Япон Улсад инженер, технологийн мэргэжлээр боловсрол эзэмших 50 оюутан өчигдөр батламжаа гардлаа. Тэд “1000 инженер” хөтөлбөрийн хүрээний “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн шалгуурт тэнцсэн бөгөөд Японд сургуулиа төгсөөд, эх орондоо ажиллах гэрээтэй. Оюутнууд өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсыг зорих байсан ч цар тахлаас урьдчилан сэргийлэх хорио цээрийн дэглэмийн улмаас хойшлуулжээ. Энэ хугацаанд тэд цахимаар хичээллэсэн аж.
Хөтөлбөрийн зохицуулагч Д.Намсрай “Оюутнууд Японы 10 их, дээд сургуульд механик, барилгын, хүрээлэн буй орчны инженер гэсэн үндсэн гурван мэргэжлээр 2-2.5 жил суралцана. Өндөр ур чадвартай, инженер, техникийн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор “1000 инженер” хөтөлбөрийг 2014 оноос хэрэгжүүлж байна” хэмээв. Уг хөтөлбөрийн гүйцэтгэл өдгөө 67 хувьтай байна. Тодруулбал, одоогоор 670 оюутан, судлаач багшийг хөтөлбөрт хамруулсан гэнэ.
Бэлтгэсэн: Э.Намуунцэцэг