Монголчууд цаг хугацааны дохио бэлгэдэл болох арван хоёр жилийн хугацал дээр эхийн хэвлийд өсөн торнисон хугацаа буюу “хий нас”ыг нэмэн тоолж, “арван гуравны жил оров” хэмээн хүмүүний аж амьдралын нэг бүхэл бүтэн үеийг бэлгэшээн үздэг. Мөн хүмүүний аж амьдралын бүхий л хугацааг “Нэг нас арван гурав” /бүхий л амьдрах хугацаа гэж хэлдэг. Энэ өвөрмөц бэлгэдэл сэтгэлгээний чинадад хүний хөгжил, амин судлалын мэдлэгийн өвөрмөц тохироо оршин байгаа нь ажиглагдаж байна (Т.Отгон). Эрдэмтэн Б. Ринчен “Монгол ардын эртний заншлаар, бага мөчлөг арван хоёр жилээр хүний насны эрийн цээнд хүрсэн гэж үздэг тул, жил орон, арван гурван нас хүрсэн хүнийг алхам бүрд эцэг эхийн гар харахгүй, бие даах нас гэж үздэг байсан учир арван гурван наснаас эр цэргийн тоонд орж, аян дайнд явдаг, арван хоёр жилийг таван махбод, эсвэл тэдгээрийн зохих таван өнгөөр үржүүлж гаргасан жаран жил буюу их мөчлөгийг насалсан хүн эр цэргийн албанаас чөлөөлөгддөг байсныг мэдэх баримт хуучин бичиг түүхэнд олон гардаг” гэж бичжээ. Монгол зүйр цэцэн үгийн санд буй “Арван гурав хүртэл араа шүдээ сольдог” гэх хэлц нь хүүхдийн био хөгжлийн шинжийг танин мэдсэн мэдлэг бөгөөд энэхүү хөгжилд тулгуурлан тухайн насанд таарсан үйл хэргийг тохоох зэрэг, тохирсон зан үйлийг үйлдэж байсан уламжлал бий. Мөн “ар араа гарвал арга ухаан сурна” гэх ба “араа бүрдвэл арга ухаан бүрдэнэ” гэсэн цэцэн үгс нь махбодийн хувьд шүд гүйцэхэд сэтгэл оюуны хувьд боловсроно гэх үзлийг илэрхийлж байна. Монгол угсаатны хувьд насны ангилалд нийцүүлэн хийж гүйцэтгэх зан үйл нь эрэгтэй хүнийг голлон анхаардаг бөгөөд энэ нь эцгийн тал буюу ясан төрлийг цэвэр авч явах язгуур угсаагаа өнө мөнхөд ариун дагшин дархлаатайгаар авч явах гэсэн хүсэл эрмэлзэлтэй холбоотой юм (Т.Отгон). Монгол хүн хүүхдийг арван гурван нас хүртэл тухайн хүүхэд ямар хувь төөргөөр хэрхэн амьдрахыг нь шинжин, хүүхдийн зан төрхийн болон оюуны чадвар, бие махбодын онцлогт тулгуурлан, эрдэм номын хүн болох, хүч тамираар гарамгайлах, төрийн албанд зүтгэх, биеийн хүчний хөдөлмөр эрхлэх, уран бүтээл туурвих зэрэгт бэлддэг байсан, ба “...удамтай бөө нэр арван гурван насан дээрээ бөө болох анхны шинж мэдэгддэг...” (С.Дулам 2011,177) “Төрийн хар хүн болгох хүүхдийн гөхлийг ургуулсаар арваас арван хоёр настайд нь өдөр гараг сонгон байж, “гэзэг” тавиулна” , мөн арван гурван нас хүрэнгүүт эрэгтэй хүүхдийн заяаны хань дуудах зэрэг тодорхой зан үйлийг хийж гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд хүүхдийн арван гурван насыг “чавчирга нас” гэж нэрлэх тохиолдол байна. Чавчирга хэмээх нь “Уяа сур олс дээсний зангилааны чангарал, ором” гэсэн утгатай үг бөгөөд хүний насны үргэлжлэх хугацаан дундах нэгэн онцлог бүхий тэмдэг үе хэмээн ойлгож тийнхүү нэрлэсэн бололтой. Арван гурав наслангуут нэгэн онцлог үе дуусч, шинэ үе эхлэж буй хэмээн үзэж, эрэгтэй хүүхэд насанд хүрэгчдийн хэмжээний зарим зан үйлд оролцох эрхтэй болдог байжээ. Түүнчлэн “Охин хүүхэд арван гурван нас насалбал эцгийн өвөрт орохыг цээрлэнэ. Хүү арван гурван нас хүрвэл эхийн өвөрт орохыг цээрлэнэ” хэмээн хүүхэд насаа гээхтэй холбоотой цээрийн ёс бий. Энэ нь балчир наснаас өсвөр насанд шилжиж, бэлгийн бойжилтын шат эхэлж байгаа онцлог үе учраас тухайн хүүхдэд бэлгийн хүмүүжлийг чанд хатуу дэг жаягтай, цэвэр ариун, ёс журамтай олгож байсан уламжлалтай холбоотой. Энэ бүх ёс ёслол, үйл явцаас үүдэн арван гурван насыг бүхий л био эрчим хэмнэлийн нэг бүхэл бүтэн үе гэж үзэх үзэл байсан (Т.Отгон). Үүнийг батлах нэгэн зан үйл бол “...Цагаан сарын шинийн нэгэн гарахаас өмнө битүүний шөнө арван гурван нас хүрэх эрэгтэй хүүхдэд битүү аман хүзүү чанаж, дэрлүүлэн хонуулдаг бөгөөд шинийн нэгний өглөө аман хүзүүгээ мөлжүүлээд, дараа нь золгохдоо ах настай хүний амрыг эрж золгодог..... Энэ нь ам нээлгэж байгаа утгатай. “Хүзүү дэрлээд, хүн болоод” гэж ярьдаг ... насанд хүрээгүй хүүхдүүдийг “хүзүүнүүд” гэдэг бол томчуулыг “нуруунууд” гэдэг (С.Дулам) байна. Иймээс “нуруутай хүн, ноён нуруу сайтай” гэдэг хэлц нь томчуулын тухай үнэлгээ юм.
Эх сурвалж: Ардын багш С.Дулам
Ташрамд дурдахад, 2010 онд эхээс мэндэлсэн хүүхдүүдийн хувьд энэ гарч байгаа усан бар жилд, 13-ны жил орж байгаа махбодийн зурхайн үүднээс амин болон биеийн махбодийн чулууны үр муу гарсныг зурхайч нар хэллээ. Тэдний хувьд хийморь лүндаа маш дорой жил тулд эрүүл мэнд, нас бататгахын тухайд илүүтэй анхаарах учиртай гэнэ. Эр хүүхэд усан суудалд суусан, эмэгтэй хүүхдүүд гал суудалд суусан байна. Онцлох засал ном нь Цэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Галын сан, Лусын сан, Дашзэвэг, 8 гэгээн, Жанаггагдог, Доржзодва, Лүмбэнгарав аж.