Монгол залуусын орон. Улс хүн амаа өсгөх бодлогын хүрээнд дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн бол ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж буй. Гэр бүл төлөвлөлтөд энэ бодлого эерэгээр нөлөөлсөн болов уу. Төрөлт нэмэгдэж, Монголын үрс олон болж буй. Гэхдээ саяхнаас Зөрчлийн тухай хуулийн дагуу 22.00-06.00 цагийн хооронд хүүхдүүд үймүүлсэн, хөршийнхөндөө болоод дээд, доод айлдаа хүндрэл учруулж, нэг ёсондоо олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол ээж, аавыг нь 100 мянган төгрөгөөр торгож эхэллээ. Уучлаарай, үүнийг чинь иргэд эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл, олон нийт “Анхааруулж болно, шууд торгож болохгүй” хэмээн саналаа хэлцгээж эхлэв. Торгож, шийтгэж ард иргэдийн халаасыг тэмтрэх гэж яарахаас илүүтэй, урьдчилан сануулж, соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил зохион байгуулах ёстой хэмээн үзэл бодлоо илэрхийлэх хүнтэй ч таарсан. Иргэдийн халаас руу гар дүрж, төр хэтэвчээ зузаатгах санаагаа “21.00-22.00 цагт хүүхэд унтсан байх ёстой. Энэ нь тэдний эрүүл мэнд, өсөлтөд хамгаас сайн” хэмээн ухуулж сурталчлаад байх шиг байна. Гэнэтийн ийм ухуулга сурталчилгаанд автаад, алгын чинээ үрсээ хүчээр унтуулж, “хүчирхийлэл” үйлдэхийг хүсэхгүй байна, орчин цагийн аав, ээжүүд. Олон улсад ийм хууль үйлчилдэг үү гэвэл, тийм. Гол нь тэд эхлээд хуулиа иргэддээ сурталчилж, таниулдаг юм. Улмаар хүүхэд нь үймүүлж, ойр тойрны хөрш, дээд доод айлдаа хүндрэл учруулсан бол цагдаа эхлээд тэдэнд анхааруулдаг. Дараа нь ээж, аавыг нь сургалтад хамруулж, хүүхдээ эртхэн унтуулах нь олон талын ач холбогдолтойг дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Улмаар “террорист” ажиллагаа явуулаад байгаа дайсны бяцхан цэргүүдтэй мэргэжлийн сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд уулзаж, ярилцаж, тоглох замаар яагаад эрт унтах ёстойг ойлгуулдаг талаар гадаадад олон жил амьдарч ажилласан хуульч хэлсэн юм. Өөр түвшний хүмүүс, тодорхой хэлбэл, хүүхэд, том хүн хоёуланд нь асуудлыг тайлбарлах, ойлгуулах ажлыг төр эхлээд хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төр эхлээд иргэдийнхээ таатай орчинд, эрүүл, зөв хэв маягаар амьдрах нөхцөлийг нь бүрдүүлчихээд дараа нь хариуцлага хүлээлгэх торгох механизмаа хэрэгжүүлдэг. Монголд хуулиа сурталчлах, иргэдэд ойлгуулах, аливаа зөрчил, асуудлаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (ГХУСАЗЗ) гэж бий. Уг зөвлөл Зөрчлийн тухай хуулийг иргэдэд таниулах ойлгуулах чиглэлээр юу хийсэн юм бэ. Иргэд яагаад аль хоёр жилийн өмнө батлагдсан хуулийн уг заалтыг өнөөдрийг одоо болтол бүрэн мэдээгүй, зарим нь бүр сонсоогүй байгаа юм бол оо. Төр хуулиа сурталчлаагүйн балгаар хуулийг хэрэгжүүлээд эхлэнгүүт иргэдийн олонх нь цочирдон хүлээн авав. Нэг талаар хүүхдээ эрт унтуулж, амрааж, маргааш хичээллэх эрч хүчийг нь дүүргэж өгөх нь эцэг, эхийн үүрэг. Гэхдээ ээж аавууд эл үүргээ хэрхэн биелүүлэхээ мэдэхгүй байна. Нөгөө талаар иргэдийн өөрсдийнх нь хандлага их чухал. Сахилгагүй хүүхдийг цагдаад мэдэгдэх эсэх нь хөршийн асуудал. Хөршүүд нэг нь нөгөөдөө “Хөгшөөн манайд хөдөөнөөс өвчтэй хүн ирсэн. Шөнө битгий хэл, өдөр ч ширүүхэн дуугарахад өвчтөний тайван байдал алдагдах гээд байна. Хэд хоногтоо хүүхдүүдээ учирлаж хэлээд нам жим байлгаад өгөөч” гээд зөвшилцөж болно. Заавал цагдаа дуудах шаардлагагүй. Эсвэл “Хүүхэд юм чинь сахилгагүйтэлгүй яах вэ, гэхдээ найзаа хүүхэд эрт унтах нь тэдний минь эрүүл мэндэд хэрэгтэй юм билээ л дээ” хэмээн найрсгаар хэлж ч болно. Хамгийн гол нь, ГХУСАЗЗ нь хуулиа ойлгуулах, хэрэгжүүлэх системээ ойлгохгүй байгаа юм уу, ямартай ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, иргэдийн мэдлэг дутмаг байгаа нь өчигдөр, уржигдар болсон үйл явдлаас илхэн харагдлаа. Эцсийн дүндээ өнөө торгох шийтгэх ажлыг нохойд барьдаг мод аятай, цагдаа нар л гүйцэлдүүлж, түмний бухимдлыг бараад л өнгөрөх нь. Хуулийн үйлчлэлийг зөв тодорхойлж, тогтоох гэсэн сайн жишгийг нийтэд ойлгуулж чадахгүй, нийгэмд төлөвшүүлж амжаагүй байхад дараагийн хуулийн шинэчлэл хийгдэх магадлал ихтэй цаг үед бид амьдарч буй нь харамсал юм даа. Төр хуулиа дорвитой сурталчлаад өгвөл наадаж, ээж хүү хоёр муудахгүй, цаанадаж иргэд цагдаа хоёр харгалдахгүй, нийгэм энэ бужигнахгүй байх сан даа.