Дэлхий ванг 2006 оны наймдугаар сарын 24 хүртэл нарны аймгийн ес дэх гараг гэдэг байснаа статусыг нь бууруулан одой хэмээх ангилалд багтаах болсон. “Википедиа”-д “Татах хүчнийх нь улмаас нарыг тойрон эргэх найман том, таван одой гараг (Дэлхий ван, Церера, Макемаке, Эрида, Хаумеа), тэдгээрийн дагуулууд, үй олон жижиг биетийг багтаасан системийг нарны аймаг гэнэ” хэмээсэн байна. Тэгвэл Америкийн Орландо дахь Төв Флоридагийн их сургуулийн одон орончид Дэлхий вангийн статусыг эргэн харахыг Олон улсын одон орны холбооноос хүсээд, яагаад ингэх болсон шалтгаанаа судалгаанд үндэслэн тайлбарлажээ. Дэлхий вангийн “өмгөөлөгчдийн” мэдээлснээр 12 жилийн өмнө “ад үзэгдсэн” эл гараг удахгүй байр сууриа эргүүлж авах магадлалтай аж.
Дашрамд сонирхуулахад, 2016 онд нарны аймгаас шинэ гараг нээсэн, Калифорнийн технологийн их сургуулийн эрдэмтэн Майкл Браун Дэлхий вангийн зэрэглэлийг бууруулах санаачилга гаргасан бөгөөд энэ талаараа “Би Дэлхий ванг хэрхэн алсан болон ингэхээс өөр аргагүй байсан” номондоо бичсэн байдаг.
Тэгвэл 1995 онд НАСА-ийн хөөргөсөн “Нью хоризон” гараг хоорондын автомат станц 2015 онд Дэлхий ванд 12 800 км ойртож, олон гайхалтай мэдээллийг дэлхийд дамжуулсан. Ингэснээр нарны аймгийн ес дэх “цэрэг” байсан түүнийг “ад үзэх” хэрэггүй байсныг баталсан юм.
Нарнаас хамгийн хол зайд 4.8 тэрбум км-ийн алсад байх Дэлхий ван буюу Плуто гаргийн талаар “Нью хоризон”-ы дамжуулсан мэдээллүүдээс багцлан хүргэе.
Плутон буюу Дэлхий ван барагцаалбал 2370 км голчтой. Өмнөх тооцооллоос 70 гаруй км том гэсэн үг. Ийм хэмжээтэй байхад хэт жижиг хэмээх шалтгаанаар статусаа алдахгүй байх боломжтой юм.
Эрдэмтдийн тоймлосноор эл гаргийн агаар мандал азотын хийн бүрхүүлтэй, асар том мөсөн болон галт уулстай, амьдрал байх өндөр магадлалтай. Үүнээс гадна өмнө нь ганц гэж байсан дагуул нь үнэндээ тав байгааг “Нью хоризон”-ы илгээсэн зургаас илрүүлсэн байна.
Ж.Хаан