Засгийн газраас гаргасан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн танилцуулж байна.
Тэрбээр, "2020-2021 оны хичээлийн жилд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээс бусад мэргэжлээр 2.8-аас дээш голч дүнтэй төрийн өмчийн их дээд сургуульд суралцдаг, өмнө нь хүсэлт гаргасан 5,000 гаруй оюутан болон дээрхи шаардлагыг хангасан хувийн өмчийн их дээд, сургуулийн оюутнууд шинээр хүсэлт гаргаснаар зээлд хамрагдах боломжтой боллоо. БШУ-ны сайдын 2021 оны төсвийн багц дахь Оюутны хөгжлийн сургалтын зээлийн зориулалтаар батлагдсан 24.8 тэрбум төгрөгөөс санхүүжүүлнэ.
Мөн Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр элсэгчдийг ЭЕШ-ын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний улирлын сургалтын төлбөрөөс чөлөөлж, төрөөс 100 хувь олгодог байсныг ЭЕШ-ын босго оноог 450 болгон буурууллаа. Энэ шаардлагыг хангасан 1,536 оюутан байгаа бөгөөд тэдний төлбөрийн дэмжлэгт нийт 3.1 тэрбум төгрөг шаардлагатайг БШУЯ-аас санхүүжүүлэхээр шийдвэрлэсан байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн болон, өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан хичээл сургалтын үйл ажиллагааг теле, цахим хэлбэрт шилжүүлсэн хугацаанд оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн улирлын болон жилийн төлбөрт шилжүүлэх журам гаргах юм" гэлээ.