Өнөөдөр Чойжин ламын сүм музейд сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан "Дохионы хэл бүгдэд зориулагдсан" өдөрлөг боллоо. Тодруулбал, манай улс 2009 оноос эхлэн сонсголгүй иргэдийн өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил "Сонсголгүй иргэдийн эрхийг бататгах нь" сэдвийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран дээрх өдөрлөгийг зохион байгуулж байна.
Тус өдөрлөг нь сонсголын бэрхшээлтэй иргэдэд Чойжин ламын сүм музейн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, соёлын өвийг танин мэдэх, хайрлан хамгаалах, бахархах сэтгэлийг бий болгох, төлөвшүүлэх зорилготой байна. Түүнчлэн өдөрлөгт сонсголын бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй байгууллага, 300 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэд оролцсон. Түүнээс гадна МУГЖ Т.Ариунаа, СТА Г.Нарансолонго, Д.Ганцэцэг нар оролцож, уран бүтээлээ хүргэсэн бөгөөд музейг тайлбарлан таниулахаар Самъяа хийдийн лам нар болон мэргэжлийн хэлмэрч нар ирсэн юм.
Энэ үеэр Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн "Манай Чойжин ламын сүм музейгээс Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх байгууллагад энэхүү өдөрлөгийг зохион байгуулах хүсэлт гаргасан. Дэлхийн олон улсын музейн зөвлөлөөс хүний ямар нэгэн зүйлийг харгалзалгүйгээр бүх хүмүүст тэгш хүртээмжтэй үйлчлэх гэсэн уриаг дэвшүүлдэг. Тэр ч утгаараа манай музейн ажилчид бид дээрх уриан хүрээнд 2018 онд сонсголгүй эцэг эхтэй 100 гаруй хүүхдийг Чойжин ламын сүм музей дээрээ "Бүтээлч хүүхдүүд" үйл ажиллагаанд урьж оролцуулсан.
Учир нь хүүхдүүд багаасаа урлагийн боловсролоо хөгжүүлээд явах нь чухал. Харин 2019 онд тусгай сургалттай 29-р сургуулийн хүүхдүүдэд дохионы хэлээр "Хайрцаган дахь музей" төслийг танилцуулсан. Мөн бид музейнхээ түүхийг агуулсан баримтат түүхэн киног хийсэн бөгөөд тус кино маань дохионы хэлээр бууснаараа онцлог юм.
Түүнчлэн өнөөдрийн өдөрлөгийг угтахтай холбогдуулан музейн ажилтнуудад дохионы хэлний анхан шатны сургалт орсон. Цаашид бид энэхүү сургалтаа улам гүнзгийрүүлэхээр ажиллаж байна. Мөн Монголын урлагийн зөвлөл, М-Си-Эс групптэй хамтарсан "Өв эрдэнэ" төсөлд музей маань хамрагдан ногоон байгууламж, явган хүний зам, дурсгалт барилгын гэрэлтүүлэг зэргийг хийсэн юм. Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн тусгай хэрэгцээт иргэд маань монгол өв соёл, түүхтэйгээ илүү танилцаж, сонирхон судлаасай гэж хүсч байна" хэмээв.
Харин Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд "Сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг нэг асуудал нь хүртээмжийн асуудал. Ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоход сонсохгүй учраас өөрийн харах өнцгөөрөө мэдэрдэг. Тиймээс бид өнөөдрийн үйл ажиллагаанд Самъяа хийдийн лам нарыг урьж, музейг тайлбарлуулахаар хамтран ажиллаж байна.
Мөн энэ долоо хоногт бид сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн дохионы асуудлыг хэрхэн нийгэмд түгээх, дохионы орчуулагч, хэлмэрчдийн асуудлыг мөн яаж шийдвэрлэх тал дээр хэлэлцэж байна. Түүнчлэн манай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын харьяа Мэргэжлийн боловсролын сургалтын төв байдаг.
Тус төв дээрээ бид дохионы орчуулагчийн нэг жилийн ангийг нээхээр эрх авсан. Ер нь бид тусгай хэрэгцээт иргэдийн соёлын боловсролд анхаарч, соёлын үйл ажиллагааг хүртээмжтэй болгох чиглэлээр ажиллаж байна. Цаашид Соёлын яамтай хамтран энэ чиглэлийн олон үйл ажиллагаа явуулна" гэсэн юм.
Ташрамд дурдахад, сонсголгүй иргэдийн Дэлхийн холбоо анхны конгрессыг 1951 оны есдүгээр сард Италийн Ром хотноо зохион байгуулж, улмаар жил бүрийн есдүгээр сарын сүүлийн өдрүүдийг Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон тэмдэглэх болсон байна.