологийн палтформыг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлэхэд тус групптэй хамтран ажиллах цар хүрээ, чиглэлийг тодорхойлж, шаардлагатай бэлтгэл ажлыг хангах юм.
Цаашид дэд бүтэц, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл зэргийг хариуцсан яамд, агентлагууд нь тухайн чиглэлийг сонирхож буй олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхнийг оролцуулан нарийвчилсан уулзалт хийхээр төлөвлөж байна. Холбогдох тооцооллыг хийж, аль төсөлд нь хэн нь хөрөнгө зарцуулах, төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллахаа дараагийн шатанд дахин ярилцах юм. Хувийн хэвшлийнхний хийж чадах ажлыг заавал төр хийх гэхээс илүүтэй дэмжээд үр дүн гаргах нь бидний зорилго.
-УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг баталсан. Уг төлөвлөгөөний талаар тодруулахгүй юу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Хөгжлийн бодлого тогтвортой байх суурь нөхцөл бүрдэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан. Улмаар төсөв батлахын өмнө бодлогоо тодорхойлоод, тэдгээр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх төсвийг дагуулан батлахаар хуульчилсан. Үүний дагуу Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг УИХ хэлэлцэж, баталлаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгасан төсөл, арга хэмжээнүүдээс 2022 онд алийг нь эхэлж хэрэгжүүлэхийг дээрх төлөвлөгөөнд багтаасан.
Энэхүү төлөвлөгөөг цар тахлын хүнд нөхцөл байдал, үүнээс үүсэх сөрөг үр дагавраас богино хугацаанд гарах, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх суурь нөхцөл бүрдүүлэх чиглэл баримтлан боловсруулсан. Мөн Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн суурийг тавих, эдийн засгийн өсөлтийг дэмжих, макро эдийн засгийг тогтвортой байлгахад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг ирэх онд 4.6 хувиар өсөх тооцоо бий. Хөгжлийн төлөвлөгөөг Үндэсний хөгжлийн газар бүх яам, агентлаг, төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудын мэргэжилтнүүдийн саналыг авч, нэгтгэн боловсруулсан. Улсын хэмжээнд 2022 онд 800 орчим төслийг 40 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэх санал ирүүлсэн л дээ. Тэдгээрийг судлаад 300 орчим төслийг 10 гаруй их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан. Тэдгээр төслийг хэрэгжүүлбэл манай улсын нэг хүнд ногдох ДНБ 13.5 сая, хөрөнгө оруулалтын хэмжээ 11.9, экспортын орлого 27.5 их наяд төгрөгт хүрнэ хэмээн төсөөлсөн.
-10 их наяд төгрөгөөр төсөл хэрэгжүүлнэ гэдэг өндөр дүн сонсогдож байна. Эх үүсвэрийг нь хэрхэн шийдвэрлэх вэ?
-Төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд улсын төсвөөс нэг орчим их наяд төгрөг гаргах тооцоо бий. 1.9 их наядыг нь гадаадын зээл, бусдыг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
-Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яамтай болно гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Бэлтгэл ажлыг нь хэр хангаж буй бол?
-Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институцын хувьд чадавх, хүний нөөцийн асуудал нэн чухал. Иймээс хүний нөөцийг хөгжүүлэх, бэхжүүлэх талаар судлахын зэрэгцээ Засгийн газрын тухай хуулийг шинэчлэн найруулж, хөгжлийн бодлого, эдийн засгийн ерөнхий чиг үүргийн яам байгуулах ажлын хэсэг ажиллаж байна. Хууль, “бичиг цаасны” ажлууд үндсэндээ бэлэн болсон. Энэ намар шийдэх болов уу.