Говийн гайхамшигт байгалиар “аялуулах” боломжтой “Өмнийн сайхан говиор-2020” үзэсгэлэнг өнөөдөр “Монгол арт” галерейд нээнэ. “Өмнийн сайхан говиор” арт төслийн хүрээнд уран бүтээлчид Өмнөговь аймгийн байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газруудтай долоон сумын нутгаар нийт 2600 гаруй км зам туулан аялжээ. Энэ хугацаанд туурвисан уран бүтээлүүдээ үзэсгэлэнд дэлгэх аж. Говийн байгалийн гайхамшгийг дүрслэх урлагийн бүх төрөл, орчин үеийн гэрэл зураг, арт видео уран бүтээлд мөнхлөх нь энэхүү аяллын зорилго аж. Түүнчлэн олон жилийн түүхт, дахин давтагдашгүй өв соёлыг Монголдоо төдийгүй дэлхийд таниулан сурталчлах зорилготой юм байна. Мөн залуу зураачдыг ахмад уран бүтээлчидтэй танилцуулан, туршлага судлуулах боломж олгосноороо онцлог. Төрийн шагналт, Ардын зураач Д.Болд, Төрийн шагналт Ц.Цэгмид, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Гамма” агентлагийн захирал С.Цацралт, зураач С.Төгс-Оюун нарын 20 гаруй уран бүтээлч үүнд оролцсон аж. Цар тахлын улмаас уг үзэсгэлэнг цахимаар зохион байгуулж буй бөгөөд энэ сарын 12 хүртэл үргэлжлэх гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч