Засгийн газар хуралдаж, хоёр настай хүүхдүүдийг энэ сарын 21-нээс эхлэн цэцэрлэгт хамруулахаар болсон. Харин тус хүүхдүүдийн элсэлтийн талаар өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ "Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан.
Энэ дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажил их хийгддэг. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байна. Есдүгээр сарын 18-ны өглөө 09:00 цагаас эхлэн цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулна. Өөрөөр хэлбэл, баасан, бямба, ням гарагуудад бүртгэл явагдаж, даваа гараг буюу энэ сарын 21-ний 12:00 цагт хаагдах юм.
Бүртгүүлэхдээ дээр дурдсан цахим хаягаар ороод цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулаад, шалгах товч дарахад хүүхдийн бүх мэдээлэл харагдана. Мөн мэдээлэл авах утасны дугаараа оруулах хэрэгтэй. Тэгснээр утсанд зургаан оронтой тоо очиж, тус тоог бүртгэлийн дугаарын хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товч дээр дарснаар хүүхэд бүртгүүлж дуусах юм. Харин 18-21-ний өдрүүдэд 09-18 цагийн хооронд цэцэрлэг бүрт иргэдэд туслах ажилтан ажиллана.
Тэгэхээр цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд цэцэрлэг дээр нь яваад очих хэрэгтэй. Хүүхдийн мэдээллийг нэг л оруулна.Мөн бүртгэлд 2018 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд л хамрагдана. Өөр хүүхдийн регистрийн дугаарын оруулах бол систем маань хүлээж авахгүй. Мөн боловсролын мэдээллийн төвийн 75758080 лавлах утас ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбогдох мэргэжлийн хүмүүс энэ утсан дээр байна" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "Хүүхэд харах үйлчилгээний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ярья. Хүүхэд харах үйлчилгээ мөн ирэх долоо хоногоос үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм. Иргэд хүүхэд харах үйлчилгээний мэдээллийг дүүргийн боловсролын хэлтсүүдийн сайтаар нэвтэрч харж болно.
Мөн харьяа хорооноос мэдээлэл авах боломжтой. Бүртгэл нь энэ долоо хоногт явагдаж байгаа. Бүртгэлд 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана. Бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн шинжилгээний бичигтэй очиж бүртгүүлнэ" гэсэн юм.