Лхагва гарагт буюу 7-р сарын 7-ны өдөр Гаитид үл мэдэгдэх хүмүүс тус улсын Ерөнхийлөгч Жовенел Моизийг буудан амь насыг нь хөнөөжээ. Энэ тухай “BBC” мэдээлэв.
Гэмт этгээдүүд Ерөнхийлөгчийн гэр рүү дайрсан бөгөөд тэд испани болон англи хэлээр ярьж байсан байжээ. Халдлагын үеэр тэргүүн хатагтай Мартина Моисе шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр ерөнхийлөгчийн амь насыг хөнөөсөн байж болзошгүй этгээдүүдийг баривчилсан тухай Гаитийн Холбооны яамны сайд Франц Экзантус мэдэгджээ. Түүний мэдээлснээр аллагыг гадаадын иргэдээс бүрдсэн зэвсэгт бүлэглэл үйлдсэн байна.
Үүнээс гадна Бүгд Найрамдах Доминикан улс тэдгээр алуурчдыг өөрийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэсэн хувилбарыг шалгаж байгаа аж. Гаитийн ерөнхийлөгч рүү Өмнөд Америкийн долоон хүнийбүрэлдэхүүнтэй (дөрвөн колумб, гурван венесуэль хүн) халдсан гэж тэд таамаглаж байна. Урьдчилсан мэдээллээр алуурчид халдлагыг "Гаитид хар тамхи наймаалж,хүн хулгайлдаг гэмт хэрэгтэй холбоотой маш хүчирхэг хүмүүсийн" захиалгаар үйлдсэн байж магадгүй. Эл хувилбарын дагуу халдагчдын хамсаатан байж болзошгүй цагдаагийн өндөр албан тушаалтан Ерөнхийлөгч Жовенел Моизийн амьдардаг байрны хамгаалалтыг санаатайгаар сулруулсан байна.
53 настай Жовенел Моиз нь 2017 онд Гаитийн өмнөх ерөнхийлөгч Мишель Мартеллиг огцорсны дараа ерөнхийлөгчийн албыг авсан юм.
Тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Клод Жозеф дээрх халдлагыг “зэрлэг балмад үйлдэл” гээд ерөнхийлөгчийн үүргийг хүлээн авснаа мэдэгдэв. Халдлагын дараа тус улсын нутаг дэвсгэрт цэргийн байдал тогтоох шийдвэрийг Сайд нарын Зөвлөл гаргав.
Гаити улс 10.6 сая хүнтэй бөгөөд хүн амынх нь 60 хувь туйлын ядуу, өдөрт 2 ам.доллароос бага орлоготой аж. Тус улсад ядуурал, тогтворгүй байдал улам бүр нэмэгдэж, сүүлийн хэдэн долоо хоногт гэмт бүлэглэлүүд болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөн ширүүссээр байжээ.
Энэ жил сөрөг хүчнийхэн Моизыг Ерөнхийлөгчийн албан тушаалд байх хугацааг зохиомлоор сунгаж, дарангуйлал тогтоохыг оролдсон гэхээс гадна инфляцын өсөлт, албан тушаалтнуудын авилга, эдийн засгийн байдал муудаж байгаад буруутгаж байв. Моиз 2020 оноос эхлэн парламентын оролцоогүйгээр улсаа дангаараа шууд удирдаж байсан. Учир нь өмнөх парламентын гишүүд бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө шинэ сонгууль явуулах хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж чадаагүй юм.
Зөвхөн энэ оны хоёрдугаар сард гэхэд л Гаитийн эрх баригчид Дээд шүүхийн шүүгч, цагдаагийн ахлах офицер зэрэг 23 хүнийг төрийн эргэлт хийхийг санаархсан, Ерөнхийлөгч Моизын амь насыг хороохыг завдсан хэргээр баривчилжээ.