ХЗДХЯ-ны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс иргэдэд эрх зүйн мэдлэг олгох, зөвлөгөө мэдээллийг илүү ойроос, шуурхай хүргэх зорилгоор ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран “Хуульчдын подкаст” студийг байгуулав. “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд уг студийг байгуулсан ажээ. Уг студийг хамгийн сүүлийн үеийн техник, технологиор тохижуулсан бөгөөд Монголын хуульчид болон иргэдэд зориулсан хууль зүйн сургалт, сурталчилгаа, мэдээ, мэдээллийг аудио болон видео хэлбэрээр олон нийтэд шууд хүргэх юм. Тиймээс тун удахгүй иргэдийн өдөр тутмын амьдралд тохиолддог аливаа бэрхшээлийг хуул зүйн мэдлэгтэйгээр “тойроод” гарах мэдлэг олгох энгийн ойлгомжтой үг хэллэгтэй, хуулийн сайтар тайлбарласан подкастууд олны сонорт хүрч эхлэх нь.