“Евро-2020” тэмцээний хагас шигшээгийн эхний тулаан алдарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд “Скуадра Аззурра” болон “Улаан уур хилэн”-гийн хооронд болж, Р.Манчинигийн баг хожив.
Эл хоёр багийн тулаан “Евро- 2020”-ийн хамгийн үзүүштэй нь биш юм гэхэд хамгийн их дарамттай, өрнөлтэй нь болно гэдэгт хөлбөмбөг сонирхогчид итгэлтэй байсан. Үнэхээр ч Итали, Испанийн багийн тулаан хөлбөмбөгийн чанарын хувьд тус тэмцээний хамгийн шилдэгт гарцаагүй тооцогдохоор боллоо.
Хоёр багийн тоглолтын арга барил ойролцоо, тухайлбал, хоёул бөмбөг их эзэмшдэг, өндөр прессинг болон контрпрессинг хийдэг, хоёул 4-3-3 схемээр тоглодог нь ч өрсөлдөөнийг улам “амттай” болгов. Гэхдээ Италийн баг гурван жилийн өмнөөс чухам ийм арга барилаар тоглож буй бол Испанийн хувьд зайлшгүй шаардлагын улмаас ингэж өрсөлдөж буйг нь ойлгох хэрэгтэй. Л.Энрикегийн баг бөмбөг илүү их эзэмшиж буй нь нэг талаараа хамгаалалтын тактик юм.
Ийм л хоёр баг өнгөрсөн мягмар гарагт хэн нь финалд шалгарахаа үзэхээр тулалдаж, эн тэнцүү хүч үзлээ. Гэхдээ тоглолтын эхлэл, хоёрдугаар болон эхний нэмэлт цагт испаничууд илүү санаачилгатай тоглосныг дурдах хэрэгтэй. Эхний хагасын 43 дахь минут хүртэл италичууд эсрэг багийн хаалга руу нэг ч цохилт хийгээгүй нь нэгийг өгүүлнэ. Улмаар хоёрдугаар хагаст хоёр баг олдсон боломжоо “чулуу болгосноор” тулаан 1:1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цагт хэн хэн нь гоол оруулж чадсангүй.
Торгуулийн цохилтод нэгэн түүхэн уламжлал хадгалагдав. “Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэнд нэг ч баг хоёр тоглолт дараалан пенальтиар ялж байгаагүй юм. Харин том тэмцээнд торгуулийн цохилтоор цөөнгүй ялагдал амсаж байсан “Скудра Аззурра”-г энэ удаад аз түшлээ.
Итали - Испани 1:1 (4:2 т.ц)
Гоол: Кьеза, 60 минут.
Мората, 80 минут
Пенальти: Локателли - 0:0 (хаалгач хаасан). Ольмо - 0:0 (алдсан). Белотти - 1:0. Морено - 1:1.
Бонуччи - 2:1. Алькантара - 2:2. Бернардески - 3:2. Мората - 3:2 (хаалгач хаасан). Жоржиньо - 4:2
Шар хуудас: Бускетс, 51.
Толой, 98. Бонуччи, 118
Шүүгч: Брих
Лондон. “Уэмбли”. 57811 үзэгч
- Италийн шигшээ баг дөрөв дэх удаагаа Европын АШТ-ий финалд үлдэж байна. Тэд ганцхан удаа буюу 1968
онд түрүүлсэн агаад 2000, 2012 оны финалд Франц, Испанийн багт дийлдэж байлаа.
- Италийн шигшээ түүхэндээ 10 дахь удаагаа том тэмцээний финалд шалгарав. Тодруулбал, ДАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн агаад финалд үзүүлсэн амжилт нь таван ялалт, дөрвөн ялагдал болж байна. Тэднээс олон удаа финалд үлдсэн баг бол Германы шигшээ билээ.
- Италичууд энэ зуунд Испанийн багтай тивийнхээ аварга шалгаруулах тэмцээний хүрээнд дөрвөн удаа таарч тоглосноос хоёр дараалж хожлоо. Эл хоёр баг Европын аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дараалж хасагдах шатанд таарч тоглоод байна. 2008 (шөвгийн наймд пенальтаар), 2012 (финал) онд Испанийн баг хожсон бол 2016 (шөвгийн 16), 2021 онд Италийн шигшээ хариугаа авав.
- Хэрэв бүх том тэмцээн болон хэсгийн тоглолтуудыг оруулж тооцвол Итали, Испанийн шигшээ хоорондоо хамгийн олон таарч тоглосон Европын багууд юм. Хоёр баг хоорондоо 10 удаа таарч тоглоход Итали тав, Испани хоёр удаа хожиж, гурван удаа тэнцжээ.
- Италийн багийн хожигдоогүй цуврал 33 тоглолт боллоо. Дэлхийн дээд амжилтыг давтахын тулд тэд хоёр тоглолтод ялагдахгүй байх ёстой. Ийм өндөр амжилтыг (35 тоглолт) Бразил, Испанийн баг ид үедээ гаргаж байсан юм.
- Скуадра Аззурра сүүлийн долоон арван жил дараалж Европын эсвэл ДАШТ-ий шигшээд шалгарав.
Бэлтгэсэн Д Э.Манлайбаатар