Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуу инженерүүдийн холбоо, “Цахим оюуны эерэг давлагаа” төрийн бус байгууллагынхан хамтран “Үндэсний шинэ давлагаа, инженер залуу үе” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуусыг хувь хүний хөгжил, англи, солонгос хэл, компьютерын хосолсон, урт хугацаатай, цогц сургалтад хамруулах гэнэ. Баянгол, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг болон зургаан аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутнуудыг үүнд хамруулахаар төлөвлөжээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Чинзориг “Нийслэлд залуучуудыг дэмжих 10 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвд бид КОЙКА байгууллагын дэмжлэгээр өмнө нь 15 төрлийн сургалт зохион байгуулж, 1237 оюутан, залуу амжилттай төгссөн. Уг үйл ажиллагааны үргэлжлэл нь “Үндэсний шинэ давлагаа, инженер залуу үе” хөтөлбөр юм” хэмээв. Хөтөлбөрийн хүрээнд явуулах сургалт, үйл ажиллагаанууд үнэ төлбөргүй аж. Сургалт ирэх сарын 1-нээс эхлэх бөгөөд бүртгэл нь өчигдрөөс эхэлсэн. Оролцохыг хүсэгчид “Цахим оюуны эерэг давлагаа” төрийн бус байгууллага, Монголын залуу инженерүүдийн холбооны дэргэдэх “Инженер” академид хандан бүртгүүлэх боломжтой гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч