Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, таван эрхэмд цэргийн дээд цол хүртээлээ. Тухайлбал, хошууч генерал цолыг зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалд олгов. Мөн бригадын генерал цолыг Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаа, зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа С.Баяр-Очир, зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буяндэлгэр нарт хүртээлээ.
Түүнчлэн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж, эх орныхоо тусгаар тогтнол, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд шагнал, одон, медаль гардуулав. ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн зөвлөх, техникийн шинжлэх ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Ш.Бямбаа Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ОБЕГ-ын ахмад ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Даваадорж Гавьяат багш, Монголын нотариатчдын танхимын гишүүн, нотариатч, ахлах дэслэгч Л.Батцэнд Гавьяат хуульч цол хүртлээ. ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, академич, хошууч генерал П.Даш, Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, биологийн шинжээч, дэд хурандаа Т.Оюунбат нар Үйлчилгээний гавьяат ажилтан болов. Зэвсэгт хүчний дугаар ангийн материал бэлтгэх, тээвэрлэх бүлгийн жолооч, сургагч ахлагч Г.Бямбадорж Гавьяат тээвэрчин цол хүртсэн юм.
Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монголын сайн дурынхны төвөөс 1000 хөвгүүний чуулганыг “Because I am a boy” сэдвээр зохион байгуулсан нь өчигдрийн онцлох үйл явдлуудын нэг байв. Охид, хөвгүүд тэгш эрхтэй, нийгмийн оролцоо, үүрэг хариуцлага нь ч ижил байх ёстойг чуулганд оролцогчид хөндсөн. Гэтэл Монголд охидыг илүү их энхрийлж хайрлан, хөвгүүдийг тоолгүй орхидог хэвшмэл хандлага байсаар байгааг тэд шүүмжилсэн. Ялангуяа хөвгүүдэд үүрүүлэх үүрэг хариуцлага үргэлж охидынхоос илүү байдаг зэрэг нийгэмд тогтсон хандлагыг өөрчлөх нь чухал, эрэгтэйчүүд ч уйлах, гомдоллох эрхтэйг олон нийт ойлгоосой гэдгийг чуулганд оролцогчид онцоллоо.
М.Оч