БШУЯ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Цэцэрлэг, сургуульд эрүүл хооллолт, идэвхтэй дасгал, хөдөлгөөнтэй орчин бүрдүүлэх” төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Үүний хүрээнд нийслэл, орон нутгийн сургууль, цэцэрлэгийн тогооч нарын мэдлэг, ур чадварыг үе шаттайгаар дээшлүүлэх болсон. Энэ удаагийн сургалтад 134 тогооч, хоол, тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, МСҮТ-ийн хоолны технологийн багш, орон нутгийн сургуулиудын захирал, эмч, нярав зэрэг 34 хүнийг хамруулжээ. Тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх энэхүү сургалтаар хоол, хүнсний илчлэгийг тооцох аргачлал, хүүхдийн хоолны технологид анхаарах зүйлс болон аюулгүй ажиллагааны талаар зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Тухайлбал, БШУЯ-ны Сурагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Дуламханд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, үдийн хоолны 66 иж бүрдэл бүхий жор, технологийг заасан байна. Ташрамд дурдахад, дээрх төслийн хүрээнд нийслэлийн нэг, орон нутгийн дөрвөн сургууль, мөн тооны цэцэрлэгт гал тогооны 400 орчим сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл нийлүүлжээ.