Улсын онцгой комисс өчигдрийн мэдээллээрээ зайлшгүй шаардлагатай, ажиллах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, албан байгууллагын алба хаагчид алба, амины автомашинаараа зорчиж болно гэсэн. Үүний дагуу алба хаагчид өнөөдөр өглөө автомашинаараа ажилдаа гарав. Автомашинууд зам руу оров уу үгүй юу замын цагдаа нар шүгэлдэж, зогсоосон дүр зураг хотын хаа сайгүй тохиолдов. Улсын онцгой комисс өчигдөр ард иргэдээ автобусанд суу гэсэн. Ажилдаа яарсан ард иргэд өнөөдөр хөлдөж үхтлээ автобус хүлээж зогссон гэнэ. Хүнсний дэлгүүрийн худалдагч бүсгүй ажилдаа явж чадахгүй гацаж, эмийн санч эмэгтэй гудамжнаасаа гарч чадахгүй буцаж, чухал объект хамгаалах үүрэгтэй хамгаалалтын ажилтан ажилдаа санаа зовсоор автобусны буудалд унаа харуулдаатай өглөөг өнгөрүүлэв. Тэр ч бүү хэл төрийн үйл ажиллагааг сурвалжилж, ард иргэдийн харах нүд, сонсох чих болсон хэвлэл мэдээллийн салбарынхныг хүртэл хязгаарлах гэж оролдлоо, цагдаа нар. Өчигдөр гарсан шийдвэр өнөөдөр хүчингүй болж, хөл толгой нь олдохгүй маргаан үүсэж, ажилдаа явах гэсэн алба хаагчид тушаал биелүүлж буй гэх цагдаа нарын дунд үл ойлголцол үүслээ.
Өөрөөр хэлбэл, хотын даргын мэдэлд байдаг Тээврийн цагдаагийн алба, нийтийн тээврийн газрынхан Улсын онцгой комиссын гаргасан шийдвэр журмаас зөрж, хөл хөдөлгөөнийг хоморголон дарж, ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолттой ч үл тоож, ёстой нөгөө төр төмөр нүүрээ үзүүлж байна гэсэн шиг дарамт үүсгэв. Газар авсан цар тахлаа хурдан дарж хумихынхаа оронд бүр далимдуулж дарангуйлал, хүчирхийлэл тогтоохоор оролдож эхлэв үү гэлтэй үйл явдал яг одоо хотын гудамжинд ид өрнөж байна.
Та бүхэн Тээврийн цагдаагийн албаны цахим хуудсаар ороод үзээрэй. Их хотын амьдралыг үндсэнд нь зогсоож, хүн ардыг дээрээс ирсэн тушаал гэгчээр хяхаж, хавччихаад гавьяа байгуулсан аятай хот хоосорсон хэмээн зураг байршуулсан байна билээ. Засгийн газар, Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс нэгдсэн шийдвэр гаргаж чадахгүй, холион бантан хутгаж буйн гор энэ мэтээр илэрч байна. Уялдаа холбоогүй, гаргасан шийдвэр үр бүтээлгүй байгааг МУИС-ийн багш, судлаач Т.Мөнх-Эрдэнэ ийн тайлбарлалаа. Тэр бээр “Улсын онцгой комисс гэх бүтэц байх шаардлагагүй. Манайх шиг Засгийн газраасаа тусдаа Улсын онцгой комисс гэсэн бүтэц ажиллуулдаг орон дэлхийд алга. Манай хойд хөрш төстэй байх болов уу гээд үзтэл тэнд бас л Засгийн газар нь нэгдмэл шийдвэр, удирдлагаар алба хаагчдаа хангаад, тогтвортой ажиллаж байна. Гамшгаас хамгаалах тухай хуульд уг нь "нэгдмэл удирдлагатай байх" зарчим тусгасан. Гэвч Улсын онцгой комисс гэж байгаа нь энэ зарчмыг шууд алдагдуулдаг. Бас Улсын онцгой комисс хамгийн хариуцлага хүлээдэггүй бүтэц. Түүнчлэн шийдвэр, үйл ажиллагаандаа хууль үндэслэдэггүй байгууллага. Энэ нь 2020 онд гаргасан Улсын онцгой комиссын шийдвэрүүдэд хийсэн дүн шинжилгээгээр нотлогдсон. Тиймээс цаашдаа Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс мэтийг халж, гамшиг цар тахлын үеийн удирдлагаа Засгийн газар авах ёстой. Тэгж гэмээнэ нэгдмэл удирдлагад хүрч, нэгдсэн шийдвэр гардаг болно” хэмээн хатуу хөл хорио нэртэй хүчирхийлэл, дарангуйллын цаад шалтгааныг тайлбарласан. Өчигдөр, өнөөдрийн үйл явдлаас харахад УОК-оос давсан эрх мэдэлтэй НОК-ынхон ТЦА-нд хотын амьдралыг “зогсоох”-оор үүрэгдсэн бололтой юм. Өглөөнөөс хойш үйл явдал энэ мэтээр хурцдаж, иргэд бухимдаж, алба хаагчид аргаа барж байхад УОК ямар нэг хариу арга хэмжээ авалгүй таг чиг байгаа нь их хотын амьдралыг хүчээр зогсоох хотын удирдлагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа мэт. Алба хаагчид хэрхэх, ард иргэд цар тахлын үед аль комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, С.Амарсайхан, Д.Сумъяабазар нарын хэнд нь ч хамаагүй бололтой.