Спортын төв ордны хонгил
Олимпын аварга, тив, дэлхийд нэрээ дуудуулсан өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж, халааг бэлддэг Спортын дунд сургуулийнхан эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдал хангаагүй орчинд хичээллэж байна. Тус сургуулийнхан байгуулагдсан цагаасаа буюу 2009 оноос хойш өдий хүртэл өөрийн гэсэн байргүй, Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулж буй. 62 жилийн настай, ашиглалтын шаардлага хангахгүй болсон энэ ордны “бөөрөнд” байгаа цагт сургуулийн орчин, нөхцөл хэзээ ч сайжрахгүйг эцэг, эхчүүд шүүмжиллээ.
Спортын төв ордныг гаднаас нь харахад тийм ч яахаа алдчихсан биш ч дотроо гамшиг болжээ. Тэр дундаа үүдний хэсэг, нэгдүгээр давхрын хонгилууд, анги, спорт танхимууд нь мөсөн хонгил гэсэн үг. Хүүхдүүд гадуурх хувцастайгаа байхаас ч өөр аргагүй аж. Хана, таазных нь будаг халцарч, мөөгөнцөртсөн, шал нь энхэл донхол, хонгилоор нэг бохирын үнэр ханхална. Спорт танхим, үүдний хэсэгт засвар хийж буй учир шороо, тоос гэж тоймгүй. Тэр тоос, шороо нь хүүхдүүдийн хөлөөр агаарт дэгдэж, бужигнасан саарал орчин угтсан юм.
Тус ордны барилгыг мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй хэмээн олонтоо акталсан ч үндэсний шигшээ багийнхан бэлтгэл, сургуулилалт хийх газаргүйгээс одоо болтол үүдийг нь хаачихаж чадахгүй байгаагаа албаныхан учирладаг. Ордны барилгыг жил бүр багагүй хөрөнгөөр засварладаг ч өвлийн хүйтэн, зуны ганц, хоёрхон борооны “ард” гардаггүй, будаг, шавар нь ховхроод уначихдаг аж. Хэзээ нурах нь мэдэгдэхгүй ийм барилгад мэргэжлийн тамирчид бэлтгэл хангаж, хүүхдүүд дасгал, сургуулилалт хийдэг гэхээр ёстой л спортод дуртайдаа л ийм газарт ирдэг байх даа гэж эрхгүй бодогдмоор.
2008 оны Бээжингийн зуны олимпод манай улсаас хоёр аварга төрсний дараа эцэг, эхчүүдийн хүүхдээ спортоор хичээллүүлэх хүсэл, сонирхол улам нэмэгдсэн гэдэг. Тэр үед одоогийн Спортын дунд сургуулийн захирал, доктор, профессор Ч.Зоригтбаатар тэргүүтэй хэдэн хүн спортын сургууль байгуулах санал гаргаж, эрх баригчдын дэмжлэгийг авчээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн 2008 оны Хүүхдийн спортын дунд сургууль байгуулах тухай Е13 дугаар албан тоотыг үндэслэн, БСШУ-ы сайд 2009 оны хоёрдугаар сарын 3-нд 38 дугаар тушаал гаргаж, тусгай зөвшөөрөл олгосноор Монголын анхны Спортын дунд сургуулийг байгуулжээ. Өдгөө тус сургуулийн IV-XII ангийн 500 гаруй хүүхдэд ерөнхий эрдмийн болон спортын 40 орчим багш, дасгалжуулагч хичээл заадаг байна. Тэд жүдо, самбо, чөлөөт бөх, бокс, хөлбөмбөг, тэшүүр, шатар, даам, хүндийг өргөлт, хөнгөн атлетик зэрэг спортын 10 гаруй төрлөөр мэргэжлийн сургалт явуулдаг аж. Ч.Зоригтбаатар “Манайх өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж, халааг бэлдэхээс гадна бүрэн дунд боловсролыг давхар олгодгоороо онцлогтой.
Монголд тамирчдын залгамж, халааг бэлдэх тогтолцоо төдийлөн бүрдээгүй, одоо ч зөв зохион байгуулалтад орж чадаагүй л байна. Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн чадавх, боловсрол, биеийн тамир, спортын салбарын тогтолцоо, хөгжлийн түвшинтэй шууд холбоотой. Биеийн тамир бол нийгмийн соёлын бас нэгэн том бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Тиймдээ ч олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөж, хөгждөг жамтай. Бид өнгөрсөн хугацаанд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр нөөц, бололцоондоо тулгуурлан, хичээл, сургалтаа явуулж ирсэн. Спортын сургууль битгий хэл, өдгөө биеийн тамирын танхимгүй сургууль ч улсын хэмжээнд цөөнгүй. Тэр дундаа хуучны сургуулиудын спорт танхим нь стандартын бус, шаардлага хангадаггүй. Эдгээр асуудлыг төр, засаг анхаарч, өөрчилж, шинэчлэх цаг болсон. Уг нь 2014 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүл манай сургуулийг “тусад нь гаргахаар” Морингийн даваанд хоёр га газар өгсөн юм. Үүний дагуу нийслэлийн Боловсролын газрынхан 920 хүүхдийн багтаамжтай спортын сургууль барих зураг төсөл хийлгүүлсэн. БНХАУ-ын Засгийн газрын тусламжаар барих сургуулиудын жагсаалтад манайхыг олон жил оруулсан ч одоо болтол энэ асуудлыг шийдээгүй. Боловсролын газраас сургуулийн барилгыг бариулах саналаа холбогдох албаныханд жил бүр уламжилсаар байгаа” гэлээ.
Спорт танхим
Улсын хэмжээнд спортын 10 дунд сургууль үйл ажиллагаа явуулж буйн гурав нь нийслэлд, бусад нь орон нутагт харьяалагддаг байна. Эдгээр сургуулийн үйл ажиллагааг сайжруулах, сургалт, хичээлийг нь үр дүнтэй явуулахын тулд хэд хэдэн арга хэмжээ авах хэрэгтэйг судлаачид хэлдэг. Юуны түрүүнд эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, материаллаг бааз, орчин нөхцөлөөр хангах, боловсон хүчнийг чадавхжуулах, багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зэрэг зайлшгүй шаардлага тулгарчээ. Спортын дунд сургуулийн тухайд Спортын төв ордонд үйл ажиллагаа явуулдаг ганц давуу тал нь бусдаасаа сургалтын бааз, суурь сайтайгаараа ялгардаг аж.
Хүүхдүүдийг 21 аймаг, есөн дүүргээс харьяалал харгалзахгүй элсүүлдэг, үнэ төлбөргүй, төрийн өмчийнх гэдгээрээ бас онцлогтой. Тус сургуулийн хонгилын хэсэгт хүүхдүүдийн хувцас солих өрөө байрладаг. Монгол гэрийн үүдний амбаар шиг тэр умгар өрөөнд хүүхдүүд хөл хөөр болчихсон, байнга шахам л шаагилддаг аж. Байшинд хургасан хүйтэн жаврыг тэд тоож байгаа ч юм алга. VIII ангийн сурагчид хувцсаа сольж байхтай таарав. Тэд “Манай сургууль гоё шүү дээ. Нэг анги дунджаар 3-4 бүлэгтэй. Ангиуд жүдо, самбо бөх, хөлбөмбөг, эсвэл хөнгөн атлетикийг гүнзгийрүүлэн судалж, хичээллэдэг. Бид тамирын хувцсаа энэ өрөөнд солиод, бэлтгэлээ дууссаны дараа дүрэмт хувцсаа өмсөөд хичээлдээ ордог. Өглөө, өдрийн ээлжийн сурагчид энэ өрөөнд л хувцсаа солино. Ер нь сургууль хүйтэн, шороо, тоостой ч дасгал, сургуулилалтаа хийхээр дулаацчихдаг. Хүсэл, сонирхлынхоо дагуу энд сурч байгаа болохоор хэн нэгэнд гомдоллодоггүй” хэмээн ярив. Гэсэн ч хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох ёстой. Багш дасгалжуулагчтай нь уулзаж, орчин, нөхцөлөө сайжруулах талаар хөөцөлдөж байгаа, эсэхийг лавлахад харамсалтай нь “Бидний мэдлээс хэтэрсэн асуудал. Эцэг, эхчүүд хүүхдээ ийм орчинд сургахгүй гэвэл харьяаллынх нь дагуу шилжүүлж болно шүү” хэмээн сурагчдынхаа хүсэл, тэмүүллийг мохооно лээ. Зөвхөн багш нар гэлтгүй төр, засаг ч өнгөрсөн хугацаанд тус сургуульд иймэрхүү байдлаар хандаж ирсэн нь илт.
Хувцас солих өрөө
Ямар сайндаа л багш нар нь “Манай сургуулийн хүүхдүүдээс илүү тив, дэлхийд Монголынхоо нэрийг дуудуулж яваа шигшээ багийнхны эрүүл мэнд, аюулгүй байдалд Спортын төв ордны орчин, нөхцөл заналхийлж байна гэвэл шийдвэр гаргагчид тоож магадгүй” гэх вэ дээ. Ч.Зоригтбаатар “Бид ордны барилга, байгууламжийг шинэчлэх хэмжээний эрх мэдэлтэй улс биш. Тиймээс байгаагаа тордохоос өөр яах билээ. Манай сургуулийн тамирчдын амжилт сайн. Гэхдээ бүх хүүхэд олимп, тив, дэлхийн аварга тамирчин болохгүй. Спортын “хуулиар” төгсөгчдийн 10 хувь нь л өндөр зэрэглэлтэй тамирчин болдог. Эрүүл чийрэг амьдрах арга, ухааныг бүх сургуульд биеийн тамирын хичээлээр нь заах ёстой. Үүнийг нь бид улам хөгжүүлж, тамирчин болгох замд нь хөтөлдөг. Өнгөрсөн жилийн Хүүхдийн спортын их наадмаар манай сургуулийнхан улсын хэмжээнд медалийн тоогоороо IV байрт жагссан. Энэ нь өсвөрийн тамирчдыг бэлтгэж буй манай сургалт, үйл ажиллагааны үр дүн” гэсэн юм.