“Ковид-19” цар тахлын улмаас бидний амьдралд эерэг, сөрөг олон өөрчлөлт гарсан. Ялангуяа боловсролын салбарт багагүй өөрчлөлт орж, сурагчдад анх удаа цахимаар хичээл заасан билээ. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлсэн. Гэхдээ халдварт өвчин, агаарын бохирдол, мал төллөх хугацаанаас хамаарч хичээлийн жилийн улирлын амралтын эхлэх, дуусах хугацааг тухайн үед БСШУ-ы сайдын тушаалаар баталсан юм. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар улирлынхыг нэгдүгээр улирлын амралт дээр нэмэхээр зохицуулжээ.
2020-2021 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг сонирхуулъя.
Нэгдүгээр улирлын амралт: 1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2021 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл эхэлнэ.
Хоёрдугаар улирлын амралт: 1-12 дугаар ангийн бүх сурагч 2021 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад, дөрөвдүгээр сарын 5-наас хичээлдээ орно.
Зуны амралт: 1-3 дугаар ангийнхан 2021 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан зургадугаар сарын 5 хүртэл хичээллээд амарна.
6-12 ангийнхны хувьд 2021 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 4 хүртэлх хугацаанд шалгалтаа өгчихөөд амрах хуваарьтай байна.