Өнөөдөр Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, МУИС-ийн Эмерит профессор Э.Равданы “Орчин цагийн хэл шинжлэл” таван боть номын нээлт боллоо. Тус ном нь хэл шинжлэлийн түүх, орчин цагийн хэл шинжлэлийн гол асуудлууд, орчин цагийн хэл шинжлэлийн чиг хандлага, үзэл баримтлал, хэрэглээний хэл шинжлэл, Дэлхийн олон хэлний хэл шинжлэлийн асуудлууд зэрэг агуулгаас бүрдэж байгаа бөгөөд тэр дундаа орчин цагийн хэл шинжлэл буюу хэрэглээний хэл шинжлэлийн асуудлыг онцолж байв.
Энэ талаар тэрбээр хэлэхдээ "Дэлхийн хэл шинжлэл нь бүх хэлэнд байх шинжлэл байгаа юм. 1990 оныг хүртэл Дэлхийн улс орнууд социалист болон капиталист гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байсан. Түүний капиталист урсгалын хэл шинжлэл нь манай улсад орж ирээгүй. Түүнийг л сургалтад оруулах асуудал юм. Тэр дундаа хэрэглээний хэл шинжлэлийн асуудал илүүтэй яригдана. Тиймээс хэрэглээний хэл шинжлэл буюу орчин цагийн хэл шинжлэлийн хүрээнд монгол хэлээ сайтар судлаасай гэдэг үүднээс энэхүү номнуудыг нэгтгэсэн юм" гэлээ.