БНХАУ-ын "КОВИД-19" халдварт цар тахлын эсрэг Синофарм компанийн үйлдвэрлэсэн дархлаажуулалтын Verocell вакцины үр дүнгийн талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэлээс тодрууллаа.
- БНХАУ-аас манай улсад 300 мянган хүн тун Синофарм компанийн үйлдвэрлэсэн Verocell вакциныг хандивласан. Тус вакциныг ДЭМБ бүртгэж аваагүй байна. Манай улс тус вакциныг дархлаажуулалтад хэрэглэх нь ямар нэгэн эрсдэл дагуулах уу?
- БНХАУ-ын Синофарм үйлдвэр дэлхий дахинд вакцин үйлдвэрлэлээрээ дээгүүрт ордог. Тус үйлдвэрийн олон вакциныг манай улс хэрэглэдэг. Коронавирусийн эсрэг вакцины хувьд Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу тухайн орны болон өөрийн орны албан ёсны үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэйгөөр хийж болно. Синофарм вакцин БНХАУ-ын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн учраас энэ вакциныг хэрэглэхэд хууль эрх зүйн хувьд ямар нэгэн зөрчил байхгүй. Мэргэжлийн хүний үүднээс хэлэхэд Синофарм компаний Verocell вакциныг уламжлалт аргаар үйлдвэрлэгдсэн учир вакцины үр дүнд манай ард иргэд эргэлзэх хэрэггүй.
-Уг вакциныг ДЭМБ-аас хэзээ бүртгэгдэж авах талаар ямар нэгэн шийд, сураг бий юу?
-Вакцинууд маш богино хугацаанд бүртгэгдсэн учраас бид ДЭМБ-ын яаралтай горимоор бүртгэсэн вакциныг энэ удаад хэрэглэж байгаа. ДЭМБ гуравдугаар сарын эхээр Синофарм вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл өгнө гэсэн мэдээлэлтэй байна.
- Коронавирусийн эсрэг вакциныг хэдий хэр хугацаанд хадгалах горимтой байдаг вэ?
- Ямар ч вакциныг үйлдвэрлэгчийн зааврын дагуу хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, хадгалах хугацаа, хэрэглэх заавар үйлдвэрлэгчээс ирэх бөгөөд бид чанд мөрддөг. Энэтхэг улсаас манайд нийлүүлсэн AstraZeneca-ийн Covishield вакциныг 2-8 хэмд хадгалах боломжтой. Тасалгааны температурт 6 цаг хадгалж болно.