Монгол хэлний тухай хуульд тусгаснаар 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд кирилл, монгол бичгээр албан хэргээ хөтлөх юм. Тэгвэл уг хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн баасан гарагт хуралдаж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Албан хэргийг монгол бичгээр хөтлөхтэй холбоотой дараах ажлуудыг үe шаттайгаар хэрэгжүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн дарга, дээрх ажлын хэсгийн гишүүн Б.Баатарзориг онцлов. Тухайлбал, төрийн албан хаагчийн анкетад монгол бичгийн мэдлэг чадварын үнэлгээг бөглөдөг болох бөгөөд Төрийн албаны шалгалтаар давхар шалгах юм байна. Мөн албан тушаалтны тодорхойлолтод монгол бичгийн мэдлэгтэй байхыг шаарддаг болох нь. Түүнчлэн төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийн түвшнийг тогтоох ажил хийхээр төлөвлөжээ. Үүний хүрээнд холбогдох сургалтууд явуулах аж.