Нэр бүхий шүүгч, хуульчид зүй бус үйлдэл гаргасан гэх бичлэгийн талаар нийгэм даяар шуугьж байна. Тодорхой хэлбэл, АТГ-ын ажилтан П.Чулуунбаатар, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт нар архидан согтуурч, бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан нэр зүүгээд буй. Уг үйлдэл бодитой, эсэхийг тодруулахаар цагдаа, прокурорынхон хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Нөгөө талаар нийслэл даяар хөл хорьж, иргэд аав, ээжтэйгээ золгож ч чадахгүй хатуу чанд сахилга дэгтэйгээр өдөр хоногийг өнгөрүүлж байсан. Харин эрх ямбатай, тусгай цалинтай хуульчид Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамныхны зөвлөмж, зааврыг үл тоолоо.
Хуулийн сургуулийн оюутнуудад багш нар нь гудамж нүдтэй, хана чихтэйг байнга сануулж, хэлж, анхааруулж, яншсаар төгсгөдөг гэсэн. Үүнээс гадна Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм гэж бий. Хуульч байтугай, энгийн иргэн ч уншихад ойлгомжтой маш энгийн дүрэм. Уг дүрмээр шүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, дагаж биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж өгсөн юм. Харин нэр бүхий шүүгчид эл дүрмээ ноцтойгоор зөрчлөө.
Уг дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр суурьнаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, нууцыг задруулахгүй байх, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ” гэж заажээ. Гэтэл шүүгчид мэргэжлийн нэр хүндээ хайрласангүй, үүрэг хариуцлагаа ч ухамсарласангүй. Мөн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ” гэж тусгажээ. Бичлэгт үлдсэн дүрс, үйл явцаас шүүгч, хуульч нар зохисгүйгээр барахгүй, увиагүй үйлдэл гаргасан харагдана лээ. Ажил, мэргэжлийн нэр хүндээ гутааж, давхар ар гэрийнхнээ шаналал зүдгүүрт унагаж орхилоо доо. Ниргэсэн хойно хашхирав гэгчээр өдгөө өмгөөлөгч нар нь “Хуульчдын ар гэрийнхэн нь салах, сарнихдаа тулаад хэцүү байна” гэх агуулгатай ярилцлагыг хэвлэлийнхэнд өгч буй.
Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд тодорхойлсноор шүүгч хувийн амьдрал ч баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээ, хууль, дүрэмтэй. Шүүгчийн хувийн амьдралыг хүртэл хуульчилж, дүрмээр зохицуулдаг гэхээр шүүгч хүн ямар өндөр хариуцлага хүлээдэг нь хэн хүнд шууд ойлгогдохоор байгаа биз. Харин шүүгчид ноцтой алдаа гаргав. Тийм атлаа, шүүгчид дээрх бичлэгээ хувь хүний асуудал, шүүгчийн хараат бус байдал мэтээр тайлбарлаж, зөвтгөхийг хичээж буй нь тэнэглэл, бас эмгэнэл. Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн төгсгөлд хариуцлагын тухай маш тодорхой заасан байсан. Тодруулбал, 5.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч энэхүү дүрмийг зөрчсөн бол Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан сахилгын хариуцлага хүлээнэ” гэжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-нд Шүүгч зөвхөн хуульд захирагдах, шударга ёсны зарчим болон шүүгчийн ёс зүйг санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн бол холбогдох сахилгын болон хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, санаандгүй үйлдэл төдийд ч шүүгч хариуцлага хүлээхээр байна. Гэхдээ журамд зааснаар хариуцлага тооцох хугацаа нь асуудалтай юм билээ. Тодруулбал, тус дүрмийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар, зөрчил гаргаснаас хойш зургаан сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүгч аливаа алдаа гаргаад нэг сар өнгөрсөн бол хариуцлага тооцох хөг нь өнгөрнө.
Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээд нь шүүгч ёс зүйн дүрмээр тогтоосон хэм хэмжээгээ зөрчсөн гэж үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан журамд зааснаар Монгол Улсын шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах эрхтэй. Азаар шүүгч нарын зохисгүй үйлдлийг үл тэвчсэн хэн нэг нь Шүүхийн шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргасан байна. Тиймээс дүрэм ёсоор Шүүхийн шүүгчийн ёс зүйн хороо сарын дотор хуралдаж, шүүгч нарт хариуцлага тооцох ёстой.
Үүнээс гадна шүүгч нар төрийн тусгай албан хаагчийн ангилалд хамаарна. Тиймээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаснаар бичлэгт авсан материал үнэн болох нь нотлогдвол Төрийн албаны тухай хуулиар шүүгч нар ажлаасаа огцрох үндэслэл болно. Гэхдээ шүүгч нар төрийн тусгай албан хаагч хэрнээ эл хуулийг үл тоодог аж. Бид бие даасан эрх зүйн байдлын хуультай, дүрэмтэй гэж томордог гэх. Аль нэг шүүгч буруутай үйлдэл гаргасан, илтэд хууль зөрчсөн үед Төрийн албаны зөвлөл асуудлыг сөхөж ярих, шалгах болоход шүүгч төрийн албаны шалгалт өгч томилогддоггүй, хуульчийн болон шүүгч сонгон шалгаруулах журмаар шалгалт өгдөг хэмээн Төрийн албаны зөвлөлийнхнийг үл хайхардаг байна. Товчхондоо, Төрийн албаны тухай хийгээд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм аль алинд нь зааснаар шүүгч нарт хариуцлага тооцох нөхцөл бүрдсэн. Ер нь “Нэхүүл” хөдөлгөөнийхний “АТГ-ын ажилтан, шүүгч, өмгөөлөгч буюу аливаа хэргийн оролцогч байж болох гурван тал уулзсан нь зүй бус үйлдэл” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, Сүхбаатарын талбайд жагссаныг ч иргэд буруутгахгүй байна лээ.
Бас нэг зүйлийг дурдахад, гуравдугаар сарын 1-нээс Шүүхийн тухай багц хуулийг мөрдөж эхлэхэд одоогийн Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм хүчингүй болох юм билээ. Цаашдаа шүүгч асуудал гаргавал гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх Шүүхийн тухай хуулийн 12 дугаар бүлгийн 57 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулна. Яг үнэндээ эл хуулийн дээрх бүлэг нь одоогийн Шүүгчийн ёс зүйн дүрмээсээ долоо дордсон гэмээр, удахгүй хүчингүй болох Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль дээрх зүйл заалтуудыг үндсэндээ хуулаад тавьчихсан л зүйл байна билээ. Ямартай ч шүүгч, хуульчдын гаргасан зүй бус үйлдэл иргэдийн өдрөөс өдөрт алсарч буй итгэлийг улам бүр алдлаа. Алдах алдахдаа мөрөөрөө ажлаа хийж яваа мянга мянган шүүгчийн нэр хүндийг шороотой хутгав. Гэхдээ нэр бүхий шүүгчдийн эл үйлдэлд Шүүхийн шүүгчийн ёс зүйн хороо шударгаар хариуцлага тооцож чадвал дээрх шүүгчдэд даруулга, бусад хуульчдад сургамж болох учиртай. Ингэж байж шүүхэд итгэл алдсан ард түмний сэтгэл наашаа эргэх эхлэл тавигдана.