Цахим хичээлийн үр дүн болон сургалтын төлбөрийн талаар СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогостой ярилцлаа.
-Цар тахал өвчин гарсантай холбоотойгоор их, дээд сургуулийн сургалтын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн. Энэ нь хэр үр дүнтэй байна вэ?
-Монголд төдийгүй дэлхий дахинд их, дээд боловсролын сургалтын байгууллагууд цахим хэлбэрт шилжээд нилээдгүй хугацаа өнгөрлөө. Манай сургуулийн хувьд гурван жилийн өмнөөс зайн сургалтыг байгуулаад зарим нэг хичээлийг цахимаар явуулах бэлтгэл ханган ажиллаж байсан юм. Гэхдээ энэ нь бүрэн бэлэн байсан гэсэн үг бол биш. Өнгөрсөн хаврын хичээлийн байдлыг энэ намрын хичээлийн үйл явцтай харьцуулбал оюутан нар маш сайн суралцаж хичээлийн ирц идэвх 97 хувьтай, сургалтаа явуулж буй.
Мөн их, дээд сургуулийн үйл ажиллагаа зайнаас буюу цахимд шилжсэнтэй холбоотойгоор зарим нэг зардал нэмэгдэж байгаа. Жишээлбэл, программуудыг сайжруулах, боловсруулах, өргөтгөх, тоног төхөөрөмж худалдан авах шаардлага бий.
Ер нь цахим орчинд шилжсэнтэй холбоотойгоор оюутан болон багш нараас бүтээлч хандлаг шаардагдаж байгаа юм. Өмнө нь багш нар тахимд хичээлээ заагаад дараа нь явцын шалгалтуудыг авч хичээлээ бататгадаг байв. Гэтэл цахимд шилжсэнээр манай багш нар өглөөний 9 цагаас оройны 11, 12 цаг хүртэл оюутнуудынхаа сурсан, мэдсэн мэдлэгийг бататгаж ажиллаж байгаа учраас ачаалал ихээхэн нэмэгдсэн. Нөгөөтээгүүр оюутны бие даах чадвар сайжирсан үр дүн гарсан. Дэлхийн олон улсад зааж байгаа төлбөртэй болон төлбөргүй олон сургалт хөтөлбөрүүдэд цахимаар хамрагдаж өөрийнхөө ур чадвар, мэдлэгээ тэлэх бүрэн боломжтой. Үүнтэй холбоотойгоор манай багш нар хичээл заахаас гадна гарын авлага, ашиглах материал, сурах бичгүүдийг нэмэгдүүлэх тал дээр маш идэвхтэй ажиллаж байна. Тиймээс цахим сургалтад шилжсэнээр багш нарын ачаалал буураагүй. Харин улам нэмэгдсэн. Багш нарынхаа ачаалалтай байдлыг үнэлж цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай байтал санхүүгийн боломжгүй байгаа юм. Яагаад гэхээр манай сургууль оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр багш нарынхаа цалинг өгдөг. Хэдэн жилийн өмнө тогтмол задралыг улсаас санхүүжүүлдэг байв. Харин одоо тогтмол, урсгал, хувьсгал зардлын аль аль нь улсад хамааралгүй учраас бүх зардлыг их, дээд сургуулиуд нуруун дээрээ үүрдэг. Иймд сургалтын төлбөрийг хөнгөлөх ямар ч боломжгүй гэдгийг манай сургуулийн оюутнууд их сайн ойлгож байгаа гэж бодож байна.
-Оюутнуудын бие даан суралцах чадварыг сайжруулах тал дээр ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ?
-Цахим орчинд оюутан, багш нарынхаа идэвх оролцоог сайжруулах, цахим хичээлийг бататгах зорилгоор тодорхой сэдвээр өөр өөрсдийн мэргэжил тус бүрт тохирсон “Утаснаасаа уралдъя” гэдэг уралдааныг зохион байгуулсан. Манай оюутнууд маш идэвх санаачлагатай оролцлоо. Мөн багш нарын хувьд хэн оюутнуудтэйгээ илүү сайн ажиллаж байна вэ?, ямар үр дүнд хүрч байна гэдгээр нь шалгаруулж мөнгөн урамшуулал олгосон. Мөн хөл хорио тогтоохоос өмнө намар багш нарт онлайн сургалтыг илүү өр өгөөжтэй хэрхэн зохион байгуулах талаарх сургалтыг зохион байгуулсан нь нүдээ олсон зүйл болжээ гэж харж байна.
-Дэлхийн олон орны цахим сургалтын талаар судалж, туршлага солилцсон зүйл бий юу?
-Мэдээж олон улсад урлагийн боловсролыг хэрхэн зохион байгуулж байна вэ?, сайн туршлага болон тэдэнд ямар асуудлууд байна вэ? үүнийгээ яаж шийдэж байгаа талаар бид судалж байгаа. Удахгүй эрдэм шинжилгээний олон улсын хурал хийхээр бэлдэж байна. Жишээлбэл, Бээжингийн драмын академи нь хуучин дадлага давамгайлсан сургалтыг явуулдаг байсан бол одоо онолын болон дадлагын сургалтыг 50х50 хувьтай зохион байгуулах нь зөв гэж үзжээ. Цахим сургалттай байгаа энэ үед онолын мэдлэгийг сайжруулах, задлан шинжлэх ажил дээр оюутнууд илүү их ажиллах шаардлагатай гэсэн судалгаа гаргасан байсан. Харин Сингапурын сургууль ямар судалгаа гаргасан бэ гэвэл онлайнд шилжсэнээр нэг эерэг зүйл гарсан нь оюутнуудын хичээл хамрагдалт сайжирлаа. Хуучин орон зайнаас үл хамаараад хичээлдээ бүрэн хамрагдаж чаддаггүй байсан бол одоо оюутнууд сургалтандаа бүрэн хамрагдаж чадсан гэсэн үр дүнд хүрчээ. Тэдний нэг давуу тал нь санхүүжилт сайн байдаг болохоор оюутнуудад шаардлагатай техник болон интернетийн асуудлыг бүрэн шийдэж өгч чаддаг.
Юнескогоос олон улсын их, дээд сургуулийн цахим сургалтын талаар “Холимог сургалтаар чанартай дээд боловсрол” гэсэн номыг гаргасан. Энэ нь Хонконг, Австрали, Солонгос гэх мэт дэлхийн олон орны сургалтынхаа хөтөлбөрийг хэрхэн өөрчилж байна вэ?, багш оюутнуудтайгаа хэрхэн хамтран ажиллах вэ гэсэн талаар олон улсын сургуулийн туршлагыг багтаасан номыг манай сургууль санаачлан орчуулж багш нартаа хүргэсэн.
-Танхимаар хичээл орохгүй байгаа учир сургалтын төлбөрийг уяан хатан зохицуулж болох уу гэсэн саналыг оюутнууд гаргаж байна. Танай сургуулийн хувьд ямар зохицуулалт хийж байна вэ?
-Монголын аль ч их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн хувьд оюутнуудад өгч байгаа мэдлэгээсээ бага төлбөрөөр хичээл, сургалтыг зохион байгуулдаг гэхэд хэн ч маргахгүй биз ээ.
Мөн сургалтын арга технологийн хувьд манай сургууль бусад сургуулийг бодоход онцлогтой. Тодруулж хэлбэл, ганцаарчилсан болон 5-10 хүний бүрэлдэхүүнтэй сургалтыг зохион байгуулдаг. Үүнд дуулаач, зураач, хөгжимчин мэргэжлээр суралцдаг оюутнууд багтдаг. Тиймээс танхимд сургалтыг зохион байгуулах шаардлага гардаг. Ялангуяа төгсөх курсийн оюутнууд багаар бүтээлч байдлаар ажиллах шаардлага үүсдэг. Жишээ нь бүжиг, жүжгийн урлаг дээр танхимын сургалт зайлшгүй хэрэгтэй байгаа учраас хөл хорионы дэглэмийг сайн биелүүлж цөөн бүлгээр хичээллүүлэх шаардлага байгаа гэдгийг БШУЯ-ны холбогдох хүмүүст танилцуулсан. Яамнаас сургууль болгоны онцлогт тохирсон тушаал шийдвэр гарах байх.
-Сургалтын төлбөрийг буцаан олгох боломжгүй гэдгийг дээр дурдчих шиг боллоо. Тэгвэл дотуур байрны төлбөрөө бүрэн төлсөн оюутнуудад төлбөрийг нь буцаан олгох уу?
-Оюутны дотуур байранд суугаагүй үеийн дотуур байрны мөнгийг өнгөрсөн жил буцааж олгосон. Зарим нь энэ жилийн төлбөрт шилжүүлсэн тохиолдлууд бий. Энэ жил хөл хорио удаан хугацаанд үргэлжилбэл буцаан олгох тохиолдол гарах байх.
Мөн сургалтын орчинд техник хэрэглэсний төлбөрийг оюутнуудад буцаан өгөх шийдвэр гараад одоогоор судалгаануудыг хийж байна. Тэрнээс биш сургалтын төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх яриа хэрхэвч байж болохгүй. Яагаад гэхээр багш нарынхаа цалинг оюутнуудынхаа сургалтын төлбөрөөс олгодог учраас тэр. Харин хасаж танаж болох бүх зардлыг бид танаж одоо байгаа зардал мөнгөндөө тохируулаад хичээл сургалтаа зохион байгуулж байна. Монголын бүх их, дээд сургууль оюутнуудын сургалтын төлбөр дээр л оршин тогтнож байна. Иймд оюутнуудынхаа сургалтыг төлбөрөөр багш ажилчдынхаа цалинг тасалдуулчихгүй олгох тал дээр анхаарч, сургалтын хэвийн үйл ажиллагааг зохион байгуулж байгааг гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.
-СУИС-ийн хувьд цар тахал гарсан энэ үед хүмүүст эерэг хандлагыг бий болгохын тулд олон ажлыг цахим орчинд өрнүүлсэн. Товчхон дурдвал
–Хөл хорио тогтоосон үед урлагаар дамжуулж хүмүүст эерэг хандлага бий болгохын тулд бид цахим орчинд олон челлэнж, давлагаануудыг өрнүүлсэн. Манай сургуулийн нэг давуу тал нь урлаг соёлын олны танил хүмүүс ажилладаг учраас бусдыгаа уриалан дуудаж цахимаар дамжуулж шинэ содон бүрэн бүтээлээ хүмүүст хүргэсэн. Мөн манай сургуулийн төгсөх ангийн оюутнууд маань сургуулийнхаа 30 жилийн ойд зориулж “СУИС бидний бахархал” гэсэн давлагааг эхлүүлсэн.
Хөл хорио тогтоосон энэ үед бид зургаан жилийн өмнө эхлүүлсэн төслийнхөө нэг үр дүнг үзсэн. Юу гэхээр Монголын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл чухам юу юм бэ? гэдэг дээр гол санаагаа нэгтгэж гаргасан “Монголын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн судрыг” ерөнхийлөгчийн зарлигаар өнгөрсөн оны 12 дүгээр сарын сүүлээр төрийн ордонд өргөн заллаа. Ялангуяа манай залуучууд монголын урлаг соёлын үнэт зүйлийг мэдэж авснаар өөр улс оронд очсон үед монголынхоо урлагаар бахархах сэтгэл төрдөг гэдгийн сайн ойлгож авах хэрэгтэй.