Биржийн бус зах зээлийн арилжааг энэ оны эхний улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөсөн. Гэвч “Ковид-19” өвчний дэгдэлт буурахгүй байгаа учраас хөл хориог урт хугацаанд тогтоох төлөвтэй байна. “Хөл хорио биржийн бус зах зээлийг эхлүүлэх хугацааг хойшлуулах магадлалтай” гэж Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ц.Хуяг ярилаа. Санхүүгийн зохицуулах хорооноос Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд баталсан. Уг журмаар биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахыг МҮЦАЭХ-нд даалгасан. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн холбоо нь биржийн бус зах зээл үүсгэх, удирдан зохион байгуулах үүрэг хүлээж байна гэсэн үг.
МҮЦАЭХ-ныхон СЗХ-ны журамтай уялдуулан, үнэт цаас бүртгэх, арилжаалах гэх мэт дүрэм журам боловсруулах учиртай аж. Журам боловсруулах уулзалтыг цахимаар хийж буй нь цаг алдахад хүргэж байна гэж Ц.Хуяг тодотголоо. Мөн Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журамд заасан шаардлагыг хангасан арилжааны систем хийх үүрэгтэй. Дүрэм, журмаа боловсруулаад, арилжааныхаа системийг хийчихвэл шинэ зах зээл ажиллаж эхлэхэд бэлэн болно.
Юутай ч энэ жилд багтаад манай улсын хөрөнгийн зах зээл биржийн болон биржийн бус гэсэн хоёр зах зээлтэй болох нь. Хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө татах уу, биржийн бус зах зээлийн зохион байгуулагчид хандах уу гэдэг сонголт үүснэ. Биржийн бус нь олон улсад аль хэдийн хөгжиж, тухайн орны эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг нь батлагдсан зах зээл. Монголчууд биржийн бус зах зээл нь ямар ялгаатай байдаг юм бэ гэсэн асуултыг хамгийн түрүүнд тавих байх. Биржийн бус нь бага хэмжээний хөрөнгө оруулалтыг хурдан хугацаанд татахад зориулсан зах зээл гэж ерөнхийд нь ойлгож болно.
Зохицуулагч байгууллага болон хөрөнгийн бирж тодорхой стандарт, шалгуур тавьж, түүнийгээ хангасан тохиолдолд тухайн бизнест хөрөнгө оруулалт татах эрх олгодог. Хөрөнгө оруулалт татахаар бэлтгэсэн материалыг нь бирж, дараа нь зохицуулагч байгууллага хянана. Ингэхэд олон сарын хугацаа зарцуулах нь бий. Манайд компани хувьцаагаа олон нийтэд санал болгохын тулд жил гаруйн хугацаанд зөвшөөрөл хүлээсэн тохиолдол ч гарсан. Материалыг нь нухацтай шалгах нь ихэнх тохиолдолд жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалахын тулд байдаг. Энэ компанийн бонд, хувьцааг арилжихыг зөвшөөрчихвөл худалдаж авсан хүндээ өгөөжтэй байх нь уу, худал материал бүрдүүлж хөрөнгө оруулалт татах нь уу гэдгийг шалгадаг хэрэг. Хянаж шалгахад урт хугацаа зарцуулахаас гадна үнэт цаасаа биржээр арилжсаных нь төлөө өндөр шимтгэл авдаг. Бага хэмжээний хөрөнгө оруулалт татахын тулд удаан хугацаанд хүлээх, өндөр шимтгэл төлөх нь бизнест хохиролтой нь дамжиггүй. Иймээс л дэлхий нийтэд биржийн бус зах зээл хөгжүүлэх шаардлага үүсжээ.
Биржийн бус зах зээл хөрөнгө оруулалт шуурхай татах боломж олгохын тулд хяналт шалгалт багатай байдаг. Үүнийг удирдан зохион байгуулж буй байгууллага хөрөнгө оруулалт татахаар хандсан бизнесийг бүртгэх төдий л хяналт тавина. Харин тухайн үнэт цаасыг худалдан авах нь ашигтай, эсэх шийдвэрийг хөрөнгө оруулагч гаргадаг. Эрсдэлийг нь зохицуулагч байгууллага биш, хөрөнгө оруулагч өөрөө хянадаг гэсэн үг. Биржийн бус зах зээлээс старт-ап компани гарааныхаа санхүүжилтийг босгоё гэж бодъё. Өмнө нь хөрөнгө оруулж байгаагүй, туршлагагүй хүн старт-ап компани амжилттай ажиллах, эсэхийг таамаглахад хүнд. Амжилт олохгүй төсөлд хөрөнгө оруулаад мөнгөө алдаж мэднэ. Биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулагч тухайн хувьцаа, бондыг арилжихын тулд өндөр шалгуур тавихгүй учраас эрсдэлийг нь бараг харгалзахгүй гэсэн үг. Тиймээс туршлагагүй хөрөнгө оруулагч хохирол амсаж мэдэх тул биржийн бус зах зээлийн арилжаанд оролцохыг хориглодог. Харин дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын эрсдэлээ тооцох чадвартай мэргэжлийнхэнд үүдээ нээнэ.
Тэгэхээр мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуулт ургана. Үнэт цаасны брокер, дилер, андеррайтер, итгэмжлэн удирдах, кастодианы, хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагыг мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж үзэх нь. Мөн үнэт цаасны арилжаа эрхэлсэн тодорхой хэмжээний туршлагатай, хөрөнгийн баталгаатай иргэн, аж ахуйн нэгж, олон улсын банк, санхүүгийн болон хөгжлийн байгууллагууд, Засгийн газар, түүний агентлаг, Монголбанк, Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпорац, Зээлийн батлан даалтын сан, бүх төрлийн даатгалын санг мэргэжлийн хөрөнгө оруулагч үзэх юм байна.
Гэхдээ биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмаар тогтоосон шалгуурыг хангаж, зах зээлийг удирдан зохион байгуулагчид бүртгүүлсэн тохиолдолд дээрх газрууд үнэт цаас худалдан авах эрхтэй болно. Хөрөнгө оруулалт татах гэж буй байгууллага, бизнест биш, үнэт цаас худалдан авах талд нь шалгуур тавьж буйг анхаараарай.
Тэгвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид биржийн бус зах зээлээс ямар үнэт цаас худалдан авах боломжтой вэ гэсэн асуулт гарна. Тэд Засгийн газрын болон компанийн өрийн хэрэгсэл, хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хадгаламжийн бичиг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэл зэргийг худалдаж авах боломжтой аж. Зөвхөн Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан хөрөнгө оруулагч арилжаанд оролцох учраас тодорхой хүрээнд үйлчлэх, хаалттай зах зээл гэж ойлгох хэрэгтэй.
Манай олон аж ахуйн нэгж сүүлийн жилүүдэд хаалттай хүрээнд бонд арилжлаа. Компанийн хаалттай хүрээнд арилжиж буй бондыг заавал биржийн бус зах зээлээр дамжуулахаар журамласан. Тэгэхээр хаалттай хүрээнд гаргаж буй бондыг мэргэжлийн хөрөнгө оруулагчид авч, мэдээлэл, бүртгэл ил тод болох нь. Нөгөөтээгүүр, хаалттай хүрээнд бонд гаргаж, бага хэмжээний санхүүжилт татаж эхэлсэн нь биржийн бус зах зээлийг хөгжүүлэх суурийг бүрдүүлсэн гэж шинжээчид дүгнэдэг юм. Биржийн бус зах зээлээр хамгийн түрүүнд компани болон гарааны бизнесийн бондуудыг арилжина гэж хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд таамаглаж байна. Хоёр тэрбум төгрөг, түүнээс бага хэмжээтэй, жилийн хугацаатай хөрөнгө оруулалт шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллага биржийн бус зах зээл рүү ихээхэн хандана гэсэн хүлээлт бий. Биржийн бус зах зээлийг хөгжүүлэх ажил гараанаас хөдөлсөн нь Монголын эдийн засаг урагшлах нэг алхам билээ.