122 дугаар сургуулийн шинээр барьж буй барилга
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны сайд өнгөрсөн наймдугаар сард А/522 дугаар тушаал гаргаж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчийн барилгыг сургалтын зориулалтаар түрээслэхээр болсон билээ. Өдгөө нийслэлийн зургаан сургуулийн 3315 сурагч, 40 танхимд, 14 цэцэрлэгийн 1100 хүүхэд түрээсийн байранд хичээллэж буй. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах 188 дугаар цэцэрлэг болон 122 дугаар сургууль. Дээрх сургууль 2700 гаруй сурагчтай. Харин цэцэрлэгт нь 550 хүүхэд хамрагддаг аж. Энэ хороонд сургуулийн өмнөх боловсрол эзэмших шаардлагатай 2500 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд өнгөрсөн наймдугаар сард 2200 нь цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргасан гэнэ. Гэвч цэцэрлэгийн хүртээмж муу учир сугалаагаар 550 хүүхдийг л шалгаруулан авчээ. Хүүхдүүд цэцэрлэгийн байранд багтдаггүй тул энэ хичээлийн жилд хоёр гэр нэмж барин, нэг амины орон сууц түрээслэхээр болсон юм байна. Эцэг, эхчүүд түрээсийн амины орон сууцыг “Хүйтэн, цэвэр, бохир усны шугам сүлжээ муу, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангадаггүй” гэж шүүмжилэх болжээ. Дээрх хорооны сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж буй барилгын дүр зураг ямар байгааг сурвалжиллаа.
Сараалжин төмөр хашаатай, хоёр давхар амины орон сууцын гадна эцэг, эхчүүд бяцхан үрсээ авахаар дараалал үүсгэжээ. Зарим нь ядарсан бололтой машиндаа дугхийж, нэг хэсэг нь “Эцэг, эхийн хурал нь хэзээ юм бол. Халаалтаа өгнө гэнэ үү. Өнөөдөр дулаахан байна лээ. Хэд хоногийн өмнө жигтэйхэн хүйтрэхэд хүүхдүүд маань хөлдөх шахсан шүү” гэж хоорондоо ярилцана. Ийн хөөрөлдөх эцэг, эхчүүдээс цэцэрлэгийн байранд сэтгэл хангалуун байгаа, эсэхийг асуухад “Хүүхэд маань энэ жил азтай байлаа. Өнгөрсөн хэдэн жил улсын цэцэрлэгт хамрагдаж чадаагүй учир хувийнхад суралцсан. Харин энэ жил сугалаанд багтаж, улсын цэцэрлэгт орлоо. Гэвч цэцэрлэгийн байр багтаамж муу гэх шалтгаанаар ахлах бүлгийн хүүхдүүдийг гэр болон түрээсийн амины орон сууцад хуваарилсан. Энэ байрны халаалт муу, цэвэр, бохир усны шугам сүлжээ нь асуудалтай гэж зарим нь ярилцах юм. Угаас цэцэрлэгийн зориулалттай биш, амины орон сууц учир зай талбай бага, тоглох газаргүй гээд асуудал олон. Хэд хоногийн өмнө хүйтрэхэд хүүхдүүд минь их даарсан байна лээ. Уг нь шалны халаалттай, цахилгаанаар дулаанаа шийдсэн гэж сонссон ч одоогоор энэ талаар мэдээлэлгүй байна. Эцэг, эхийн хурал нь маргааш болно. Багш нь бидэнд тодорхой мэдээлэл өгөх байх” гэв. Түүнийг ийнхүү хэлж байхад өөр нэг ээж “Стандартад нийцсэн цэцэрлэгийн зориулалттай барилга биш учир зай талбай бага, гаднах орчин нь тохижилт муу. Энэ жижиг байшинд таван настай 40 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Цэцэрлэг хүрэлцээгүй учир стандартын бус ч гэсэн олдож байгаа нь их юм гэж боддог. Гэхдээ хүүхдүүд умгар өрөөнд багтахгүй, хашаандаа тоглох ч газаргүй байна. Хэзээ шатнаас унаад бэртчих бол, хашаанаасаа гараад авто зам руу гүйчих вий гэж санаа зовох юм” хэмээн ярьлаа.
Хааш хаашаагаа 20 гаруй метр болов уу гэмээр энэ хашаан дотор хоёр, гуравхан төмөр тоглоом бий. Боолт нь зэвэрч хувхайран, бэхэлгээ нь суларсан эдгээр “төмрөөр” бяцхан үрс тоглодог гэхэд сэтгэл эмзэглэмээр. Эцэг, эхчүүдийн ярьсан зүйл үнэн, эсэхийг багшаас нь тодруулахад “Манайх цахилгаанаар халаалтаа шийдсэн. Хүүхдүүд бараг даардаггүй. Харин цэвэр, бохир усны шугам, сүлжээний талаар мэдэхгүй. Цэцэрлэгийн удирдлага л мэднэ” гэсэн юм.
188 дугаар цэцэрлэгийн аргазүйч Г.Навчаа “Цэцэрлэгийн байр багтаамж муу учир шаардлага хангаж буй иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн барилгыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу түрээслэхээр болсон. Тус амины орон сууцад цэцэрлэгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй ч манай хороонд байгаа хамгийн тохилог байшин. Энэ хавьд (Тахилтын эцэст) стандартад нийцсэн, шинэ барилга байхгүй. Харин халаалтын болон шугам, сүлжээний асуудлыг тухайн барилгын эзэн хариуцах ёстой. Энэ жил анх удаа түрээсэлж байгаа болохоор шугам, сүлжээ нь сайн уу, муу юу гэдгийг мэдэхгүй. Хүйтний эрч чангараагүй тул халаалт ямар байгааг мэдэх боломжгүй байна. Улсаас энэ барилгын нэг ам метр талбайг 19 800 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулсан. Нийт 156 ам метр талбайтай гэхээр сард гурван сая гаруй төгрөг төлдөг гэсэн үг. Ийм хэмжээний мөнгийг түрээсэнд төлж буй учир тухайн барилгын эзэн халаалт, цэвэр, бохир усны шугам, сүлжээг хариуцах ёстой” гэв. 2000 гаруй хүүхдээс сугалаанд таарч цэцэрлэгт хамрагдсан ч энэ мэтчилэн стандартын бус барилгад хичээллэж байгаа багачуудын эцэг, эх “Хурдхан цэцэрлэгийн шинэ барилгаа ашиглалтад оруулаасай” гэж ярив. 188 дугаар цэцэрлэгээс нэг км гаруй зайд 271 дүгээр цэцэрлэгийн барилга барьж буй юм билээ. Эл цэцэрлэгийн барилгыг хэзээ ашиглалтад оруулах талаар мэдээлэл авах гэсэн боловч ажлын талбайд нь нэг ч хүн байсангүй. Цэцэрлэг барихаар 3.3 тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Гэвч барилгын ажил нь зогсож, ийнхүү удааширсан нь хүүхэд, эцэг, эхчүүдэд багагүй хүндрэл учруулах болжээ
122 дугаар сургууль түрээсэлж буй барилга
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны хүүхдүүдийн боловсрол эзэмших эрх зөрчигдөж буй жишээ үүгээр дуусахгүй. Дээрх хороонд байрлах 122 дугаар сургуулийн 2700 гаруй хүүхдээс 700 нь түрээсийн байранд хичээллэж байна. Түрээсийн байр нь мөн л хувийн эзэмшлийнх бөгөөд зургаан анги, 18 бүлгийн, 720 хүүхэд сурдаг. Уг байранд ихэвчлэн бага ангийнхан гурван ээлжээр хичээллэдэг гэнэ. Энэ хичээлийн жил нэгдүгээр ангид есөн бүлгийн 300 гаруй хүүхэд шинээр элсжээ. Жил бүр дунджаар ийм тооны хүүхэд шинээр элсдэг учир байр түрээслэхээс аргагүйд хүрсэн байна. 122 дугаар сургуулийн бага боловсрол хариуцсан менежер Д.Байгалмаа “Түрээсийн байрын нэг ангид 40 орчим хүүхэд сурч байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг боловч энгийн сургуулийн адил 18.00 цагт хүүхдүүдээ тараадаг. Шинэ сургуулийн барилгыг ашиглалтад оруулахгүй бол жил бүр 300 гаруй хүүхэд нэмэгдэх учир цаашид улам л хэцүүдэх нь. Хэрэв энэ янзаараа байвал үйлчилгээний зориулалтаар барьсан, олон өрөөтэй үүн шиг барилгыг цаашид ч түрээслэх болов уу” гэв. Худалдаа, үйлчилгээний зориулалттай хоёр давхар тус барилгыг сургууль болгожээ. Энэ талаар тус сургуулийн ахлах анги хариуцсан менежер Э.Түвшинсайхан “Манай хороонд сүүлийн жилүүдэд шилжин ирж, суурьших иргэд нэмэгдсэн. Үүнээс болж сургуулийн хүрэлцээ муудаж, байр түрээслэхэд хүрлээ. Эл байрны түрээсэнд хэчнээн төгрөг төлдгийг мэдэхгүй. БШУЯ-ныхан сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрыг шалгаж, гэрээ хийдэг. Тиймээс стандартын бус гэж үзэхгүй байна. Шинэ сургуулийн барилгыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна гэж төлөвлөгөөнд тусгасан. Барилгын ажил хэзээ дуусах, гүйцэтгэл нь ямар байгааг мэдэхгүй” гэлээ. Харамсалтай нь, шинээр барьж буй сургуулийн барилгыг нэг сарын дотор ашиглалтад оруулах шинж ер алга. Ундуй сундуй, ажил нь таг зогссон байв. Барилгын талбайд ажиллаж байсан хүмүүсээс ажлын явцыг тодруулахад хариу хэлсэнгүй. Эл сургуулийн барилгыг 4.5 тэрбум төгрөгөөр барьж буй юм.
Түрээсийн болон шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгын талаар БШУЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Болортунгалагаас тодруулахад “Манай байгууллага сургуулийн болон цэцэрлэгийн түрээсийн байрын талаар мэдэхгүй. Үүнийг нийслэлийн Боловсролын газар хариуцдаг” гэв. Харин нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Энхтөр “Дээрх сургууль, цэцэрлэгийн түрээсийн байрыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, үйл ажиллагаа явуулах боломжтой гэж дүгнэсэн. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд шинээр барьж буй 271 дүгээр цэцэрлэгийн барилгын ажил бараг дууссан. Улсын комисс хүлээж авахад бэлэн. Харин 122 дугаар сургуулийн барилгын ажил 65 хувьтай үргэлжилж байна. Энэ онд багтаан ашиглалтад оруулна” гэв.
188 дугаар цэцэрлэгийн түрээсэлж буй амины орон сууц
Мэргэжлийн байгууллагууд ийнхүү дүгнэсэн байхад эцэг, эхчүүд яагаад гомдоллох болов. Барилгын ажил нь дууссан боловч яагаад хүүхдүүдээ шинэ цэцэрлэгт хамруулахгүй, эцэг, эхэднь мэдээлэл өгөхгүй байна вэ. Уг нь “Сургууль, цэцэрлэгийн түрээсийн барилгын орчны эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллах талаар дүүргийн хэмжээнд тусгайлсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг харьяа дүүргийн Засаг дарга нарт даалгасугай” гэсэн захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргасан. Гэвч эцэг, эхчүүд сургууль, цэцэрлэгийн талаар ямар ч мэдээлэлгүй байна. Мэдээллийг тогтмол хүргэдэг, эсэх талаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Засаг дарга М.Тэмүгэ “40 хүүхэд хамрагддаг түрээсийн цэцэрлэг байхгүй. 188 дугаар цэцэрлэгт бүртгэгдсэн бүх хүүхэд цэцэрлэгийн байрандаа бий. Манай хороонд шинээр барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар шуурхай ажиллаж байгаа” хэмээв.
Захын дүүргүүдийн хүүхдүүдийн сурч, боловсрох, эцэг, эхчүүдийн мэдээлэл авах эрх ийнхүү зөрчигдөж байна. Эцэг, эхчүүд энэ тохиолдолд “Стандартын бус ч гэсэн олдсон нь их юм” хэмээн хүлцэнгүй загнахын оронд, боловсролын болон холбогдох байгууллагуудад нь шаардлага тавих хэрэгтэй мэт санагдлаа.