Б.Бат-Эрдэнэ нарын санаачилсан нэгэн хуулийн төслийг өнгөрсөн оны сүүлчээр парламентаар хэлэлцэж, УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэх болсон нь нийгэмд багагүй маргаан дэгдээсэн юм. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хэмээх хуулийг хэрэв баталбал ёс суртахууныг хуульчилсан анхны улс нь Монгол болно гэж зарим нь ёжилсон бол өнөө цагийн монголчуудад хэрэгтэй зүйл гэсэн нь цөөнгүй байлаа. Төсөл санаачлагчдын тайлбарласнаар бол хүн чанараа гээсээр буй монголчуудад ёс суртахуун, сэтгэл, сэтгэлгээний төлөвшлийг хуулиар “суулган” сайжруулах онцгой ач холбогдолтой юм гэсэн. Гэр бүлийн хүрээнд ч, цэцэрлэг, сургуулиудад ч эзэмшүүлж чадаагүй хүн чанар, хүндлэлийг уг хуулиар бий болгож, ингэснээр гэмт хэрэг, зөрчил багасна гэж тооцоолсон талаараа санаачлагчид нь онцолжээ.
Үнэндээ бусдын эрх, эрх ашгийг хөндсөн зохисгүй үйлдэл бүхэн, цаашлаад гэмт хэрэг нь хүйтэн сэтгэлээс үүдэлтэйг алдарт эрдэмтэн Альфред Адлер 100 гаруй жилийн өмнө тэмдэглээд хүний төлөвшилд анхаарвал зохиолтойг зөвлөсөн байдаг. “Хүний бүхий л буруу үйлдэл нь хайрын хомсдолоос үүдэлтэй” гэсэн тэрбээр өөртөө итгэлтэй, хүнлэг хүн төлөвшүүлэхийн тулд хүүхдийг гэр бүл, нийгмийн эерэг уур амьсгалаар дэмжих ёстойг онцолжээ. Түүний тодорхойлсноор, аливаад итгэхээ больсон хүүхэд хамгийн аюултай бөгөөд тэд цөхрөхдөө л ёс суртахууны хэм хэмжээг давж, гэмт хэрэг үйлддэг. Гэтэл манай УИХ-ын зарим гишүүний үзэж буйгаар “Хэн бэ” гэдэг нь тодорхой болж, төлөвшчихсөн хүний сэтгэлийг хуулиар “зодож” хүмүүжүүлэх юм гэнэ.
Ёс суртахуун гэж чухам юу юм бэ. Үл үзэгдэх тэр “нөхрийг” хуулиар “аргамжсан” туршлага, түүх байна уу. Ёс суртахуун бол сэтгэцийн хувьд эрүүл саруул хүнд заяагдсан төрмөл өгөгдөл хэмээн шинжлэх ухаанд тодорхойлсон байна. Латинаар moralitas буюу төрх байдал, зан ааш, сахилга бат гэсэн утгатай үгийг хүн төрөлхтөн сэтгэл, сэтгэцийн сахилга батын хэмжүүр болгон ёс суртахуун хэмээн нэрлэж иржээ. Тэр нь аливаа хүний хамгийн үнэт зүйл аж. Үүнийг эхийн хэвлийд байхаас нь төлөвшүүлэн, хэвшүүлдэг “хуультай”. Зарим эрдэмтэн, судлаачийн тайлбарласнаар, хүний ёс суртахуун нь төлөвшлийн боловсрол бөгөөд эцэг, эхээс өвлөгдөхийн зэрэгцээ нийгэм, хүрээлэн буй орчноос шалтгаалдаг мөн чанар гэнэ. Бидний өвөг дээдэс жирэмсэн эхийн хажууд муу үг хэлэх, мал муулахыг цээрлэдэг байсан нь үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, монголчууд уг нь сэтгэлийн боловсрол өндөртэй байжээ. Гэтэл бидний өнөөгийн төрх байдал үүнээс эсрэгээрээ болж, ёс суртахууныг хүртэл хуульчлахдаа тулсан нь юутай харамсалтай. Монголын өсвөр, залуу үеийнхэн зах замбараагүй болж, архинд живлээ, хүчирхийлэл гаарч, гэр бүл салалт нэмэгдлээ, гэмт хэргийн тоо өсөж байна гэж “үглээд” эцэст нь ёс суртахууныг “хуульчлах”-аас өөр замгүй гэдэг шийдвэр гаргахаасаа өмнө нийгмийн бухимдал, хар бараан бүхэн юунаас үүдэлтэйг тогтоож, шалтгааныг эхлээд “оношлох” учиртай.
Аристотель “Ёс суртахууны шинж чанарууд нь хүсэл, итгэл, эрмэлзэлтэй холбоотой” гэжээ. Үүнээс улбаалан бодоход өнөөдөр монголчууд, ялангуяа залуу үеийнхэн маань хүсэлгүй, итгэлгүй, эрмэлзэлгүй, зориггүй болсон мэт. Тиймээс хүсэл, бодлыг нь өрдөж, эрмэлзлийг нь бадраах хөшүүрэг хэрэгтэй санагдана. Үүний тулд төрийн зөв бодлого чухал аж. 1990-ээд онд Европын бүс нутагт Исландын өсвөр үеийнхэн танхай, балмадаараа тэргүүлж байжээ. Тэдний дунд архидалт, тамхидалт газар авч, сургууль завсардах нь хэвийн үзэгдэл болсон гэдэг. Том толгойтуудаа хүмүүжүүлэхийн тулд тус улс хууль боловсруулаагүй юм. Харин ёс суртахууныг нь дээшлүүлэх хүмүүжлийн ач холбогдолтой бодлого боловсруулан, 19 хүртэлх насныхныг 22.00 цагаас хойш гэрээс гарахыг хориглох зэргээр олон талт арга хэмжээ авчээ. Ингэснээр өсвөр насныхан гэмт хэрэгт холбогдох нь эрс буурч, ямар нэгэн хоббигоо хөгжүүлж, спортоор хичээллэх нь нэмэгдсэн байдаг. Ийнхүү нийгэмдээ хэрэгтэй иргэн болж буй хүүхдүүдийг урамшуулах тогтолцоог бий болгожээ. Цагийг зохистой өнгөрүүлдэг, бусадтайгаа, гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найртай, хүндлэлтэй ханддаг хүүхдүүдэд жил бүр 500 ам.долларын урамшуулал өгч эхлэв. Энэ бол зөв хүн болж байгаагийнх нь төлөөх шагнал юм. Ингээд зогсохгүй хүүхдээ зөв иргэн болгон төлөвшүүлж буй эцэг, эхчүүдийг эдийн засгаар дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд яагаад буруу замаар яваад буйн шалтаг, шалтгааныг тогтоож, түүнийг засахад эцэг, эх, хүрээлэл, орчныхны оролцоог нэмэгдүүлэхийг чухалчилжээ.
Ёс суртахууны нэг “царай” болох зан суртахуун буюу хүмүүжил нь нийгэм, найз нөхөд, хүрээлэл, орчны нөлөөнөөс болж эвдрэх нь түгээмэл бөгөөд гэхдээ бүрэн нурчихдаггүйг сэтгэл судлаачид онцолсон байна. Үүнд тухайн хүний ёс суртахууны суурь чухал нөлөөтэй гэнэ. Тодруулбал, эхийн хэвлийд байхаасаа л зөв төлөвшсөн хүн хэр баргийн нөлөөлөлд автаад байдаггүйг нотолсон туршилтууд ч бий. Өнөөдөр дэлхийн улс, үндэстнүүд иргэдийнхээ ёс зүйн боловсролд түлхүү анхаарч буй. Ингэхдээ ёс зүйд үндэслэсэн сургалтын хөтөлбөр боловсруулдаг болжээ. Монголын шилдэг хуульчдын нэг С.Нарангэрэл “Монголчууд энэ дэлхийн хамгийн жудаггүй ард түмэн болжээ” гэж халагласан нь бид хүмүүжлийн уламжлалаа гээж буйтай шууд холбоотой. Тэрбээр хуулийн амин сүнсийг ёс суртахуунтай холбон тайлбарласан байдаг.
Иргэдийн сэтгэлийн төлөвшил, ёс суртахуун өндөр бол хуультай, хуульгүйгээс үл хамааран амьдралд зохицож, зөв голдирлоор явах нь бий. Яг үүнийг илтгэх нэгэн явдал өнгөрсөн зун Японы Ямато хотод өрнөсөн. Тус хотын дарга нэгэн шинэ хууль санаачилсан нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гар утасны дэлгэц ширтэж явахыг болиулах зорилготой. Тэрбээр олон нийтийн эзэмшлийн зам, талбай, гудамжны хөдөлгөөнд оролцохдоо ухаалаг гар утас ашиглахыг хориглосон хууль санаачлахдаа зөрчсөн тохиолдолд шийтгэлгүй хэмээн тодотгожээ. Хууль эрх зүйн ямар ч арга хэмжээ авахгүй юм бол хууль байх шаардлагатай юу гэсэн асуултад тэрбээр “Энэ их төвөгтэй асуудал. Хүн ухамсраараа хянах боломжтой үйлдлийнх нь төлөө заавал шийтгэл ногдуулах нь дэндүү болхи шийдэл. Аливааг шийтгэлээр бус, ёс суртахуун, сэтгэлээр шийдэх боломж бийг цаг хугацаа харуулдаг” гэсэн байна. Мөн тэрбээр зөрөөд өнгөрсөн нэгнийг мөргөчихөөд уучлалт гуйхгүй, харин ч бусдыг буруутган уурладаг хүмүүсийг хуулиар далайлгах нь дэндүү муйхар бөгөөд ийм хүн бий болгохгүйн төлөө гэр бүл, нийгэм бүх нийтээрээ зүтгэх ёстой гэжээ.
Тэгэхээр ёс суртахууныг хуульчлахаар сэтгэл шулуудсан УИХ-ын эрхэм гишүүд маань монгол хүүхэд, залуучууд яагаад хүндлэлгүй болж байгаа, гэмт хэрэг, зөрчилд холбогддог шалтаг, шалтгааныг суурьтайхан судлаад хүн төлөвшүүлэхэд анхаараасай. Күнз “Хаан шударга байвал хууль эс гаргасан ч эгэл ард нь дагана. Хаан шударга бус бол хууль хэчнээнийг ч баталсан эгэл ард эс биелүүлнэ” гэсэн байдаг. Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэх үеэр Ц.Даваасүрэн гишүүн “Сүүлийн 30 жилд ёс суртахууны доройтол ард түмнээс биш, дээрээсээ бий болсон” гэж хэлснийг дурдахад илүүдэхгүй буй за. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчид, эрх мэдэлтнүүд өөрсдөө ёс суртахуунтай байж гэмээнэ залуу үеийнхэнд үлгэрлэх учиртайг тэрбээр сануулсан юм.
Эцэст нь хэлэхэд, аливаа хүнд ёс суртахууныг ураг байхаас нь төлөвшүүлж, гэр бүл, нийгмийн хүрээлэлд “хэлбэржүүлэн”, бойжуулж, боловсролын нөлөөгөөр торддогийг эрдэмтэн мэргэд хэлжээ. Ийнхүү төлөвшсөн иргэн “татаж, чангаалгахгүйгээр” өөрөө зөв амьдардаг нь жам аж. Магадгүй бид ёс суртахуунтай иргэн төлөвшүүлэх эхний шатнаасаа бүдрээд байж мэдэх юм. Монголчууд эртнээс үлгэр, домгоор хүмүүжлийн “зэвсэг” хийж ирсэн. Өнөөдөр үлгэр ярьж өгдөггүй юм гэхэд сурах бичгийнх нь агуулгад анхаардаг хүн хэд байна вэ. Монгол хэлний хичээлийн хөтөлбөрт гадаадын хүүхэлдэйн киноны баатрын тухай жишээ авчихсан байх жишээтэй. Яагаад үүнийг онцлон дурдав гэхээр судлаачдын тэмдэглэснээр хүний ёс суртахууны төлөвшилд 6-10 нас маш чухал үе юм гэсэн.
Энэ мэтээр дурдвал боловсролын системд засах, шинэчлэх зүйл их бийг энэ ташрамд онцолъё. Өдгөө Монголын ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт ёс суртахууны хэм хэмжигдэхүүний талаар ойлгуулах хөтөлбөр байна уу. Гэрийн даалгавар гэдэг “лантуунаас” илүүтэй чухал зүйл энэ байх ёстой. Японы бага ангийнханд “Ээждээ аяга угаахад нь туслаарай” гэсэн даалгавар өгдөг гэсэн. Хятад багачууд автобусаар үйлчлүүлэхдээ ахмад, буурлуудад суудал тавьж өгөхийг, өөрөөр хэлбэл, бусдыг хүндлэх сэтгэлд суралцдаг юм билээ.