Монгол Улс ерөнхий боловсролын сургуулийн насны 700 гаруй мянган хүүхдээ “зовоох”-гүйгээр сургачхаж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгш бус байдлыг гааруулж, боловсролын салбар дахь ангал улам гүнзгийрэв. Эрүүл мэнд, боловсролын салбараа уландаа гишгэсний горыг хүүхдүүд амсаж байна. Эрүүл, боловсролтой иргэнтэй байхыг хүсдэг улс орнууд эдгээр салбарыг тэргүүн эгнээндээ багтааж, хөрөнгө оруулдаг юм билээ. Гэтэл манай улсад хүүхдүүд сурах сургуульгүй түрээсийн байранд толгой хоргодсон хэвээр. Үүний зэрэгцээ гурван ээлжээр хичээллэсэн нэртэй өдөр хоногийг өнгөрөөж байна. Боловсрол олгох гэж ингэж “гурилддаг” байдлыг хэзээ зогсоох вэ. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн сарын байдлаар түрээсийн байранд 29, гурван ээлжид шилжсэн долоон сургууль үйл ажиллагаа явуулж буй гэсэн албан бус мэдээлэл бий.
Учир нь Боловсролын яам тэргүүтэй холбогдох албаныхнаас энэ талаар тодруулсан ч олигтой мэдээлэл өгсөнгүй. Улсын нууц задруулах гэж байгаа мэт аяглав. Тухайлбал, Боловсролын яамныхан “Өнгөрсөн сарын 15-ны байдлаар түрээсийн байранд хичээллэж байгаа 20 гаруй сургууль бий. Шинэ мэдээлэл гараагүй” гэв. Салбарынхан нь “Сурагчдыг гурван ээлжээр хичээллүүлэхгүйн тулд түрээсийн байр хайж байгаа. Асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэх улиг болсон тайлбараа л хэлдэг. Гэвч бодит байдалд нэг ангид хүүхдүүд 40-50-иулаа чихэлдэж, агаар сэлгэлт муутай, зориулалтын бус байранд бие засах ч нөхцөлгүй орчинд хичээллэсээр.
Сонгинохайрхан дүүрэгт 62, 123, Баянголд 141, Сүхбаатарт 131 дүгээр сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Ерөнхий боловсролын долоо болон 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг Улсын комисс хүлээж авсан гэх мэдээллийг нийслэлийн Боловсролын газраас өгсөн юм. Бусдад нь түрээсийн байр олдоогүй учир гурван ээлжээр хичээллэж буй. Тухайлбал, ерөнхий боловсролын 131 дүгээр сургуульд зургаан настнууд гуравдугаар ээлжид хичээллэж байна. Тус бага сургуулийн хоёр, дөрөвдүгээр ангийнхан 08.00-11.00, хоёрдугаар ээлжийнхэн 11.00-14.00, гуравдугаар ээлжийнхэн 14.00-17.30 цаг хүртэл хичээллэж буй гэнэ. Ердөө тавхан минут завсарладаг аж. Нэгдүгээр ангийн зургаан настнууд үдээс хойш хичээллэснээр үдийн хоол нь оройтож, нойрмоглож, идэвхгүй байхын зэрэгцээ зарим нь ангидаа унтчихдаг гэж тус сургуулийн захирал хэллээ. Цэцэрлэгээс сургуулийн орчинд шилжсэн балчир хүүхдүүдэд хичээлийн эхний жил маш чухал. Гэтэл сургах нэрээр ийн цээрлүүлж байна. Багш нь хүүхдүүддээ үсэг нүдлүүлэх гэж зууралдсаар 19.00 цагтай золгодог аж. Ингэж оройтохоор хүүхдүүд гэрийн даалгавраа хийж чадалгүй ирдэг гэнэ. Гурван ээлжээр хичээллүүлэх нь сурагчдад олон эрсдэл учруулж буйг багш нар өгүүлэв. Мөн Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийнхан өргөтгөлийн барилгаа зургаан жил хүлээсэн ч талаар болсон. Тус сургуулийн хичээлийн гурав дахь байр буюу 640 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилгыг 2018 онд эхлүүлжээ. Гэрээнд зааснаар бол тус барилгыг 2022 онд ашиглалтад оруулах байв. Гэвч барилгын ажил зогссоноос энэ хичээлийн жилд 62 дугаар сургуулийн хэсэг сурагч гудамжинд гарахдаа тулсан. Өнгөрсөн есдүгээр сарын 1-нд сурагчдыг зориулалтын бус, гаднаа ариун цэврийн байгууламжтай, цэцэрлэгийн байранд оруулах гэж байсныг эцэг, эхчүүд эрс эсэргүүцсэн билээ. Гэвч хүүхдүүдийг “агуулах” анги танхим хүрэлцэхгүй тул гурван ээлжээр хичээлүүлж байна гэх тайлбарыг сургуулийн захиргааныхан хэлдэг. Одоо ч энэ байдал хэвээрээ. Тус сургуулийн гуравдугаар ангийн нэгэн сурагч “Манай хичээл 15.30 цагт эхэлдэг. Ес, аравдугаар сард 20.00 цаг өнгөрөөж тарж байсан. Харин одоо 18.30 цагт хичээл тардаг. Заримдаа оройтдог” гэсэн юм. Гадаа хүйтэрч, эрт бүрэнхий болж буй учраас бага ангийнхны хичээлийг “шахаж” байгаа бололтой. Гэвч өдөрт гуравхан цаг хичээллэсэн нэртэй, хүүхдүүдийг нааш, цааш явуулж зутрааж байна. Зарим хичээлийг цахимаар хослуулан заах сураг дуулдсан. Боловсролын яамнаас “Аравдугаар сарын 15 гэхэд гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно” хэмээн мэдэгдэж байсан нь талаар болжээ.
Сурагчдыг түрээсийн байранд хичээллүүлэх нь хүүхдийн сурах эрхийг ноцтой зөрчихийн зэрэгцээ эрүүл мэндийг нь хохироож буйгаа сайд, дарга нар үл ойшоосоор. Түрээсийн байранд өчнөөн тэрбум төгрөг зарцуулахын оронд цэцэрлэг, сургууль барихыг иргэд хүсэж буй. Гэвч ойрын хэдэн жилдээ байр түрээслэх, гурван ээлжээр хичээллэх явдал зогсохгүй нь. Үүнийг ч салбарын сайд нь баталсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сарын 23-нд болсон УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдааны үеэр Боловсролын сайд П.Наранбаяр “Өнгөрсөн онд 32 сургууль, 99 цэцэрлэгийн байрыг 23.6 тэрбум төгрөгөөр түрээсэлсэн. 23.6 тэрбум төгрөг бол дөрвөн сургууль, цэцэрлэг барих хөрөнгө. Гэхдээ ойрын хэдэн жилдээ түрээсийн байранд хичээллүүлнэ. Цаашдаа цэцэрлэг, сургууль барина” гэсэн юм. Хамгийн зөв шийдэл хэмээн тодотгосон түрээсийн байранд хичээллэснээр хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж байна вэ. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийнхан түрээсийн байранд хичээллэж байгаа. Тус сургуулийн найм, арав, арваннэгдүгээр ангийн 300 гаруй сурагч орон сууцын зориулалтаар барьсан байранд хичээллэдэг. Бид өнгөрсөн хавар тус сургуулийн түрээсийн байрны үйл ажиллагаатай танилцахад хүүхдүүд хүнд нөхцөлд байсан юм. Тодруулбал, сурагчдын хичээллэдэг өрөө нь ганцхан цонхтой учир агаар сэлгэлт тун муу, зай талбай багатай, хана нь цөмөрч, хог шороондоо дарагдсан байв. Үүгээр зогсохгүй анги дотроо ариун цэврийн өрөөтэй тул хүүхдүүд санаа зовоод бие засаж чаддаггүй талаараа ярьсан юм. Тэгвэл энэ байдал одоо ч хэвээрээ гэдгийг тус сургуулийн сургалтын менежер хэллээ. 115 дугаар сургуульд энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 350 гаруй хүүхэд элсжээ. Түрээсийн байранд хичээллэж буй сурагчид дээр нэмээд 350 гаруй хүүхдийг “шингээх” шаардлагатай болж. Номын сан, урлаг заал зэрэг байж болох бүх л зай талбайгаа ашиглаж буйгаа сургалтын менежер нь учирлав.
Нийслэлд 115-ынхтай ижил “зовлонтой” сургууль цөөнгүй. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиуд ихэвчлэн 900 гаруй хүүхдийн багтаамжтай байдаг. Гэтэл үүнээс хэд дахин олон хүүхэд суралцдаг. Хотын төвийн сургуулиудын нэг ангид 50 орчим хүүхэд сурах нь байх л үзэгдэл болсон. Энэ нь багшийн ачааллыг нэмэхийн зэрэгцээ сурагчдыг амжилттай сурахад сөргөөр нөлөөлж буй юм. “Хичээлээ заасан болоод л гарч байна. Хүүхдүүдтэйгээ тулж ажиллах цаг гардаггүй. Тааруу байгаа сурагчдадаа давтлага өгөх гэхээр сул анги танхим олдохгүй байна” хэмээн нийслэлийн 85 сургуулийн нэгэн багш ярьсан юм. Анги танхимын хүрэлцээгүй байдлаас гадна багш нарын хомсдол тус сургуульд нүүрлэжээ. Тухайлбал, математикийн багш шаардлагатай ч олдохгүй байгаа аж. Нэг багш хэд хэдэн хичээл заах нь энүүхэнд. Мэргэжлийн багш байхгүйгээс хичээл тасалдах явдал сургуулиудад байсаар. Боловсролын салбарыг үл ойшоодог, хариуцсан сайд нар нь гал унтраах төдийгөөр аргалж ирсний балаг их. Багшгүй, сургуульгүй сурагчид хэрхэн амжилттай сурах вэ. Ялангуяа гэр хорооллын сургуулиуд ор нэрийн төдий хичээллэх нь бий. Чадварлаг, сайн багш нарыг нь хувийн сургуулиуд “түүчихдэг”. Бүр сүүлдээ муу нэртэй багш нар ч олдохоо байжээ.
Хичээл сургалтын үйл ажиллагаанаас гадна хүүхдийн хүмүүжил, ёс суртахууны төлөвшилд багшийн үүрэг, оролцоо асар их. Гэтэл өдөр тутмын ажилдаа түүртсэн багш нарт сурагчдаа хүмүүжүүлэх цаг гардаггүй гэнэ. Нэгдүгээр ээлж тарсны дараа хоёр, бүр гуравдугаар ээлжийнхэн хүлээж буй тохиолдолд боловсролын чанарын талаар ярихад илүүц биз. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ сурлагыг сайжруулахын тулд хувийн сургалтад хамруулах нь түгээмэл. Ер нь улсын сургуульд сурч буй хүүхдүүдийн олонх нь хичээлийн бус цагаар төлбөртэй сургалт, дамжаанд хамрагддаг юм билээ. Бүх хүнд хүртээмжтэй боловсрол олгох, тэгш бус байдлын ангалыг улам гүнзгийрэхээс урьтаж, боловсролын чанарын асуудалд төр засгаас анхаарах нэн шаардлагатай байна. Хаана амьдарч, аль сургуульд сурч буйгаас хамаарч хүүхдүүд ялгаатай боловсрол эзэмшиж боломгүй. Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Гэхдээ түрээсийн байранд биш. Харуй бүрийд гурван ээлжээр хичээллэх нь бүр ч байж болохгүй.
Нийслэлийн нэг сургуульд дунджаар 3000-4000 хүүхэд суралцаж буй. 6000 давсан сурагчтай сургуулиуд ч бий. Ачаалал нь хэтийдсэн байхад шинэ сургууль барихын оронд түрээсийн байр зэрэгт олон тэрбумыг салхинд хийсгэж байна. Жил бүр суралцагчийн тоо нэмэгдсээр атал барилгаа өргөтгөхгүй байгаа нь боловсрол эзэмшүүлсний шийтгэл биш байлтай. Өнгөрсөн онд ерөнхий боловсролын 871 сургуульд 771 мянган сурагч суралцжээ. Харин энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 807 мянган хүүхэд сурч буй бөгөөд нэгдүгээр ангид 77.2 мянган сурагч элссэн байна. Ирэх онд үүнээс ч олон хүүхэд нэгдүгээр ангид орох тооцоолол бий. Тэд ч мөн гурван ээлжээр хичээллэх, үгүй бол түрээсийн байранд толгой хоргодох гэсэн сонголттой нүүр тулах нь.
Зургаан настнууд үдээс хойш хичээллэснээр үдийн хоол нь оройтож, нойрмоглож, идэвхгүй байхын зэрэгцээ заримнь ангидаа унтчихдаг гэж тус сургуулийн захирал хэллээ. Цэцэрлэгээс сургуулийн орчинд шилжсэн балчир хүүхдүүдэд хичээлийн эхний жил маш чухал. Гэтэл сургах нэрээр ийн цээрлүүлж байна.