Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн 30 жилийн ойн баярын хурал өнгөрсөн амралтын өдөр Тусгаар Тогтнолын Ордны Их танхимд боллоо. Баярын хурлыг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг нээж үг хэлэн,УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч, НЗД-ийн орлогч Д.Энхтөр,Улсын Их Хурлын гишүүн асан Ц.Баасанжав, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх, Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийг үүсгэн байгуулагч Б.Цэрэндоржийн охин Ц.Энхцэцэг нар баярын мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, Улсын Их Хурлын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал, Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр нар баярын илгээлтийг уншиж сонордууллаа.
Мөн хүндэт зочдоор Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Чингис хааны одонт, төр нийгмийн зүтгэлтэн Д.Содном, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Сөнөд баруун хошууны Шилийн гол аймгийн Залуучууд багачуудын хөдөлгөөний төвийн захирал Содбилэг, Монгол улсад суугаа Элчин сайдын яамдууд, хамтран ажиллагч төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцов.
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн түүхт 30 жилийн ойн баярын хуралд уригдан ирсэн хүндэт зочид, төвийн үе үеийн багш, албан хаагчид, төгсөгч, суралцагч хүүхэд багачууддаа 30 жилийн ойд зориулан бүтээсэн түүхэн баримтат киног үзүүлж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан төвийн суралцагч хүүхдүүд болон амжилт ололтоор бусдыгаа манлайлсан төвийн багш, албан хаагчдыг шагнаж урамшууллаа.
Ойн баярын арга хэмжээнд хүндэтгэл үзүүлж Монголын Хүүхдийн Ордон, Баянзүрх дүүргийн Соёлын Ордон, Улаанбаатар чуулгын авьяаслаг хүүхдүүд, уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлсэн юм.