Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, зарим дэлгүүр, ресторан, үйлчилгээний төвийг нээсэнтэй холбоотойгоор түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдээс орлого, ашиг хэр байгаа болон түрээсийн төлбөрөөс хөнгөлүүлж чадсан, эсэхийг нь сонирхлоо. Баянгол дүүргийн XVI хорооны нутагт, Барилгын технологийн коллежийн урд талын автобусны буудал дахь түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулагч залуу “Энэ ТҮЦ-ийн нэг сарын түрээс 900 000 төгрөг. Хоёр сар гаруй ажиллахгүй байгаад даваа гаригт онгойлгосон. Их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд хичээллэхгүй болохоор үйлчлүүлэгч тун цөөн байна. ТҮЦ-ийн эзэн түрээсээ бүрэн авах, хөнгөлөх, эсэх талаар тодорхой юм хэлээгүй. “Юутай ч 10 хоног ажиллаад үз, орлого ямар байх бол, тэр үед ярилцъя” гэсэн. Энэ байдлаараа түрээсийнхээ 50 хувийг олоход ч бэрх, эзэн маань юм бодох байгаа” гэлээ. Дээрх дүүргийн ХX¬VII хороонд “Мах, жимс, ногоо” гэсэн хаягтай хүнсний дэлгүүр бий. Нэлээд том талбайтай тус дэлгүүрт өнгөрсөн мягмар гарагт 12.00 цагт ороход нэг ч үйлчлүүлэгч байсангүй. “Дэлгүүрээ түрээсэлж ажиллуулдаг уу, орлого, ашиг хэр байна” хэмээн лавлахад худалдагч “зовлон тоочиж” эхэлсэн юм. Тэрбээр “80 гаруй ам метр талбайтай эл байрны түрээс нэг сард 3.8 сая төгрөг. Цахилгаан, дулаан, ус, хогны мөнгөнд 300 орчим мянгыг төлдөг.
…Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулагчид өөрсдийн эрх ашгийг хамгаалах, гамшгийн болон жирийн үед мөрдөх журам боловсруулахад санал гаргах, тулгарч буй бэрхшээлээ шийдвэрлэх талаар нэгдэхэд болохгүй гэх газаргүй…
Гэтэл сүүлийн гурван сард орлого үнэхээр муу байсан учраас түрээсийнхээ тодорхой хувийг хөнгөлж өгөөч гэтэл эзэд нь чадахгүй гэлээ. Бүр ашиглалтын зардлаа ч төл гэсэн. Уг нь эрчим хүч, дулаан, усны мөнгийг төр даана гэсэн биз дээ. Хүнсний дэлгүүрүүдийг хааж, хориогүй болохоор түрээслэгчид мөнгөө нэхэх нь зүйн хэрэг ч иргэдийн хөдөлгөөн татарч, цалин орлого нь багассан, худалдаа илт буурсныг харгалзан үзээсэй. Түрээслүүлэгч талтайгаа хэрүүл ч биш, хэлцэл ч биш юм хийн, утсаар хашхираад сууж байтал та ороод ирлээ. Хэцүү байна шүү” хэмээн ярив. Чингэлтэй дүүргийн I хороонд байрлалтай кафе түрээслэгч бүсгүй нэрээ нууцлахыг хүсэн дараах зүйлсийг дурдсан. Тэрбээр нөхрийнхөө хамт 150 гаруй ам метр талбайтай, бүрэн тавилгатай, согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй уушийн газрыг сард долоон сая төгрөг төлж түрээсэлдэг юм байна. Ямар нэг байдлаар хөл хорио тогтоосон сүүлийн нэг жилийн хугацаанд орлого нь байнга тасалдан, түрээсийн төлбөрөө өгөхөд хүндрэлтэй болжээ. Гэсэн ч эзэд нь өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, огт ажиллуулаагүй үеийн түрээсийг 70 хувиар бууруулж, бусад сарынхыг бүрэн авч буй аж. Учир нь түрээслүүлэгчид нь банк, ББСБ-уудад их хэмжээний зээлтэй, зээлийн хүү төлөх зайлшгүй шаардлагатай, орлогын ганц үүсвэр нь түрээс учраас өөрсдөө санхүүгийн хүндрэлд орсноо учирласан гэнэ. Иймээс түрээс төлөх ч, төлж чадахгүй гэх ч хэцүү байгааг онцлов. Ер нь олонх түрээслэгчийн зовлон адилхан байна. “Peace mall” худалдааны төв болон ажилчид, албан хаагчдад үйлчилдэг хоолны газрууд, их, дээд, бага, дунд сургууль доторх цайны газрын түрээслэгчид 1-3
сараар нь урьдчилан төлсөн гэв. Харин эзэд нь түрээсийн төлбөрөө хөнгөлөх, эсэх талаар дурдаагүй төдийгүй цөөнгүй нь банк, ББСБ, хувь хүмүүсээс их хэмжээний зээл авч барилга байшин барьсан гэжээ. Түүнчлэн зээлийн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөөгүй учраас түрээсээ авна гэсэн аж. Гэхдээ түрээсийн төлбөрөө 100 хувь, тодорхой хэмжээгээр чөлөөлсөн аж ахуйн нэгж цөөн боловч байгаа талаар цахим орчинд мэдээлэл гарсаар буйг дурдах хэрэгтэй.
Түрээсийн төлбөр төлдөг хэтрүүлж хэлбэл олсон орлогынхоо дийлэнхийг “хүүлүүлж” амьдардаг иргэд, аж ахуйн нэгжүүд манай улсад олон бий гэхэд болно. Хааш хаашаа хоёр метр орчим талбайд нэг ширээ тавин, маникюр хийдэг охид, бүсгүйчүүд гэхэд тухайн үйлчилгээний төвийн байршлаас хамаарч сард 500 000-аас нэг сая хүртэлх төгрөгийн түрээс өгдөг. “Урт цагаан” үйлчилгээний төвийн “эзэд” нэг ам метрийн төлбөрт Нийслэлийн өмчийн газарт 9000 төгрөг өгдөг ч иргэдэд хэд дахин өндөр үнээр дамлан “зардаг” тухай хэрүүл маргаан тасардаггүй. Гэтэл түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалсан, тэдний дуу хоолойг нэгтгэсэн байгууллага байдаггүй юм байна.
Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөл, Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооныхны утас, хаяг өөрчлөгдөн, холбоо барих аргагүй болжээ. Хэдэн хүн түрээсийн байр, лангуу эзэмшин бизнес эрхэлдэг гэсэн барагцаа тоо ч алга. Мөн түрээсийн төлбөр ам метр нь хэд байх тухай баримжаа, загвар байхгүй. Түрээсийн төлбөрийн дээд хязгаарыг тогтоох, уг үйлчилгээтэй холбоотой асуудлыг цогцоор нь шийдвэрлэх зорилготой хуулийн төслийг Улсын их хуралд хэдэн жилийн өмнө нэр бүхий гишүүд өргөн бариад амжилт олоогүй жишээ ч бий. Тиймээс өмчийн эзэд түрээсийн ханшаа тогтоодог, мөн өөрөө өр зээлтэй, санхүүгийн ганц эх үүсвэр нь түрээсийн орлого учраас яах ч аргагүй нөхцөл үүсэн, түрээслэгчдээс ямар ч үед мөнгө гаргуулахыг эрмэлзсэн хэвээр байна. Түүнчлэн түрээсийн мөнгө авсан ч и-баримт өгдөггүй, орлогоосоо татвар төлдөггүй байдал анзаарагддаг. Тэгвэл Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрынхан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг томоохон, цөөнгүй байгууллага өнгөрсөн оны тайлангаа ирүүлснээс түрээсийн төлбөрөө тодорхой хэмжээгээр бууруулж, тэр хэрээр татвараа хөнгөлүүлснийг дурдсан юм. Гэхдээ ийм байгууллагуудын тоо цөөн байгаа бөгөөд түрээслэгчид төлбөр төлсөн тохиолдол бүртээ и-баримт авч, орлого ологч тухайн хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг бүртгэлжүүлэхэд хувь нэмрээ оруулах учиртай гэлээ. Эцэст нь хэлэхэд, Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулагчид өөрсдийн эрх ашгийг хамгаалах, гамшгийн болон жирийн үед мөрдөх журам боловсруулахад санал гаргах, тулгарч буй бэрхшээлээ шийдвэрлэх талаар нэгдэхэд болохгүй гэх газаргүй. Мөн их, бага хэмжээгээр түрээс төлөх бүртээ баримт авч, түрээслүүлэгч эздийн орлогыг хянаж чадвал нэг ам метр талбайд төлөх түрээсийн өртгийг тогтооход дөхөм болох бололтой.