"Эрдмийн оргил" сургуулийн наймдугаар ангийн гурван сурагч өөрсдийн зурсан зургаар "Налайх дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг"-ийн ханыг чимжээ. Хүүхдүүд нэгэн хэвлэлд "Бид яагаад ихэвчлэн үлгэрийн баатар зурдаг вэ гэвэл хүүхдүүдийг хайртай баатрынх нь дүрээр сайн зүйл рүү уриалахыг хүсдэг. Зарим эмнэлэг сургууль, цэцэрлэгүүд их тохижилт муутай байдаг шүү дээ. Тиймээс өөрийнхөө хийж чадах зүйлээр туслая гэж бодсон. Хүнд туслах хамгийн сайхан байдаг" хэмээн ярьжээ.
Хүмүүс хүүхдээ хүмүүжүүлнэ гэхээс илүү хүүхдийнхээ юу хийх, хэнд туслах гээд байгааг мэдэх нь чухал гэдгийг дээрх жишээнээс харж болно.Томчууд өөрсдөө хүүхдүүдээс үлгэр дууриал авч, тэднээс суралцах хэрэгтэй. Тухайлбал бид эмнэлгийн ор хүрэлцдэггүй, үйлчилгээ муу, эмч, сувилагчдын харилцааны сөрөг талуудыг нь хардгаас биш үүнийг хэрхэн өөрчлөх, өөрийн хувьд ямар зүйлээр тусалж болох уу гэдгийг боддоггүй. Тэгэхээр аливаа зүйлд хандлага гэдэг хичнээн чухал зүйл болохыг дээрх хүүхдүүд үлгэрлэн харуулсан байна.