Өмгөөлөгч Б.Баасанцогт 2017 оны есдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 27 хүртэлх хугацаанд нэр бүхий шүүгч, шүүхийн ажилтны харилцах дансанд 47 220 төгрөг шилжүүлсэн гэх баримтыг Монголын өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлах нэгдэл ТББ-аас дэлгээд буй. Уг мэдээллийн мөрөөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн тухай хуулийн 73.1.2-т “Шүүгчийн хараат бус, халдашгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх” гэж заасны дагуу зарим шүүгчид хандан мэдэгдэл хүргүүлсэн байна.
Тодруулбал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэцэцэг болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар нарыг эрх бүхий байгууллагад өөрийн хүсэлтээр шалгуулж, иргэдийн итгэл, шүүхийн нэр хүндийг хамгаалах мэдэгдэл хүргүүлсэн байна.
Дээр нэр дурдагдсан шүүгч нараас гадна Шүүхийн захиргааны ажилтнууд ч өмгөөлөгчөөс мөнгө авсан гэнэ. Тиймээс ШЕЗ тухайн шүүхийн тамгын газрууд руу утга ижил албан бичиг илгээсэн аж. Хууль тогтоомж, шүүгчийн ёс зүй зөрчсөн уг хэрэгт 11 хуульч нэр холбогджээ.