Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 12 их, дээд сургуульд шалгалт хийж, зарим сургуулиудын тусгай зөвшөөрлийг цуцлах гэж байна гэсэн мэдээлэл гарсантай холбогдуулж, БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнгээс дараах тодруулгыг авлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хэлэхдээ "Таван их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн нь үнэн. Бид сургуулиудыг 4-5 чиглэлээр шалгаж байгаа. Элсэлт, төгсөгчдийн ажил эрхлэлт, багш боловсон хүчин, хөтөлбөр болон олон улсын магадлан итгэмжлэл гэсэн чиглэлээр шалгаж байна. Гэтэл дээрх таван сургуулийн зарим нь нэг ангид гурван оюутантай байна. Багш нарын дийлэнх нь цагийн багш байна. Иймд одоо байгаа оюутнуудыг өөр сургуульд шилжүүлэх үү, эсвэл төгсгөх боломжтой юм уу гэдгийг судалж үзсэний үндсэн дээр зөвшөөрлийг нь цуцлах талаар ярилцана.
Хэвлэлээр 12 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Бүгдийнх нь тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдээгүй. Энэ мэдээллийг хаанаас авсныг мэдэхгүй байна. Энэ сургуулиуд дотор орчин цагт нийцүүлж, шинэ хөтөлбөрөөр сургалт эрхэлье гэсэн сургууль бий. Яагаад энэ сургуулиудын дунд орсон бэ гэхээр шинэ хөтөлбөрөөр явахаар багш, боловсон хүчин нь бэлэн үү гэдгийг шалгах шаардлагатай байгаа юм" гэсэн мэдээлэл өглөө.