Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сурдаг 116 дугаар сургуулийн багш, ажилтнууд өчигдөр БШУЯ-ны гадна талбайд эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа. Тэд “Бид хохирсоор байна”, “Захирал Д.Мөнхбаатарыг ажлаас нь чөлөөл” гэсэн лоозон барьж жагссан бөгөөд 25 багш өлсгөлөн зарлахаа энэ үеэр мэдэгдэв. Тус сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга Б.Халиунаа “Одоогоор хоёр багшийг ажлаас нь халчихлаа. БШУЯ-наас манай сургуулийн удирдлагыг томилохдоо тодорхой шаардлага хангасан, туршлагатай боловсон хүчнийг сонгоогүй. Үүнээс болж бид нэр төр, цалин хөлсөөрөө хохирч, ажлын байрны дарамтад өртөж, хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдлөө. Цаашлаад сургуулийн сурагчдын суралцах эрхийг ноцтой зөрчих нь. Сурагчдын дотуур байргүй, анги, танхим хүрэлцээгүй зэрэг тулгамдсан олон асуудал бий ч өдий хүртэл шийдвэрлэж чадаагүй. Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбаатар нь багш, ажилчид, сурагчдын өмнө ямар асуудал тулгарч байгааг мэдэхийг ч хүсэхгүй, орчноо сайжруулах хүсэлгүй, хэсэг хүний эрх ашигт нийцүүлэн ажиллах сонирхолтой нь батлагдсан” гэв. Хэдхэн сарын өмнө тус сургуулийн хоёр багш мөн л захирлаа эсэргүүцэн өлсгөлөн зарласан ч үр дүнд хүрээгүй юм. Тухайн үед БШУЯ-наас ажлын хэсэг гарч, сургуулийн нөхцөл байдалтай танилцсан ч Д.Мөнхбаатарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон билээ. Энэ нь байдлыг улам хурцатгаж, олон багш өлсгөлөн зарлахад хүргэжээ.