2012 оноос хойш БНСУ-ын Боловсролын Яам, ЮНЕСКО-ийн Ази, Номхон Далайн Олон Улсын Ойлголцлын Боловсролын төвөөс “Олон улсын багш солилцооны хөтөлбөр”-ийг Монгол, Тайланд, Вьетнам, Филиппин, Камбож, Малайз, Индонез гэсэн долоон улстай тасралтгүй найман жил хамтран зохион байгуулсан. Харин 2020 онд дэлхий даяар тархсан корона вирусийн цар тахалтай холбоотой багш нар тухайн улс орны сургуулиуд дээр очиж харилцан туршлага судлах боломж хумигдсан билээ. Тиймээс 2014 оны арванхоёрдугаар сараас хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүс нутгийн багш нарын SSAEM чуулган уулзалтыг 2020 оны аваннэгдүгээр сарын 24-26-ны хооронд ZOOM MEETING программыг ашиглан цахимаар зохион байгуулж байна. Өнөөдөр эхэлсэн тус чуулганд 2012-2019 оны хөтөлбөрт хамрагдсан багш нар, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд болон Ази, Номхон далайн бүс нутгийн багш нар оролцож байгаа бөгөөд Монгол улсыг төлөөлж БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, БШУЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн О.Оюунбилэг болон БМДИ-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Г.Тэлмэн нар оролцож байна. Чуулганыг бусдад нээлттэй байлгах үүднээс 2012-2019 онд багш солилцооны хөтөлбөрт хамрагдсан багш нарын оролцох боломжийг бүрдүүлж YOUTUBE сувгаар чуулганыг шууд дамжуулж байна. Тус чуулган нь жил бүр оролцогч багш нарт болон оролцогч талуудад боловсролын инноваци, хамтын ажиллагаанд үзүүлэх нөлөөг харуулах, цаашдын хэрэгжилтийн чанарыг сайжруулах, эрэл хайгуул хийх сайхан боломжийг олгодогоороо онцлогтой юм. Ташрамд дурдахад, тус хурлын нээлтэд зориулан оролцогч орнуудын багш нар хамтран High School Musical хэмээх найрал дууг цахимаар дуулсан бөгөөд Монгол Улсаас Завхан аймгийн Лаборатори I сургуулийн Дуу хөгжмийн багш Ч.Мөнхбаяр бусад орны багш нартай хамтран дууллаа.