Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны нутаг, Ар гүнтийн даваанд өдөр бүр цахилгаан хөрөө тачигнаж, ойгоор нэг хүн холхиж байна. Нэг хэсэг нь унагасан моддыг ачих, нөгөө нь гуалингуудаа нэг доор бөөгнүүлэх, уулнаас буулгах, зарим нь сүүдэр бараадан, амсхийх аж. “Нийслэлийн ойн сав газарт орохыг хориглоно” гэсэн бичиг бүхий анхааруулах самбарын дэргэд төмөр хашаа татаж, до тор нь цэргийн ногоон асрууд барьжээ. Хашаанд “Зил-130” зэрэг том машиныг хэд хэдээр нь зогсоосноос үзэхэд, бас залуучууд модны ёроолд яриа дэлгэж суухыг бодоход тэдний ажил нэлээд багассан бололтой. Тэвш дүүрэн гуалин ачсан машин уруудахтай эндээс 200 метр хүрэхгүй зайд таарав. Ойн бартаат замаар аюулгүй зорчуулахын тулд нэг нь “Одоо зогс, яв” гэх зэргээр жолоочийг чиглүүлж, чанга орилно. Ойролцоо нь эзэнгүй, цагаан “Пургон” орхижээ. Үүний цаахан дөрвөн залуу өөр нэг машины тэвш дүүргэхээр халууныг ажрахгүй зүтгэж байна. Ахиулаад харвал уулын энгэр хэсэгт экскаватор ойн хөрсийг эргүүлж, улаан шороо бужигнуулах нь үзэгдэнэ.
Тэнд ажиллаж байгаа залуучуудтай цөөн үг солилоо. Өөрсдийгөө Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч гэж танилцуулав. Ойн халз зурвас байгуулах зорилгоор Ар гүнтэд түр хугацаагаар төвхнөөд буйгаа учирлалаа. “Долоо хоног ажиллалаа. Одоо 3-4 хоногийн ажил үлдсэн” гэв. Халз зурвасыг хэрхэн байгуулдаг, ямар шат дараалалтай ажлуудыг хийж байна вэ хэмээн тэднээс асуухад ам нээсэнгүй. Ажил хариуцсан дарга нь байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй, нарийн ширийнийг мэдэхгүй гэв. Дээрээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлаа гүйцэтгэж байгаагаа онцоллоо.
1960-1999 онд нийслэлд түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хийж, 40 метр өргөн, 2-6 км урт 10 халз зурвасыг хотын ногоон бүсэд байгуулж байж. Энэ нь цагийн эрхээр бүдгэрч, зарим нь “алга болжээ”. Иймд нийслэлийн Байгаль орчны газрынхан эдгээр зурвасыг сэргээх санаачилгыг 2017 оноос гаргасан ч төсөв санхүүгийн гачигдлын улмаас ажил хэрэг бололгүй удааширсан аж. 2020 онд хамгийн эхний хоёрыг сэргээсэн нь Халзангийн давааны 0.8, Шарга морьтын эхэнд байрлах 1.6 км зурвас байв. Харин энэ зун Ар гүнтийн амны ойн санд 50 метр өргөн, 1.8 км урт зурвас шинэчлэх ажлыг Зэвсэгт хүчний 310 дугаар ан гиар гүйцэтгүүлж буй нь энэ. Бид уржигдар газар дээр нь очиж, нөхцөл байдалтай танилцлаа.
Нүд халтирам дүр зураг тэнд бий болжээ. Түймрийн тархалтаас сэргийлэх, хамгаалах байгууламжийг халз зурвас гэнэ хэмээн холбогдох стандарт, журамд тусгажээ. Үнэндээ ойн сангийн тодорхой хэсгийг халцгай газар болгохыг ийнхүү хэлдэг бололтой. Ойг түймрийн эрсдэлээс хамгаалахын тулд моддыг булга татан, хайр гамгүй “хядаж”, хөрсийг нь эргүүлж, хар шороо дэвсэхийг хэлдэг юм байна. Талбайн хэмжээг хязгаарлах зорилгоор захын моднуудад тэмдэглэгээ тавьснаас өөр нарийн, технологийн ажиллагаа гэх зүйл тэнд харагдсангүй. Бүдүүн моднуудыг тээвэрлэж, бэл барааадуулж буй бол залууг нь энд тэндгүй овоолон орхисон байв. Заримыг нь үндсээр нь сугалжээ. Нэг ширхэг модны экологи, эдийн засгийн үнэлгээ, байгальд үзүүлэх нөлөөллийг тооцвол хоёр км зурвасыг хэдэн арван тэрбумаар сэргээдэг аж.
Энэ ажлын эцсийн үр дүн, зорилгыг мэдэхгүй хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж, хардаж байна. Тэгэхээс ч аргагүй. Амьд моддыг хөрөөдөж, экскаватороор түрж, ойн санд “шороон зам” гаргах нь хэнд ч таатай санагдахгүй. Зарим нь “Хайран мод” хэмээн халаглаж сууна. Сүхбаатар дүүргийн XXI хорооны оршин суугч М.Амгалан “Би зусландаа өчигдөр ирлээ. Яг дэргэд хашаа, майхан татчихсан, хүмүүс бужигнаад, мод хөрөөдөх дуу чимээ ойгоос зогсоо чөлөөгүй сонсогдохоор эвгүй юм. Учрыг нь лавлатал ойн сийрэгжүүлэлт хийж байна гэсэн. Мэдэх зүйл алга. Ар гүнтийг хариуцсан байгаль хамгаалагчийнх энүүхэнд байдаг учраас хууль бус ажил яавч биш байх. Гэхдээ хайран сайхан моддыг тайрч, огтолж байгаа нь харамсалтай” гэв. Тэдний зэргэлдээ айлынхан “Зурвас байгуулах нэрийдлээр мод зөөгөөд байна уу даа гэж хардаж сууна. Дан бүдүүн, эрүүл мод тээвэрлэж байгаа бололтой харагдах юм. Хотын захын бүс учраас манай энд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх зөрчил байнга гардаг. Эндхийн цөөн айл нийлээд, модны хулгайчидтай тэмцэх нөхөрлөл хүртэл байгуулж байлаа. Зуслангийн бүсэд амьдардаг айлууд сэрэмжтэй байвал түймэр тэр болгон гарахгүй шүү дээ. Жамаараа ургаж буй ойг ингэж сүйтгэх шаардлага байсан уу” гэлээ.
Ар гүнтийн ойд экскаватор ажиллаж эхэлсэн даруйд цахим сүлжээнд зураг нийтэлж, олон нийтийн анхаарлыг тийш хандуулж, халз зурвас хэрэгтэй, хэрэггүй хэмээн иргэдийг талцахад хүргэсэн бүсгүй мөн тэнд амьдардаг юм байна. Түүнтэй холбогдоход “Ойгоо хамгаалъя, мод тарья гэж уриалдаг мөртлөө иргэдийн нүдэн дээр ногоон бүсийг сүйтгэж байгаа нь маш бүдүүлэг. Өмнө нь зурвас байсан гэхийн аргагүй их мод, ургамалтай сайхан газрыг тэгшилчихлээ. Гэр бүлээрээ тийш алхдаг байсан учраас тэр хавийг маш сайн мэднэ. Зарим хүн сайхан ажил, хэрэгтэй бүтээн байгуулалт гэх юм. Ийм зүйлийг бүтээн байгуулалт гэж хэлж болох, үгүйг мэдэхгүй” хэмээн бухимдангуй ярилаа.
Ар гүнтийн даваанд өрнөж байгаа ажил мэргэжлийн бус, жирийн хүмүүсийн нүдэнд ийнхүү хүнд туслаа. Харин албаны хүмүүс ямар өнцгөөс тайлбарлах бол. Нийслэлийн Байгаль орчны газрын ойн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн О.Тэмүүжингээс энэ талаар тодруулахад “БОАЖЯ болон түүний харьяа Ойн судалгаа, хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт, судалгаанд үндэслэн энэ ажлыг хийлгэж байна. Халз зурвас гэдэг нь ойн санд байгуулсныг хэлдэг. Харин шороон зурвасыг тал хээрт байгуулдаг онцлогтой. Ийм зурвас нь түймэр дэгдэх, тархах эрчмийг сулруулж, ногоон бүсэд амьдардаг айлуудын эд хөрөнгө, иргэдийн амь, эрүүл мэндийг хамгаалах ач холбогдолтой. Төв аймгийн Батсүмбэр сумтай залгаа нийслэлийн ойн бүсэд нэг үе байнга түймэр гардаг байсан. Тэр болгоныг газар авхуулалгүй унтрааж, хотын ойг хамгаалсан нь халз зурвасын ач. Одоогийн газарт (зурвас сэргээж байгаа) түймэр дэгдлээ гэхэд Сонгинохайрхан XXIV, XXV хороо нутаг, Толгойтын баруун, зүүн салаа, Чингэлтэй хайрхны эх галд автах эрсдэлтэй. Тиймээс болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг тохиромжтой газарт авахаас аргагүй” гэв.
“Одоогийн байдлаар ойн модыг газартай нь тэгшилж, сүйтгэх ажлыг хийжээ. Нэмэлтээр юу хийх вэ. Ер нь ийм зурвасыг ямар стандартаар сэргээдэг юм бол” гэж асуухад “Түймрээс ойг хамгаалах, түймрийн тархалтаас сэргийлэх халз болон шороон зурвасын чанарын шалгуур MNS6530:2015” гэж стандарт бий. Бүгдийг тэр дагуу хийнэ. Эхний ээлжид ойн санг чөлөөлөх ажлыг гүйцэтгэсэн бол одоо цэвэрлэнэ. Нэг ч мод, бут үлдээхгүй. Халз зурвасын онцлог нь тухайн бүсэд шатах төрлийн ямар ч зүйл үлдээлгүй цэвэрлэдэг. Ингэж байж түймрийн эрчмийг сааруулж, зогсоодог” хэмээн тайлбарлалаа.
Халз зурвас байгуулах, сэргээх газрыг хэрхэн сонгодог, мод, бут бага, доройтсон ойг ийм зориулалтаар ашиглах боломжтой, эсэхийг Ойн судалгаа, хөгжлийн төвийнхнөөс лавлалаа. Тэд “Монгол орны түймрийн эрсдэлтэй бүс нутгийг дөрвөн зэрэгт хуваадаг. Энэ үнэлгээгээр нийслэлийн ногоон бүс хоёрдугаар зэрэг буюу аюул өндөртэйд багтдаг. Үүнд үндэслэн, түймэр дэгдэх өндөр эрсдэл бүхий 10 газарт зурвас байгуулсан түүхтэй. Эндээс хуурайшилт өндөр, эрсдэл их гурван газрын зурвасыг эхэлж сэргээхээр төлөвлөснөө хэрэгжүүлж байна” гэж хариулав.
Иргэдийн дургүйцлийг хүргэсэн гол зүйл нь ойн санг орвонгоор нь эргүүлсэн дүр зураг. Харин хамгийн их санааг нь зовоож байгаа асуудал нь нялх, залуу моддын амийг тасал сан явдал. Зарим нь “Тарьц авч болох уу. Залуу моддыг яах вэ” хэмээн асууж байна. Мэргэж лийн байгууллагынхны хэлж байгаагаар өөр газарт ургуулах боломжтой зулзаган моддыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Мод үржүүлгийн газарт шилжүүлэх гэнэ. Харин хөгшин, насжилтгүй болсон, өөр газарт идээших боломжгүйг нь түлшний зориулалтаар хуулийн дагуу холбогдох байгууллагуудад ашиглуулах юм байна. Өөрөөр хэлбэл, газрыг тэгшилж дууссаны дараа тэнд ойн “их цэвэрлэгээ” хийх нь.