Манай улс хүн амынхаа 60 хувийг дархлаажуулахаар төлөвлөсөн бөгөөд вакцины 11.3 хувийг нь хандив, тусламжаар, 20 хувийг нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд, 30 хүртэлх хувийг нь Засгийн Газар худалдан авахаар болсон билээ. Эхний ээлжид эрүүл мэндийн салбарынхан, онцгой байдлын болон цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид, худалдаа, үйлчилгээгээ тогтвортой явуулж буй зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан. Үүнд батлан хамгаалахын 7461, цагдаа, хүчний байгууллагын 2058, үйл ажиллагаа нь тогтвортой явагдаж буй шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын 16 мянган ажилтан, албан хаагч багтсан. Харин энэ удаад 50-64 насны ахмад настан, боловсролын болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг хамруулаад байна. Дархлаажуулалтын талаар сурвалжиллаа.
10.50 цаг. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах Монгол гуравдугаар сургуулийн вакцинжуулалтын цэг Сүхбаатар дүүргийн иргэдийг дархлаажуулалтад хамруулах эл цэгт эмнэлгийн 18 ажилтан байв. Тухайлбал, вакцинжуулалтад хамрагдах иргэдийг бүртгэх нэг ажилтан, анхан шатны үзлэг хийх долоо, вакцин тарих тав, нэг сувилагч, зохион байгуулагч болон яаралтай тусламж үзүүлэх тус бүр хоёр, эмч үүрэг гүйцэтгэж байв. Тэд вакцинд хамрагдах хүсэлтэй иргэдийн ажлын болон цахим үнэмлэхийг шалгасны дараа анхан шатны үзлэг хийж байлаа. Үзлэгээр даралт, зүрхний цохилт, хүчилтөрөгчийн хэмжээ зэргийг шалгаж, харшил, архаг, хууч өвчинтэй эсэх, сүүлийн нэг сарын хугацаанд өөр төрлийн вакцин хийлгэсэн, эсэхийг тодруулж, асуулга авч байлаа. Үүний дараа вакцинжуулалт хийлгэх эмч БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм компанийн Вероселл хэмээн вакциныг тарих гэж буйг иргэдэд анхааруулдаг аж. Одоогоор нийслэлийн хэмжээнд дархлаажуулалт хийж буй 41 цэгт дээрх вакцинаар иргэдэд үйлчилж байгаа гэнэ. Вакцинжуулалтад хамрагдсан хүн хүлээлгийн өрөөнд 15-20 минут саатаж, тандалт өгөх ёстой. Хүний биеийн онцлогоос шалтгаалж сөрөг нөлөө үзүүлж болзошгүй учир ийн ажиглалтын хугацаа гаргажээ. Тэнд хүлээлгийн гурван өрөө байх бөгөөд нэг нь 15-20 хүний багтаамжтай. Халдвар, хамгааллын дэглэмээ барьж, 1.2-2 метрийн зайд суух бөгөөд ажиглагч эмч нар ахмад настнуудын биеийг байдлыг анхаарч ажиллаж байлаа. Ажиглалтын хугацаа нь дууссан иргэд ахин бүртгэл хийлгэсний дараа вакцинжуулалтын цэгээс гарч байв.
Вакцин хийлгэснээс хойш халуурах, үе, мөч өвдөх шинж тэмдэг илэрвэл халуун бууруулах эмийг найман цагийн зайтай уухыг эмч нар зөвлөв. Мөн халуун ногоотой хоол болон архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэхгүй, зүүгээр хатгуулсан газарт ус болон тос хүргэхгүй байхыг санууллаа. Эл цэг өдөрт 700-1,000 хүн вакцинжуулах хүчин чадалтай аж. Биднийг очиход 150 гаруй дархлаажуулалтад хамрагдсан байсан бөгөөд тэдгээрийн 70 орчим хувь нь ахмадууд гэнэ.
11.30 цаг. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутагт байрлах Дөрөвдүгээр сургуулийн вакцинжуулалтын цэг Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтыг эрчимжүүлэхийн тулд вакцинжуулалтын нэмэлт цэгийг байгуулж буй. Эдгээрийн нэг нь Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах Дөрөвдүгээр сургуулийн байр юм. Эл цэгийн гадаа иргэд багагүй дараалал үүсгэжээ. Дотор нь ч мөн адил ачаалал ихтэй байв. Зарим иргэн гадаа удаан зогссоноос болж даарч, улмаар вакцин хийлгэхэд сөрөг шинж тэмдэг илрэх магадлалтай хэмээн дургүйцлээ илэрхийлж байв. Сүхбаатар дүүргийн 12,13,14 дүгээр хорооны иргэд дээрх цэгээр үйлчлүүлж буй. Интертэтийн сүлжээ, агааржуулагчийн хоолой, нэг урсгалын зохион байгуулалт зэргийг харгалзан үзэж дээрх сургуулийн зүүн жигүүрийг дархлаажуулалтын цэг болгосон аж. Энэ нь зай талбай бага учир иргэдийг гадаа дараалалд зогсоохоос өөр аргагүй болжээ.