“Хүүхдийн ухаан төрөлх хэл дээрээ хөгждөг” Бүргэд овогт Д.Цэрэндагва
(Дурсамж хөрөг)
Монгол түмний өнгөрсөн XX зууны гол ололтын нэг нь гэгээрэл, боловсролын үсрэнгүй хөгжил байж, монголчууд дэлхийн энтэй боловсрол эзэмшсэн үйл явц маргаангүй. Энэ үйл хэрэг олон зуун шилдэг сэхээтний зүтгэл, тэмцлээр бий болсон. Социалист, капиталист лагерийн хуваагдалд хувь заяаны эрхээр монголчууд Зөвлөлт маягийн тогтолцоог дагаж тусгаар тогтнон сэргэн мандах түүхэн сонголтод тулсан. Зөвлөлт маягийн тогтолцоо үзэл суртлаа хүрээллийн орнуудад тулгахдаа боловсролын тогтолцоогоор нь дамжуулан хэрэгжүүлж байв. Үүний илрэл нь БНМАУ үндэсний бичгээ халж, шинэ бичиг хэмээн кирилл үсэг авч хэрэглэсэн явдал мөн.
Б.Ринчен докторын 1958 онд Улаанбаатар дахь Оросын элчин сайдын яамны зөвлөх В.Иваненкотой уулзаж, монгол хэл, түүний заах арга, “Цагаан толгой” сурах бичиг, бас бус олон асуудлаар санал солилцсон нууц тэмдэглэл өдгөө ил болжээ. Элчин зөвлөх энэ уулзалтын дэлгэрэнгүй танилцуулгаа Москвад тэр даруй уламжилсан байна. Энэхүү нууц танилцуулгад Б.Ринчен гуай монгол “Цагаан толгой”-г боловсронгуй болгох шаардлагатай”-г онцлоод, Монголын бага сургуульд орос хэлбэрийн “Цагаан толгой” сурах бичгийг хүчээр тулгаж, Монголын Засгийн газар “Цагаан толгой” зохиохыг дунд сургуулийн боловсрол ч байхгүй, монгол хэлний мэдлэгээр харанхуй хүн болох Дамдинсүрэнд даалгаж алдаа хийсэн” хэмээн “гомдоллосон” байдаг. Хэл бичгийн хоёр ноён оргил Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарын энэхүү санал зөрөлдөөн хожмын хэсэг эрдэмтэн судлаачдаар дамжиж олон жил үргэлжилсэн.
Д.Цэрэндагвын 1974 онд хэвлэгдсэн “Цагаан толгой”-г Горецкий нарын 1982 онд хэвлэгдсэн “Букварь” болон Финландын бага сургуулийн Үсэглэл-“Aapiskukko”-гийн арга зүйн адил зарчмыг харьцуулсан байдал
1956 онд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт (БНМДИ) байгуулагдсан нь Сурган хүмүүжүүлэх ухааны хүрээлэн, өнөөгийн Боловсролын хүрээлэнгийн эх суурь байв. Нэгэн жарны түүхэнд олон арван эрдэмтэд, судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид энэхүү байгууллагын түүхийг бүтээлцсэн, тэдний нэг нь энэхүү дурсамжийн эзэн Бүргэд овогт Дамдины Цэрэндагва агсан юм.
Хэнтий нутгийн хүү Д.Цэрэндагва бага, дунд сургууль, Багш нарыг бэлтгэх сургууль, дараа нь 1958 онд МУИС-ийг төгсөхдөө утга зохиолын шүүмжлэгч Ц.Мөнх, УБДС-ийн декан, эрдэмтэн Б.Рагчаа, Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, Т.Дашцэдэн, зохиолч Жан.Шагдар, гавьяат багш Ц.Дэжээхүү зэрэг монгол хэл, утга зохиолын алдартантай хамт суралцжээ. Төрийн гурван удаагийн шагналт, академич Ц.Дамдинсүрэн, төрийн шагналт, академич Ш.Лувсанвандан, академич А.Лувсандэндэв, хэлний нэрт эрдэмтэн, доктор Т.Пагваа, төрийн шагналт эрдэмтэн Ш.Гаадамба нараар ном заалгасан. Их сургууль дөнгөж төгссөн Д.Цэрэндагва шинэ тутам байгуулагдсан БНМДИ-д бага сургуулийн монгол хэлний заах аргын мэргэжилтэн болов. Тэрбээр анх хөл тавьсан энэ байгууллагадаа тасралтгүй 25 жил үр бүтээлтэй ажилласан нэгэн. Түүний үндэсний ухамсарт дэвшилтэт үзэл санаа төлөвшихөд ёс заншил, шашин соёлоо хүндэтгэн дээдэлдэг түүний өвөг дээдэс, гэр бүлийн хүмүүжил, ялангуяа авга ах Хүрээний “Гунгаачойлин” хийдийн “анги” лам Гомбожав ихээхэн нөлөөлжээ.
Д.Цэрэндагва гэгээрэл, боловсролын байгууллагад 50 гаруй жил зүтгэхдээ бага ангийн монгол хэл бичиг, заах аргын холбогдолтой 30 гаруй сурах бичиг, ном товхимол, 130-аад нийтлэл бичиж хэвлүүлж, 20 гаруй ном товхимлыг нягтлан шүүсэн. Тэрбээр “хүүхдийн ухаан төрөлх хэл дээрээ хөгждөг” гэж үздэг. Монгол Улс хэдийгээр социализм байгуулахдаа европжих, тэр тусмаа хэт “оросжин”, ЗХУ-ыг бүх талаар даган дуурайх, хуулбарлах нь хөгжин дэвших, сэргэн мандахад тустай ч олон зуун жилийн уламжлал, түүх, соёл, боловсролын уламжлалаа үгүйсгэх нь дорно дахины язгуур оронд төдийлөн зохимжгүй хэмээн төр, засгийн зарим бодлогыг битүүхэндээ ил, далдаар шүүмжилдэг байв. Монгол Улс боловсрол, шинжлэх ухааны хөгжилдөө зөвхөн ЗХУ-ын загвар төдийгүй социалист зарим орон (БНАГУ, БНУУ, БНСЧСУ мэт) дэлхийн дэвшилтэт, хөгжингүй бусад орнуудын (Финланд, Швед, ХБНГУ мэт) шилдэг, тэргүүний ололт амжилтыг зэрэгцүүлэн авч, жишиг болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байжээ. Түүнчлэн эх орныхоо хөгжил тийм ч хурдан үсрэнгүй биш, удаан хөшүүн байгаа, бусад социалист орноос ихээхэн хоцронгуй байгаад санаа зовнидог байв. Ялангуяа боловсролын систем, түүний агуулга, сурах бичиг бүр ЗХУ-ын жишгээр, тэр хэвээр нь үгчлэн орчуулан-хуулбарлан “зохиож” байгааг ихээхэн шүүмжилдэг, бүтээлч сэтгэлгээтэй сэхээтэн байлаа.
Д.Цэрэндагва монголчууд бичиг үсгээ сольсон ч эх хэлээ солиогүй учир монгол хэлний сургалт, ялангуяа уншуулж, бичүүлж сургах үйл явц, “Цагаан толгой” сурах бичгийн бүтэц, зарчим монгол хэлний зүй тогтол, сургалтын уламжлалд суурилах, түүнийг шинэчлэн баяжуулж, хөгжүүлэх нь зөв гэсэн байр суурь баримталж, энэ байр суурин дээрээ баттай зогссон нэгэн.
1970-аад оны эхээр “Цагаан толгой” сурах бичиг (редактор нь доктор Чой.Лувсанжав) зохиож, хот, хөдөөгийн сургуулиудад туршиж, улмаар 1972-1973 оны хичээлийн жилд Монгол Улсын бүх сургууль энэ сурах бичгээр хичээллэсэн. Уг сурах бичгийн үндсийг 1966 оноос эхлэн туршсан аж. Д.Цэрэндагва багш олон жилийн судалгаа, туршлагадаа тулгуурлан уг сурах бичгээ шинэчлэн сайжруулсан нь хожим 1999, 2003, 2012 онд дахин хэвлэгдэж эдүгээ ч бага ангийн сургалтад хувилбарт сурах бичиг хэлбэрээр хэрэглэгдсээр байна. Энэхүү “Цагаан толгой”-н ачаар тухайн үеийн нэгдүгээр ангийн бяцхан хүүхдүүд 35 үсгийг дөрвөн сар гаруйн туршид нүдлэн таньж, үг холбож уншиж сурдаг байсан хугацааг хоёр дахин богиносгож, хоёр сар болгосон нь чухал амжилт, дэвшилтэт арга зүйн давуу тал байсан юм. Одоо харин ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангийнхан бүтэн жилийн турш 35 үсгээ дөнгөн данган үзэж, бичиг үсэгт тайлагдаж байгааг энэ ялдамд зориуд тэмдэглэе. Энэхүү “Цагаан толгой”-н бас нэг онцлог нь монгол хэлтэй нэг язгуурын алтай хэлний бүлэгт багтах фин хэлний бичиг үсэгт анх сургах сурах бичиг-“Aapiskukko”, бүр өөр язгуурт слав хэлний бүлгийн орос хэлний (Горецкий.Г.Г, Кирюшкин.В.А, Шанько.А.Ф нарын) 1982 онд анх хэвлэгдсэн “Букварь”-ийн бүтэц, үндсэн зарчимтай бүрнээ тохирч байгаа явдал юм.
Д.Цэрэндагва багшийн сонгосон үзэл, байр суурь, итгэл үнэмшлийг захиргаадалтын үед хэсэг нөхөд элдвээр боогдуулж, судалгаа шинжилгээнийх нь эрч хүчийг мохоон, урам зоригийг хугалж байсан тохиолдол цөөнгүй гарч байлаа. Гэвч тэр энэ бүхнийг даван туулж, “хугараагүй ноён нуруу” байж, амьдарч, тэмцэж чадсан нэгэн. Тэрхүү үнэнч шударга зан, өөрийн судлан тогтоосон шинжлэх ухааны үзэл баримтлал, итгэл үнэмшлийнхээ төлөө академич Ц.Дамдинсүрэнтэй багагүй санал зөрөлдөж явжээ. Гэхдээ түүний эртний Монголын уран зохиол судлал, утга зохиолд оруулсан хувь нэмрийг үнэлэн хүндэтгэдэг байв. Тухайн үед энэхүү шинжлэх ухааны чанартай мэтгэлцээнийг улам хөөрөгдөж, Ц.Дамдинсүрэн гуайг турхирч, түүний далбаан дор өөрсдөдөө “ашиг” олох, дэвшилтэт үзэлт сэхээтнийг өөнтөглөн дарж, дарангуйлж байсан нэр бүхий хүмүүс төр, засгийн өндөр албан тушаалтнуудын (тухайн үеийн МАХН-ын Төв хорооны Нарийн бичгийн дарга болон Сайд нарын зөвлөлийн орлогч дарга нарын) дэмжлэг оролцоотойгоор зохион байгуулсан байдаг. Тэдгээр хүний зарим нь өдгөө амьд сэрүүн байгаа, бурхан болсон хүмүүсийг хүндэтгээд энэ удаа нэрсийг нь дурдсангүй.
Д.Цэрэндагва багштай олон жил хамт ажилласан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D) профессор Ц.Няндаг “Д.Цэрэндагва үнэн боловч хатуу үгтэй, тэр нь заримдаа дарга нарын санаанд таарахгүй, өөрт нь хал болдог тал байсан” гэж дурссан нь үүний гэрч үг болов уу.
Д.Цэрэндагва багшийн үзэл санааг үгүйсгэн, зохиосон номыг нь элдвээр өөлж, муулж гутаахыг оролдогчдод хандан “Миний “Цагаан толгой”-н сайн, муу болсныг амьдрал тольдон шүүж, олон түмэн дүгнэнэ” хэмээн бичиж байв. Хожим нь “Өдрийн сонин”-ы сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Миний зохиосон номоор Монголын олон зуун мянган хүүхэд багачууд үсэг холбон үг уншиж, улмаар эрдэм боловсролтой болцгоосон нь миний хамгийн бахархаж явдаг зүйл юм. Гэтэл миний бүх амьдралаа зориулсан эрдэм шинжилгээний энэ салбарт хүчтэнээс хишиг горьдон үнэнийг огоорогч бусармаг үзэлтний жөтөөрхлийн хар салхи хажуугаар сэвэлзэн багагүй бэрхшээл тулгарч байсанд сэтгэл эмзэглэж байдаг. Миний зохиосон “Цагаан толгой” сурах бичиг феодализмыг сурталчилсан нэрийдлээр хэл аманд өртөж, МАХН-ын Төв хорооноос гурван ч удаа комисс томилж, шалгаж байлаа. Энэ бүхний үр дүнд би ажилгүй болж, миний сурах бичгийг хэвлүүлэх, улмаар ерөнхий боловсролын сургуулиудад хэрэглэхийг нь болиулсан юм. Ингэж надаар овоглосон сурах бичиг хэлмэгдэж, би хохирсон юм” гэж үнэнийг өчжээ. Энэ асуудал улам газар авч даамжирсаар эцэстээ МАХН-ын Төв хороо, бүр Ю.Цэдэнбал даргад хүртэл хүрчээ.
Ц.Дамдинсүрэн орос хэлний онцлог, бүтцэд үндэслэн зохиосон “Үсэглэл” буюу “Цагаан толгой” сурах бичгийнхээ концепцыг олон жил хамгаалж ирэхдээ энэ талаар доктор Б.Ринчентэй ихээхэн зөрөлдөж байж. Түүний “Үсэглэл”, “Цагаан толгой” нь орос номыг хуулсан, уламжлалт бичиг үсэгт сургах монгол уламжлалаас хол хөндий байсныг Б.Ринчен гуай дээр өгүүлсэн элчин зөвлөхтэй “нууцхан” уулзахдаа шулуухан хэлж байв.
Да багш 1946 онд шинэ үсэгт зориулсан “Үсэглэл”-ийг зохиож, түүний зарчмаар зохиосон “Цагаан толгой” сурах бичгийг үндсэндээ 1970 он хүртэл хэрэглэж иржээ. Академич Ц.Дамдинсүрэн “Цэрэндагва нарын үеэр заах аргын тухай хэлбэл, монголчууд энэ үеийн аргыг хэрэглэж 700 шахам жил хүүхэд багачууддаа бичиг үсэг сургасаар ирсэн. Энэ бол уйгаржин монгол бичигт тохирсон арга байлаа. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд юм их өөрчлөгдөв. 1940-өөд оноос бид шинэ үсгийг авч хэрэглэв. Ийм үед хуучин монгол бичигт хэрэглэж байсан үеийн арга хангалттай биш боллоо. Зөвлөлт улсад нийтээр хэрэглэж, олон сая хүүхдийг бичигт сургаж шалгарсан задлаг нийлэг аргыг манайд авч хэрэглэх нь зүй ёсны шаардлага байлаа” хэмээн бичиж байв.
(“Цагаан толгой болон түүний заах аргын тухай” “Утга зохиол, урлаг” сонин. 1981 он, № 27)
Гэтэл ЗХУ 1982 онд задлаг нийлэг аргын сурах бичгээ халж, тэртээ 14 дүгээр зуунд судлан тогтоосон их эрдэмтэн Чойжи-Одсэрийн үеийн аргад тулгуурласан, МАХН-ын Төв хороонд ад үзэгдсэн Д.Цэрэндагвын “Цагаан толгой” сурах бичгийг дуурайн хуулав уу гэлтэй, яг ижил зарчим, бүтэцтэй “Букварь” (Горецкий.Г.Г, Кирюшкин.В.А, Шанью.А.Ф)-ийг Зөвлөлт орон даяараа сургалтдаа хэрэглэж эхэлсэн байдаг. Энэ сурах бичиг 1982 оноос өнөөг хүртэл ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрснөөр зарчим, агуулгын огт өөрчлөлтгүйгээр есөн удаа хэвлэгдэж, албан ёсны сургалтад хэрэглэгдсээр байна. Энэ нь агуу Чойжи-Одсэр тэртээ 14 дүгээр зуунд авиан үсэгтэй аливаа хэлний бичиг үсгийн зүй тогтлыг нээснийг хожмоо бага сургуульд уншуулж сургах хамгийн хялбар, зөв арга болохыг сонгон тогтоосон Д.Цэрэндагва багшийн шинжлэх ухааны эрэл хайгуул зөв байсныг дэлхий дахинаа нотлон харуулсан явдал юм.
Д.Цэрэндагва багш бол Монгол Улсын бага сургуулийн монгол хэлний сургалтын агуулга, арга зүйн тулгын чулууг тавилцсан, үлэмжийн их гавьяатан мөн. Тэрбээр өөрийн судалгаа, ажиглалтын үр дүнд нэгдүгээр ангийн сургалтыг хүүхдийг аль болох эрт, бага насанд нь эхлэх нь зөв гэж үзэж, долоон настай хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэх, уншуулж бичүүлж сургах онол арга зүйн талаар иж бүрэн судалгаа, туршилт хийжээ. Энэ судалгаа туршилтын үндсэн дээр монгол хүүхдийг зургаан наснаас нэгдүгээр ангид элсүүлэн сургаж эхлэх нь хүүхдийн сэтгэн бодох болон бие бялдрын хөгжлийн хувьд хамгийн тохиромжтой нас болохыг тэртээ 1970-аад онд дэвшүүлэн тавьж байсан нь өнөөдөр нэгэнт биеллээ олсон. Харин энэ хүний Монголын боловсролын салбар, ялангуяа бага ангийн монгол хэл бичгийн сургалтын талаар насан туршдаа хийж хэрэгжүүлсэн нөр их хөдөлмөр зүтгэлийг нь төр, засгаас хэрхэн үнэлж байсанд чамлалттай санагддагаа нуух юун. Энэ нь өөрийн итгэл үнэмшилдээ холбиролтгүй үнэнч байсны гор биз ээ.
Тухайн хүний чухам хэн болохыг хамгийн сайн таньж мэдэх, үнэлж цэгнэх хүмүүс бол нэг байгууллагад олон жил хамт ажилласан болон ойр дотнынх нь нөхөд. Тэд Д.Цэрэндагвыг хэрхэн үнэлж цэгнэж байсан талаар цөөхөн хэдэн баримт өгүүлье.
Р.Санжаасүрэн (Ардын боловсролын яамны сайд асан, гавьяат багш, доктор, профессор):
-Бага ангийн монгол хэлний боловсролыг цогцлон боловсруулах ажилдаа эрдэм мэдлэг, оюун ухаан, туршлагаа зориулсан эрдэмтэн багш нарын нэг бол Дамдины Цэрэндагва байсан юм. Өөрийн гэсэн концепцтэй, арга туршлагатай, тэр нь практик дээр нотлогдсон судлаач байсан гэдэг мэргэжлийн хүмүүсийн дүгнэлттэй би нэг бодолтой байсан, одоо ч тэгж боддог. Тэрбээр бага сургуулийн “Цагаан толгой”, монгол бичиг заах хугацааг богиносгох зөв арга замыг гаргаж өгсөн, үнэлж баршгүй гавьяатан багш хүн юм.
З.Түмэнжаргал (Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч):
-“Цагаан толгой” хэмээх ариун номыг тоймлон зүйрлэвээс эхийн ангир уураг лугаа хэмээхүйд хэн ч эс маргах буй. Кирилл үсгийг үрчилж авч хэрэглэх болсон он жилүүдийн ихэнх хэсэгт Монголын хүүхдүүд Цэрэндагвын “Цагаан толгой” хэмээх номоор л амлаж эрдмийн замыг эхлээд цаашдын уртын аяндаа зорьж байсан нь хөдөлбөргүй үнэн юм даг. Ингэхлээр тэр яалт ч үгүй үндэстнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулсан бичгийн хүмүүн мөнөөс мөн билээ. Монгол Улсад нэг жилд дунджаар 50 мянган хүүхэд нэгдүгээр ангид ордог гээд бодохоор хэдэн үеийн хэчнээн мянган хүүхэд тэрхүү номоор дөрөөлөн эрдмийн урт харгуйд давхиж одсон гэж санана.
Т.Дашцэдэн (Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, профессор):
-Д.Цэрэндагва маань Монголын олон зуун хүүхэд багачуудын мэдлэг, боловсрол, хөгжилд сэтгэл зүрхээ тууштай зориулж байсан юм. Тэрбээр “Цагаан толгой”-н сурах бичгийг бага насны хүүхдэд бичиг үсэг заах шинэ аргыг сэдэж, боловсруулахдаа монгол хэлний авиа, бүтцийн онцлог хийгээд хэл бичгийн мэргэдийн туршлагыг бүтээлчээр хэрэглэсэн юм. Эгшиглэнт монгол хэлний мөнхүү онцлогийг илтгэдэг эгшиг авианы бүлгээр эхэлж байгаа нь олон арван жилийн төөрөгдлийн дараа үсэг бичиг заах аргыг зөв замд хөтлөн оруулж байгаа зоримог алхам байсан билээ.
Түүнчлэн БНМДИ-ийн хоёр дахь захирал, Гавьяат багш цолыг анхлан хүртэгчийн нэг, доктор Ц.Шаравнямбуу, удаах захирал, Гэгээрлийн яамны орлогч сайд асан Дэ.Гомбосүрэн, сурган хүмүүжүүлэх ухааны анхны доктор, Ардын боловсролын яамны (АБЯ) нэгдүгээр орлогч сайд асан Л.Шагдарсүрэн, АБЯ-ны сайд асан, гавьяат багш, доктор Б.Даваасүрэн, Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Л.Түдэв, гавьяат багш, доктор профессор Н.Жадамба, доктор, профессор Д.Баттогтох, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Бүндэн, Г.Гонгор, Н.Нонна, Ж.Лхагвасүрэн, Л.Чойжил гээд маш олон хүн хувийн зан чанар төдийгүй түүний эрдэм боловсрол, судалгаа шинжилгээний үр дүн, байр суурийг өндрөөр үнэлж байсныг цохон тэмдэглүүштэй.
Д.Цэрэндагва гуай хувь хүнийхээ хувьд тухайн үеийнхээ сор болсон сэхээтэн, өнөөгийн хэллэгээр “role model” нь байжээ. Өндөр чилгэр нуруутай, дүрэлзсэн алаг нүдтэй, алиа хошин зантай, шулуун шударга, хань, үр хүүхдүүддээ халамжтай, найз нөхдөдөө түшигтэй, ирээдүйн гэгээн тэмүүлэлтэй нэгэн байж. Тэрбээр 1990 оны ардчилсан хувьсгалыг их л талархан хүлээн авч, монголчуудын үндэсний ухамсраа сэргээх түүхэн боломж, завшааныг бүх талаар сайшаан дэмжигч байсан. Оюутан ахуйдаа танилцсан, нэгэн насных нь хань нь А.Мөнгөнцэцэг, МУИС-ийн химийн салбарын анхны төгсөгч, химийн тэнхимийн анхны монгол эмэгтэй багш, МУИС-ийн хүндэт профессорын өргөмжлөлийг химийн салбараас анхлан хүртсэн, үндэсний гидрохимийн шинжлэх ухааны тулгын чулууг тавилцсан эрдэмтдийн нэг, Монгол Улсын гавьяат багш, профессор хүн байсан. Д.Цэрэндагвын гэр бүл эрдэм ном, мэдлэг боловсролыг эрхэмлэн дээдэлдэг. Энэ хоёр эрхэм дөрвөн хүүхэд төрүүлж, бүгдийг нь эрдэм номтой, эх орондоо хэрэгтэй хүн болгон өсгөж хүмүүжүүлсэн. Тэдний удмыг залгаж, үйлсийг үргэлжлүүлэх үр хүүхэд, ач зээ нар нь бүгд гадаадын нэр хүндтэй их сургуулиудад амжилттай суралцан, эх орондоо үр бүтээлтэй ажиллаж байна. Тэд энэ бүхнээ сайн аав, ээж, өвөө, эмээгийн ач гавьяа хэмээн дээдлэн хүндэтгэж, бахархаж яваа нь зүйн хэрэг биз ээ.
Эрдмийн ангир уураг амлуулагч, Дамдины Цэрэндагва багштаны тухай өгүүлэхэд ийм билээ.
Сэтгүүлч Б.БАТБИЛИГ