“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа. Сэдэв хүүхдийн хүмүүжил төлөвшлийн тухай. “Адмон" хэвлэх үйлдвэр, “Монсудар" хэвлэлийн газар, “Интерном" номын сүлжээ дэлгүүрийг багтаасан, 150 орчим ажилтантай, Монголын номын ертөнц, хэвлэн нийтлэлийн салбарын тэргүүлэх группийн босс хүүхдийн ертөнцийг хэрхэн харж, үнэлдгийг хамтдаа сонирхъё.
-Ахмадууд “Одоогийн хүүхдүүд ийм тийм” гэж чамласан өнгө аясаар хэлдэг. Залуус ахмад үеэ хүндлэхгүй болсны шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Монгол соёл, уламжлалыг эргэн харъя. “Хүн ахтай дээл захтай, Ахмадын сургаал алт” хэмээх үгсийг ёс суртахуун гэж ярьж, ойлгож ирсэн. Уламжлалт ёс заншил, тэр тусмаа Чингисийн үеийн түүхээс эш татан ярьдаг. Тэр үеийн хүмүүсийн амьдрал, ахуй орчин цагийнхаас төсөөлөхийн аргагүй өөр. Хааны зарлиг дээрээсээ доош нэвт хууль. Ярилцах тухай ойлголт үгүй. Өөрөөр хэлбэл, хувь хүн гэж байсангүй. Амьд байх эсэх дээр оршин буй нийгмийг хатуу дэглэм л барина. Маш хатуу нийгэм байж дээ. Энэ мэт ёс, үүнийг дагасан соёл заншлаас бүтээлчээр гарах ёстой. Зүгээр хайрлан, хамгаалъя гэсэн чинь яг юу гэсэн үг вэ. Ингээд байвал юу ч хөгжихгүй, бараг л өөрсдийн мэдэхгүй болсон зүйлсийг эрж хайгаад хайрлаж, хамгаалъя гэсэн хэрэг болох биш үү. Ганц жишээ татъя. Боловсрол ярих бүрийд монголчуудын “Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн уламжлагдаж ирсэн үгийг хэлдэг. Энэ нь хүнийг байгаль дэлхийтэй харьцуулсан болохоос өнөө үеийн хүний хөгжлийн тухай тоймтой яриа болж чадахгүй. Хүний хөгжил өнөөдөр маш олон хүчин зүйлээс хамааралтай. Юуны түрүүнд төрийн бодлогоос, тэгээд гэр орны нөхцөл, аав ээж нь хүүхдэдээ цаг зарцуулдаг уу, өдөр шөнөгүй телевиз үздэг эсэх, мөн хүүхдээ саатуулахын тулд ном тоглоом авч өгдөг үү, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор тэр бүхэнд мөнгөө зарцуулдаг уу гэх мэт түмэн зүйлийг бодолцох хэрэгтэй болно.
-Нээрээ танай эрхлэн гаргасан “Сурах гэдэг өөр” номд сүүлийн 60 жил бид хүүхэд багачууддаа захирангуй хандаж ирсэн өрөөсгөл талыг хөнджээ. Хүн ахтай, дээл захтай гэж сургах нь захиргаадалт. Энэ сургаалаар хол явахгүй нь гэх утгатай зүйл та хэллээ. Мөн УИХ-ын зарим гишүүн багадаа “алганы амт” амсаж л өссөн. Өдий дайтай явсан минь тэр хүмүүжлийн ач тус хэмээн хэлдэг. Үүнийг эсэргүүцэх гишүүн мэдээж бий. “Алганы амт” хэрэггүй гэдгийг та нотлоод өгөөч.
-“Алганы амт” үзүүлэхгүйгээр хүүхдээ хүмүүжүүлэх өөр арга монгол хүнд байсангүй. Бие махбодод нь цочроо үзүүлснээр юм ойлгодог болно гэсэн хандлага биз дээ. Амьдралд минь хэрэг болсон зүйл гэж нэг хэсэг нь ингэж ярьж байхад магадгүй эсрэгээрээ бас залуу гишүүд дунд “Ардчилсан орнуудад, тэр дундаа АНУ-д ээж, аав нь хүүхдээ зодох байтугай бараг зэмлэхэд л цагдаа дууддаг” гэх маягийн юм ярих хүмүүс бий. Хоёр тэс өөр хандлага. Гэхдээ эл хоёрын аль нь монгол хүүхдэд ээлтэйг манай парламент шийдсэн үү. Үгүй шүү дээ. Монголд одоогоор хүүхдийн эрхийг хамгаалах 100 гаруй байгууллага байдаг сурагтай. Тэд хүүхдийг зодож, загнаж болохгүй, энэ бол хүчирхийллийн нэг хэлбэр гэх маягаар гаднын жишиг ярихаас хүүхдийг арьс маханд нь хүрэлгүйгээр хүмүүжүүлэх тодорхой арга барил ярьсныг нь би лав сонсоогүй. Нөгөө талаар “Алганы амт” үзүүлнэ гэж хэлэхэд гэмгүй сайхан сонсогддог. Зодно гэхээс гоё сонсогдож байгаа биз дээ. Үндсэндээ үүнийг нэг нь зөөлрүүлж гоёчлон зөвшөөрч, нөгөө нь учрыг нь гаргаж мэдэхгүй эсэргүүцэж байгаа юм. Өөрсдөөсөө бид үүнийг дахин асууя. Аль нь зөв юм бэ? Төрийн бодлогоор сургалтын хөтөлбөртөө л үүнийг маш тодорхой тусгаж өгснөөр эргэлзээ арилна. Төр үүнийгээ сайн мэдэхгүй байна.
-Таныхаар орчин цагийн хүүхдийг хэрхэн хүмүүжүүлэх ёстой юм бэ?
-Хүүхэд хүмүүжүүлэх гурван янзын арга хэлбэр бий. Нэгдүгээрт, захиргаадах арга. Үүнд “алганы амт” төдийгүй сургамжлах, тушаах зэрэг үйлдэл орно. Чи өөрөөсөө дээш насны хүмүүсийг хүндэтгэх учиртай. Том хүний өөдөөс үг сөрж болохгүй гэх мэт уламжлал ёс заншил гэдэгт ойлгох зүйлс. Хоёрдугаарт, ээж, аавууд хүүхдээ зөнд, эрх дураар нь орхидог. “Хувь тавилангаараа болог” гээд орхино. Яах учраа мэдэхгүй байгаагийн илрэл. Ийм хүүхдүүдийн хувь тавилан яаж ч эргэж мэднэ. Өнөөдөр хар тамхи, энээ тэрээ асуудалтай болсон хүүхдүүд ихэвчлэн хангалуун амьдралтай айлын хүүхдүүд байгаа нь үүний нэг тод жишээ. Гуравдугаарт, ардчилсан хүмүүжлийн арга. Дэлхийн хөгжилтэй оронд энэ тухай яриад судлаад хэрэгжүүлээд удсан. Аль соён гэгээрлийн үе буюу 16,17 дугаар зуунаас хүн төрөлхтөн үүнийг ойлгосон. Харин бид уламжлал соёл гэж ярихаас биш ардчилсан хүмүүжлийн талаар огт дурсахгүй байгааг өрөөсгөл гэж би боддог. Энэ талаар боловсролын хууль хийж буй хүмүүс тодорхой ойлголт байна уу, үгүй юу. Байхгүй л харагдаад байна.
-Ардчилсан хүмүүжил гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу. Бид харин ч ардчилсан үзлээр хүмүүжиж ирсэн гэж боддог.
-Хүнийг гаднаас нь өөрчилж болдоггүй. “Тэгж ч болохгүй”, “Ингэж ч болохгүй” гэсэн үгээр эсвэл янз бүрийн сургаал айлдах нь хүнийг хүмүүжүүлэхээс илүү айлгадаг, айдас төрүүлдэг. Цээжлэх, тогтоох мөрдөх зэрэг нь тэр бүхнийг сурах арга зам. Манайхан энэ түвшинд л явна. Эцэг эх, ахмад хүмүүс хүүхдэдээ хамаг сайн сайхнаа зориулж, хүүхдээ сайн сайхан зүйлээр дүүргэх сав мэтээр төсөөлж ирсэн. Үүнийг ардчилсан боловсрол үгүйсгэдэг. Ардчилсан боловсрол бол хүүхэдтэй уйгагүй ажиллаж байж үр дүнд хүрнэ гэсэн ойлголт. Хүн бүрийн онцлог өөр учраас хөгжүүлж хүмүүжүүлэх арга зам нь дэмжиж туслах явдал. Юугаа ч мэдэхгүй хүн хүүхдээ дэмжиж, тэдэнд тусалж чадахгүй учраас өнөөдрийн хүмүүст нийгмийн тухай, хүмүүжлийн тодорхой мэдлэг боловсрол зайлшгүй хэрэгтэй болсон. Хүүхэд аяндаа хөгждөггүй, тэдэнд хэрэгтэй цагт нь хэрэгтэй тус дэмжлэг үзүүлэхийг ардчилсан боловсрол гэж нэрлэдэг. Багаас нь хүүхдийг болгоомжлуулах замаар хүмүүжүүлснээр хүүхэд сайн, мууг нэрлэж мэдэх төдий болно. Өөрт нь юу мэдрэгдэх, сайн, мууг биеэр мэдрээгүй хүн бусадтай, байгаль ертөнцтэй зохист харилцаанд ороход өөрийн гэсэн итгэлтэй байж чадах уу. Ил далд учрах харилцааны бэрхшээл үүнтэй холбоогүй гэж үү, зэрэг олон асуулт хүүхэдтэй харилцах харилцаанд эргэлцээ төрүүлж байдаг. Ямар нэгэн хэмжээнд хүүхэд алдаж онож явсаар өөрийн гэсэн мэдрэмж олж авдаг бөгөөд түүнд суурилсан мэдлэг, чадвар хөгжих нөхцөл бүрэлддэг. Жишээ нь, ширээн дээр шилэн аяга байна гэж төсөөл. Аав, ээж нь “Наад аягаа холдуулаарай. Аягүй бол хүүхэд хагалчихна” гэдэг. Яах вэ дээ, хүүхэд нэг аяга хагалаг л дээ. Ээж нь загнахаасаа урьтаж “Аяган дотор чамд ус хийж өгдөг байсан. Ам чинь цангаж байна уу, одоо хоёулаа ус ууж чадахгүй нь, яах билээ” гээд ярилцаж болно оо доо. Үүнтэй адил хүүхэд ном урчихжээ. Хүү ном ураад л, өөрийн үйлдлээр хэдэн хэсэг болгож үзэх нь, бас юм урагдах дуу шуу нь ч гоё юм шиг санагдаж болох шүү дээ. Үйлдлийг нь хориглохгүйгээр ажиглаж, ажлаа хийж дууссаных нь дараа “Одоо номоо уншиж чадахгүй болчихлоо, чамд уншиж өгөх ном байхгүй болчихлоо, одоо яах вэ хоёулаа, номоо наах уу?” гэж хэлээд хамтдаа номоо эхнээс нь нааж бүтэн болгосны дараа одоо л номоо хамт уншъя гэх маягаар хүүхдэд өөрт нь харагдах, мэдрэгдэх байдлаар үзүүлж харуулах замаар юмны мөн чанарыг ойлгуулж болдгийг л “Сурах гэдэг өөр” гэдэг энэ номд өгүүлсэн байгаа. Хүүхэд ч номоо дуртайяа хамт наалцах вий.
-Таны хэлснээр хүүхэд алдаа гаргах бүрд нь нүдээ аниад өнгөрөөх болох нь. Тэгдэг юм байж. Багш нар хүүхдийг сургахад энэ арга нөлөөтэй юү?
-Багш нараас ихийг хүлээх арга алга. Ингэж хэлэхээр намайг багш нарыг доош нь хийлээ гэж л хардаг. Сайхан сэтгэлээр хийж буй юм бүхэн сайн болж чаддаггүй. Нэмж хэлэхэд аав, ээжүүд ч сайн сайхан юм төсөөлөөд хүүхдийнхээ эсрэг, тэдэнд муу зүйл их хийж байдаг. Бүгд л хүүхдийг хэрхэн хайрлах, яаж тэдэнд туслахаа мэдэхгүй байгаагийн гай. Тийм учраас төр бодлогоор үүнийг зохицуулж, эцэг, эхийг соён гэгээрүүлэх ёстой. Хүмүүсийн сайхан сэтгэл гэдэг бол маш их боломж. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө юугаа ч зарахад бэлэн байдаг. Өөрөөр хэлбэл, төр засгийн зөв бодлого тэдний хайр халамж, хүч хөрөнгийг зөв урсгал чиглэлд оруулж өгөх учиртай бөгөөд ингэснээр асар том өөрчлөлтөд хүрэх бэлээхэн боломжийг ашиглах боломжтой.
-“Онц сурдаг тул эдийн засгийн ангид аав, ээж хүчээр элсүүлсэн. Би эдийн засаг бус нийгэм сонирхдог” гэж хэлэх оюутантай таарч л байсан. Аав, ээжээ буруутгаад ч байгаа юм шиг. Гэтэл та нарын үеийнхэн ч аав ээжийнхээ зааснаар л явж ирсэн биз дээ?
-Ерөөс эцэг, эхчүүд хүүхдээ өнөөдрийг болтол ил, далд өөрсдийнхөө төлөө өсгөж хүмүүжүүлж ирсэн. Томыгоо эмч, хоёрдохоо жолооч, гурав дахь хүүхдээ шүүгч болгоно гэх зэргээр таван хүүхдээ ямар нэг мэргэжилтэй болгочихвол аз жаргалтай амьдарна боддог. Эхнэр, нөхөр ч ашигтайг нь бодоод хоёр өөр намд ордог. Ийм байх нь зөв үү. Мэдээж бид эцэг эхээ буруутгах боломжгүй. Яагаад гэвэл тэдний ээж аав бас л тийм байсан. Харин орчин цагийн ээж, аавууд ардчилсан хүмүүжлийн тухай хэлж, ярьж буй нийгэмд амьдарч байна. Харин энэ утгаараа биднийг үр хүүхдүүд минь буруутгаж, бидэнд гомдож мэднэ.
-Та түрүүнд сургуульд орно гэдэг чинь гашуудал байхгүй юу гэж хэллээ. Яагаад вэ?
-Хүүхэд байгалиас аливаа зүйлийг сурах эрмэлзэлтэй төрдөг. Тэрхүү хүсэл эрмэлзлийг цэцэрлэгт дэмжиж чадаж байна уу. Сургуулийн өмнөх боловсрол гэгдэх цэцэрлэгт хүүхдийн сурах эрмэлзлийг дэмжиж чадаж байна уу. Эсвэл ариун, цэврийн өрөө оруулах, унтуулах, хоол унд идүүлэх, гэмтэл бэртэлд оруулчихгүйхэн шиг байлгаж байх ерөнхийдөө хүүхэд саатуулах байгууламж талдаа байна уу. Хүүхэд бүрийн онцлогт таарсан ажилбар тэнд явагдах боломж хэр бүрдсэн, багш нарын мэдлэг чадвар өмнөх нийгмээс илүү дэвшил гарсан билүү. Аав, ээж сургалтын хөтөлбөрийг нь уншиж мэдсэн үү гэх мэт олон асуултад хариулахад бид бэлэн биш байна. Тиймээс есдүгээр сарын нэгэн бол хүүхдийн биш том хүний хүүхдээ саатуулах газар өгсний баярын өдөр болдог. Мэдээж энэ санааны үүднээс эртнээс хүүхдэдээ сургууль, цэцэрлэгийг нь мэдэхгүй байж хоосон гоёчилж их магтана аа. Үнэндээ бол цэцэрлэг, сургуульд орох чинь баяр баясал байдаггүй. Яваандаа л дасаад гомдол, саналаа хэлдэггүй болчихдог болохоос. Нэгдүгээр ангийнхан ээж, аавынхаа ярьсан гоё сайхныг үзэхээр сургууль, хоёр настан цэцэрлэгт хүргүүлэн очдог. Хүүхэд хичээлдээ дургүй болох нь ихэвчлэн хоосон шахалт шаардлагатай холбоотой. Хичээл нь ойлгомжтой, хүүхдийн оролцооны заах арга зүйтэй бол хүүхэд хэнээр ч хэлүүлэхгүй баяр хөөртэйгөөр суралцах болно. Хүүхдэд хөдөлгөөний хэрэгцээ, хоол хүнстэй адилхан байдаг ч сургууль дээр гүйлээ, хашаанд үймүүллээ хэмээн томоотой байлгахыг л хичээх нь томчуудын өөрсдөдөө тааламжтай байдлыг л бодсон хандлага. Уламжлалт ёс заншлаар нийтийн тээвэрт хүүхэд том хүнд суудал тавьж өгөх зэрэг нь буруу биш. Гэхдээ ингэх ёстой гээд хүүхдийг дээрэлхэж болох уу. Хүүхэд эмзэг, тэд холоос сургуульдаа явдаг бол ядарч болно. Тэгтэл томчууд орж ирээд багачуулыг бараг өшиглөөд хөөж босгох, эсвэл тортой юмаа өвөр дээр нь тэгэхээс тэгсэн шиг тавьж дарамтлах зэрэг нь хүн ёсны харилцаа мөн үү. Уламжлал гэдгийн дор энэ мэтийг ойлгосоор байгаа нь ерөөсөө ардчилсан нийгмийн мөн чанар мөн үү. Хүн биш цэрэг гэдэг шиг, хүүхэд ч бас хүн биш юм уу гэж асуумаар санагдах үе олонтоо тохиолддог. Хүүхдийн амиа хорлолт энэ тэр үүнтэй огт холбоогүй гэж үү.
-“Сурах гэдэг өөр” номд бичсэнээр байгальд жаргаж, чөлөөтэй гүйж, голын салаа туучиж, наранд биеэ ээн элсэн дээр хэвтэх хүүхэд тийм ч олон биш болов уу. Дэлхийн бусад оронд элбэг байдаг шиг гоё сайхан цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, хиймэл нуур байхгүй шахам болохоор номд бичсэнийг уншсан ч хэрэгжүүлэх боломж хараахан бүрдээгүй нь харамсалтай юм даа.
-Монголчууд аль ч улс үндэстнээс дутахааргүй хүүхдээ хайрлан, өсгөж ирсэн. Гэхдээ байгалийн хайраар. Дааруулахгүй өлсгөхгүй. Өөрөөр хэлбэл, бие физиологийг нь хайрладаг. Хүний сэтгэл, оюун ухаан ямар замаар хөгжих боломжтойг шинжлэх ухааны мэдлэгээр гэхээс хар ухаан, туршлага шийддэг байж. Одоо ч ихэнх нь тэр хэвээр байгаа. 800 жилийн өмнө биеийг нь хамгаалах чухал байсан бол өнөө цагт эрүүл мэндийн систем харьцангуй хөгжсөнөөр оюун сэтгэлийг нь бодох шаардлага улам бүр өссөөр байна. Амьд үлдэх үү, үгүй юү гэх байгалийн хууль үйлчилж байсан үе, тэр ч байтугай өмсөж зүүх юм, хоол унданд санаа тавих үе ч зарим талаар ихээхэн өөрчлөгдсөнийг хэлэх хэрэгтэй байх. Тиймээс 800 жилийн өмнөх арга барил, цэцэн цэлмэг үг, сургаал номлолоор орчин цагийн хүний хөгжлийн арга барилыг төсөөлөхийн аргагүй. Заримдаа бүр тэнэглэлд ойрхон болдог шүү.
-Дээр үеэсээ монголчууд хүүхдээ их хүндэтгэдэг, зарим нь бүр та гэж дууддаг байсан гэж ярьдаг шүү дээ?
-Уламжлалыг урдаа бариад, түүгээр түрий бариад яваа хүмүүсийн ихэнх нь худалч байдаг юм. Уламжлал ёс заншлаа ярих юм бол эрт дээр үеэс л хүүхдийг гурван нас хүртэл нь хүн гэж үздэггүй байсан. Хүүхдийн эндэгдэл их, эмнэлгүүдэд нярайн инкубатор байсангүй, ёстой л нөгөө хөрвийн аргаар өсөж бойждог. Харин гурван нас хүрч гэмээнэ сая “За энэ нөхөр чинь хүн болох юм байна” гээд даахийг нь үргээж, нэр өгнө. Тэрнээс өмнө хүн болох эсэх нь тодорхойгүй байж л дээ. Хоёрдугаарт, мэдээж хүүхдийг ажиллах хүч гэж үздэг. Тийм ч учраас бушуухан тусад орж үзээсэй гэсэн хүлээлт их. Харин өнөөдөр хүүхдээ тусад ороосой гэж боддог ээж, аав байгаа ч сайн хүн болоод өөрөө, өөрийгөө аваад яваасай гэж бодох хүмүүс ихсэж байна. Нийгмийн халамж сайтай улс оронд энэ нь бүр ч их. Тэгэхээр нийгмийн байдал хүүхдэд хандах хандлагад суурь үндэс болж байна гэсэн үг шүү дээ. Төрийн бодлогоор хүүхэдтэй холбоотой янз бүрийн шийдвэрүүд гарч хэрэгждэг. Арваад жилийн өмнөөс хүүхдийг найман настай байсныг болиод шууд л зургаан настайгаас нь сургуульд элсүүлж эхэлсэн. Тэр үед иргэдээс зарим нь үүнийг эсэргүүцсэн үү гэвэл эсэргүүцсэн. Гэвч УИХ дээр дийлэнхээрээ энэ шийдвэрийг баталсан. Манай улстөрчдийн бүх зүйл хүмүүсийн, хүүхдийн эрх ашигт бус гол нь сонгуульд зориулагдаж ирсэн. Үүнийгээ олон улсын стандарт, хөгжлийн чиг хандлага ийм, тийм байна, монгол хүн дэлхийгээс хоцорч болохгүй гэхчлэн олон янзаар шийдвэрээ тайлбарладаг, шоуддаг. Би үүнийг хүссэндээ буруу гэж хэлж байгаа юм биш, ердөө л хүүхдийнхээ өмнөөс бодож харж сураагүй, өөрсдийнх нь эрх ашиг ямагт дээгүүр байдгийн илрэл гэж хэлэх гэсэн юм. Одоо тэгээд юу болоогүй юм шиг эргээд түүнийгээ ямар ч үндэслэлгүйгээр яг л нөгөө сонгуулийн арга хэмжээ болгох байх. Юун дээр алдсанаа дурсах ч үгүй шийдвэр гарна. Нэг бол уламжлал ёс ярина эсвэл гаднын юмыг шууд хуулна. Энэ хоёроос өөр зам байж болдгийг харах гэж хүсэхгүй байна.
-Нэг үеэ бодвол хүүхэд хамгаалал сайжирсан. Хүүхдийн боловсролд ч их анхаардаг болсон юм биш үү?
-Хүүхэд харах үйлчилгээ хуульчлагдсан. Бидний мэдэх дээхэн үеийн хүүхэд саатуулах газрын үйлчилгээ шүү дээ. Бүр хүүхэд маллах хүн байна уу ч гэж нэг, нэгнээсээ асуудаг байсан. Мал маллахаас нэг их ялгаа байхгүй учраас л ингэж ярих болсон байж таараа. Эндээс хүүхдийн оюун сэтгэлийн амьдрал харагдаж өгөхгүй л байгаа юм. Худал үнэн сургуулийн өмнөх боловсрол гэж ярьдаг болсноос бус, оюун, сэтгэлийн хөгжлийн түвшинд хүүхдийг хэрхэн хөгжүүлэх талаар багшийн сургуулиас ч олигтой юм мэдэж чадахгүй төгсдөг. Юм бүхэн ёстой нөгөө бор зүрхээрээ гэдэг шиг амь амьдрал үргэлжилсээр байгаа биш үү.
-Сэтгэл чихтэй. Яаж сонсохыг “Сурах гэдэг өөр” номд бичжээ. Уншсан хүн өөр өөрийнхөө хүлээж авах болов уу. Гэхдээ монголчууд хүүхдээ хайрлах нь амьтныхтай төстэй гэдэгтэй яагаад ч санал нийлж чадахгүй нь ээ.
-Харамсалтай нь, үр хүүхдийнхээ бие, ходоод хоёрыг “маллаад” байгаа нь үнэн, үүнээсээ нэг их цээрлээд байдаггүй шүү дээ. Бид яг юу хийж байгаа үйлдлээ яривал ийм л байна. Одоогийн хүүхэд харах үйлчилгээ чинь ядарсан арга шүү дээ. Мал маллаж байгаагаа үйлчилгээ үзүүлж байна гэж нэрлэхгүй л байх. Гэтэл хүүхэд хүмүүжүүлэх, харах гэдэг үг тэс өөр үйлдлүүдийг нэрлэж байгаа хэрэг. Би энэ номыг хүмүүсийг уншаасай гэж шуудхан хэлмээр байна. Ном болгоныг би ингээд байдаггүй. Хамгийн гол нь уншаад залгичихгүйхэн шиг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр маш сайн ярилцаж маргалдах хэрэгтэй. Тэгж байж буруу зөвөө олно.
-Манай зохиолчид хүүхдээ хайрлах, энэрэх тухайд зохиол номоороо дамжуулан уншигчдад “заадаг” л биз дээ. Танайх зохиолчидтой хамтран ажиллаж байв уу?
-Манайд хүүхдэд хэрэглэх хэрэглэгдэхүүн, хүүхдийн чиглэлээр гаргасан ном зохиол маш их дутагдалтай байсан. Монголын зохиолчид голдуу насанд хүрсэн хүний нүдээр хүүхдийн зохиол бичдэг юм билээ. Тэр нь хүүхдийг өхөөрдсөн, энхрийлсэн, булбарайжуулсан. Ийм өнгө аясаар бичээд, тэрийгээ хүүхдийн зохиол гэж үзсээр байна. Бид үүнтэй санал нийлээгүй учраас судалгаа хийж, хүүхдийг төлөвшүүлэхэд баримталж буй арга барил хоцрогдсоныг гаргаж ирэхийг зорьсон. Хамтарч ажиллах зохиолчид ховор, өөрсдөө ч хүсдэггүй.
-Алдаж байж онодог, сурдаг гэдэг. Та ч гаднынхныг дага гээд байгаа юм биш үү?
-Дага гээгүй, ул суурьтай судалъя гэсэн. 16, 17 дугаар зуунаас л европчууд хүүхэд насыг ойлгож эхэлсэн, хандлага ч эрс өөрчлөгдсөөр өнөөгийн хүмүүжлийн онол, арга зүйн суурь болсон. Гол нь хүүхдийг сургамжлах бус дэмжиж туслах. Гэхдээ яаж гэдгийг л мэдэх нь чухал. Энэ тэндээс хуулсан, дуулсан юмаа өөрчлөлт шинэчлэл гээд өөрсдийгөө болон өрөөл бусдыг хуурч явааг болимоор байна. Яг яаж гэдгийг барин тавин ярьж тайлбарлах хүн энэ нийгэмд байхгүй байгаатай хамааралтай. Манай боловсролын яаманд үүнийг ойлгох хүсэлтэй хүн байхгүй. Ойлгох хүсэл төрөхгүй нь өнөөгийн тогтолцоо.
-Танай Жангар номын редакцынхан зорилтот бүлгээ судлаад ямар нээлт хийв. Ярих хийх, эхлүүлэх нь чухал шүү дээ, тийм үү?
-Монгол контент их хайна аа. Манайд 1-3 настанд зориулсан ном анх байхгүй байлаа. Гэхдээ бид эрэл хайгуулын дүнд ийм номтой болсон. Гадна, дотнын зохиол, бүтээл судаллаа. Тэгээд гадаад зохиолыг монгол хэв маягт оруулж, монгол хүүхэд дээр туршиж, монгол бүтээл хийж эхэлсэн. Ер нь дотооддоо хүүхдийн зохиолчидтой хамтарч ажиллах хүсэлт анхнаасаа л тавьж ирсэн. Эхлээд хамтарч ажиллая гэхэд тэд хачин их дуртай. Яваандаа халширч чимээгүй алга болдог. Амар хялбар аргаар бичихийг зорилгоо болгосон хүмүүс л их байна. Дийлэнх нь тийм болохоор тэднийгээ дагах маягтай. Тэртээ тэргүй хүүхдийн юм болгоныг олигтой үнэлдэггүй учраас цэцэрлэгийн багшаас эхлүүлээд, хүүхдийн зохиолч зураачдын ажил хөдөлмөрийн нийгмийн үнэлэмж бага. Ер нь бид хүүхдээ жаахан бодож баймаар байна.
-Таны ойрд хавьд нүдэн дээр чинь хүүхдийн хүмүүжилтэй холбоотой зөрчил, тэмцэл гарч байв уу?
-Харгис сонсогдож магадгүй. Би эхээс гурвуулаа. Миний бага дүүг ээж маань хайрлахын дээдээр л хайрласан ч хүсэж хүлээсэн хүн нь болсон уу гэвэл өөр байх. Тэр одоо байхгүй л дээ. Ийм жишээ бишгүйдээ л байдаг. Нийгэмд хүүхдээ хэт эрхлүүлснээс, эсвэл хэт хаяснаас болсон эмгэнэлт явдлууд зөндөө гарсаар байгаа ч тэр бүрийг ярьж, учрыг нь олохоос илүү нуун дарагдуулж байдаг.
-Хайранд буруудаад байх юу байх вэ дээ?
Аливаа юм ямар нэгэн хэм хэмжээнд байх аваас зөв зүйтэй болдог. Гэтэл манай нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээ юу болохыг мэдэх хүн алга. Дур дураараа, хувиараа, хүн бүр өөр өөрийнхөөрөө гэсэн үгс бидний хайр сэтгэлийг ч буруу тийш нь залж хөтөлж байдаг юм уу. Эцэст нь хувь хүний хайр, нийгмийн хайр хоёр огт өөр. Хүмүүс нэг нэгийгээ тэртээ тэргүй хайрлаад л явна. Харин нийгмийн хайр дутсанаас л асуудал үүсэж буйг хамтад нь ойлгож ярих ёстой байх.