Манай улсын гадаад худалдааны бараа эргэлт энэ оны эхний 11 сард 11.7 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 7.1 хувиар буюу 897.6 саяар багассан дүн болохыг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Экспортын орлого 6.8 тэрбум ам.долларт хүрч, 2019 оны мөн үеийнхээс 200.4 саяар буурчээ. Үүнд чулуун нүүрс, газрын тос, зэсийн баяжмал зэрэг эрдэс бүтээгдэхүүн болон нэхмэл, сүлжмэл эдлэлийн борлуулалтын хэмжээ, үнэ багассан нь түлхүү нөлөөлсөн байна.
Түүнчлэн дээрх хугацаанд 4.8 тэрбум гаруй ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 700 орчим саяар буурсан үзүүлэлт аж. Бүх төрлийн тээврийн хэрэгсэл, шатахуун, эрчим хүчний худалдан авалт багассан нь үүнд түлхүү нөлөөлжээ. Харин нэг жилийн хугацаанд мал, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн болон тос, элсэн чихэр, цагаан будаа, сонгино, саримсны импортын хэмжээ, дундаж үнэ нэмэгдсэн байна. Улмаар энэ оны 1-11 дүгээр сард экспортын үнийн дүн импортынхоос 1.9 тэрбум гаруй ам.доллароор давж гадаад худалдааны тэнцэл эерэг гарсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдав.